A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 11 сарын 13 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Малын тоо толгойн албан татварын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Малын тоо толгойн албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "мал" гэж Малын генетик нөөцийн тухай хуулийн 4.1.1-д заасныг;

3.1.2. ."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг;

3.1.3."мал бүхий этгээд" гэж энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад малыг өмчилж байгаа этгээдийг.

4 дүгээр зүйл.Албан татвар төлөгч

Хэвлэх

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна.

5 дугаар зүйл.Албан татвар ногдуулах, малын тоо толгойг тодорхойлох

Хэвлэх

5.1.Албан татвар төлөгчийн өмчилж буй Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулна.

5.2.Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн татварын алба тооцож, төлбөл зохих албан татварыг тодорхойлно.

/Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар "үндэслэн" гэсний дараа "татварын алба тооцож, төлбөл зохих албан татварыг" гэж нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.3.Тухайн татварын жилд албан татвар ногдуулах энэ хуулийн 5.2-т зааснаар тодорхойлсон малын тоо толгой нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан гамшгийн улмаас хорогдсон бол нотлох баримтыг үндэслэн түүнийг албан татвар ногдуулах нийт малын тооноос хасна.

5.4.Албан татвар ногдуулах, малын тоо толгойг тодорхойлох зорилгоор холбогдох төрийн байгууллага, эрх бүхий этгээд мал тооллого, бүртгэлийн мэдээлэл, Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.8-д заасан сангийн мэдээллийг татварын албанд гаргаж өгнө.

6 дугаар зүйл.Албан татварын хэмжээ

Хэвлэх

6.1.Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.

6.2.Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно.

6.3.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож болно.

6.4.Энэ хуулийн 6.3-д заасан малын тоо толгойн тоог сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтоож болно.

7 дугаар зүйл.Албан татвар төлөх, тайлагнах

Хэвлэх

7.1.Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө.

7.2.Албан татвар төлөгч нь албан татварыг урьдчилан төлж болно.

7.3.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн жилд төлбөл зохих албан татварыг татварын алба татвар төлөгчид цахимаар, эсхүл хуульд заасан бусад хэлбэрээр дараагийн татварын жилийн эхний улиралд багтаан мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.4.Энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах, төлөх, татвар төлөгчтэй харилцах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
 

/Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

8.1.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР