A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Улсболд, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Б.Улсболд, Э.Сэлэнгэ, А.Номин-Эрдэнэ нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"... Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.", 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ""хүүхдээ асарч байгаа" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;", 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй." гэж заажээ.

Тус хуулийн дээрх зохицуулалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсгийн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын "улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ..." гэсэн заалтыг тус тус зөрчсөн тухай мэдээллийг ийнхүү гаргаж байна.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтад заасан иргэний өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах үндсэн эрхийн баталгаа болж, хууль гарган хүүхэд асрахад эд, мөнгөний тусламж авах боломжийг олгох зорилгоор батлагдсан байна.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн үндсэн дээр жирэмсэн эхэд тэтгэмж олгох, эсвэл Цэргийн албаны тухай хуулийн дагуу эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татах эрх зүйн зохицуулалтууд нь хүний бие физиологийн онцлог болон Монголын ард түмний түүх, соёл, зан заншил, ахуй, амьдралын хэв маягт үндэслэгдсэн байдаг учир эрх зүйн онолын хувьд тухайн хүйсийн ялгамжтай зохицуулалтууд нь зөвтгөгддөг байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтад заасанчлан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй байх ёстой. Хүүхдээ асарч халамжлах үүргийн хувьд ч эх, эцэг хоёр тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх нь зүйн хэрэг бөгөөд энэ нь Монгол Улсын иргэний журамт үүрэг юм. Иймд 0-3 насны хүүхдээ тухайн хүүхдийн эх, эцэг хоёрын аль аль нь асарч болно. Өнөөгийн нийгэмд эцэг нь 0-3 насны хүүхдээ асарч болох бодит (эхийн сүүг орлох хүүхдийн хоол, тэжээл түгээмэл болсон) болон сэтгэхүйн нөхцөл байдал хэдийн бүрэлдэн тогтсон байх бөгөөд түүнийг хууль тогтоогчоос хүлээн зөвшөөрсний илрэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт эцэг нь 0-3 хүртэлх насны хүүхдээ асрах зорилгоор чөлөө авах боломжийг хуульчилсан явдал юм. Өмнө дурдсанчлан хэдий тус хуулийн дагуу эцэгт хүүхэд асарсны тэтгэмж олгох боломж байгаа ч тэр нь маш хязгаарлагдмал тохиолдлуудад боломжтой байгаа нь үндсэн эрхийг үндэслэлгүйгээр явцууруулсан байгаа юм. Тодруулбал, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг эцэг нь авах боломжтой тохиолдлуудад зөвхөн "тэтгэмж авах эх нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдол" хамаарч байгаа нь тус эрхийн агуулгыг явцууруулсан байна. Энэ нөхцөлд хүүхдээ тэжээн тэтгэхээс эх нь зайлсхийгээгүй бөгөөд эх, эцэг хоёул ажилладаг байхад эх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанчлан чөлөө авахад хүүхэд асарсны тэтгэмж олгохоор байхад эцэг нь чөлөө авч, эх нь үргэлжлүүлэн ажилласан нөхцөлд олгохгүй байгаа нь үндэслэлгүй зохицуулалт болсон байна. Эхийн хувьд эцгээс илүү өндөр цалинтай, эсвэл ажлын нөхцөл сайтай тохиолдолд эх нь үргэлжлүүлэн ажиллаж, эцэг нь хүүхдээ асрах нь өнөөгийн нийгэм дэх гэр бүлүүдийн гаргаж болох шийдвэр билээ. Гэтэл гагцхүү эх нь ажиллаж, эцэг нь хүүхдээ асарсан гэх үндэслэлээр Үндсэн хуульд заасан эд, мөнгөний тусламж авах эрхээ эдлэх боломжгүй болж байгаа нь Иргэний хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүйсээр ялгаварлагдахгүй байх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Түүнчлэн эх нь дангаараа ажилладаг, эцэг нь ажилладаггүй бөгөөд хүүхдээ асарч байгаа тохиолдолд тэтгэмж авах боломжгүй байгаа юм. Мөн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журамд эцэгт тэтгэмж олгох тухай нэг ч удаа дурдагдаагүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй зохицуулалтууд нь зөвхөн 0-3 насны хүүхдээ асарч буй ажилгүй, эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанчлан хүүхэд асрах чөлөө авсан эцгийн эрхийг зөрчөөд зогсохгүй, цаашлаад эмэгтэй хүн л хүүхдээ асрах ёстой гэсэн нийгэм дэх зүй бус ойлголтыг улам бэхжүүлэх сөрөг талтай. Ижил түвшний цалин хөлс бүхий хөдөлмөр эрхэлдэг эцэг, эх хоёрын хувьд асуудлыг авч үзвэл хүүхдээ эцэг нь асарвал тэтгэмж авах боломжгүй, харин эх нь чөлөө авбал тэтгэмж авах боломжтой байгаа явдал нь хүүхдийн эхийг хүүхэд асрах тал дээр илүү үүрэгжүүлж буй явдал мөн бөгөөд энэ нь хууль тогтоогчоос тэтгэмж олгох механизмыг ашиглан хүүхдээ асрах сонголтыг хүүхдийн эхээр хийлгэхэд хүргэх үр дагавартай зохицуулалт болжээ.

Монгол Улсад хүүхэд асрахтай холбоотой үүрэг болон эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хэрхэн харж байгааг бусад холбогдох эрх зүйн эх сурвалжаас тодруулбал, Монгол Улсын олон улсын гэрээ Монгол Улсын 2000 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орсон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (d) заалтад "гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээх ...", мөн (f) заалтад "хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, үрчлэх, эсхүл үндэсний хууль тогтоомжоор зохицуулсан төсөөтэй харилцаанд адил эрх эдэлж, үүрэг хүлээх ..." гэж, Монгол Улсын хууль, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.", 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:" гээд мөн зүйлийн 26.2.2 дахь заалтад "хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;" гэж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад "жендэрийн тэгш эрхийн зарчим: эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангах;", 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт "Монгол Улсын хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн актын хэм хэмжээ нь энэ хуулиар баталгаажуулсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах хэм хэмжээг дордуулахыг хориглоно." гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт "Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно." гэж тус тус зааснаас үзэхэд эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах харилцаанд адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ёстойг Монгол Улс бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.

Иймээс хүүхдээ асран хамгаалах харилцаанд оролцож буй буюу хүүхдээ асарч буй эцэг нь эхийн адил аливаа хязгаарлалтгүйгээр тэтгэмж авах эрхтэй байх ёстой. Хууль тогтоогчийн хувьд жендэрийн тэгш байдал тухайн харилцаанд хангагдах нөхцөлийг баталгаажуулах үүрэгтэй юм. Дүгнэвэл, холбогдох хуульд тусгагдсан 0-3 насны хүүхдээ асарч байгаа ажилгүй эсвэл чөлөө авсан эцгүүдийн хүүхэд асрах тэтгэмж авах нөхцөлийг хязгаарласан заалтууд нь зөвтгөгдөх үндэслэлгүй байх бөгөөд тухайн зохицуулалт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм соёлын болон гэр бүлийн амьдралд тэгш оролцох эрхэд халдсан, жендэрийн хувьд мэдрэмжгүй хэм хэмжээ болсон байна.

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа иргэд хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдэлж, ялгаварлан гадуурхалтаас ангид байх тухай Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан төдийгүй дараахь Монгол Улсын олон улсын гэрээнүүдэд ийнхүү тусгажээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор батлагдсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйлд "Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.". Монгол Улсын 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 26 дугаар зүйлд "Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой.".

Гэтэл дээрх Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй зохицуулалтууд хүйсийн байдалд нь тулгуурлан эцэг хүний үндсэн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласнаараа тэдний хууль, шүүхийн өмнө тэгш хамгаалагдах эрхийг зөрчсөн төдийгүй Монгол Улс олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж чадаагүй байх нөхцөл байдалд хүргэж байгаа юм. Түүнчлэн өмнө тайлбарласанчлан дээрх зохицуулалтуудын шууд бус боловч зайлшгүй үр дагаврын хүрээнд эхийг хүүхэд асрах талаар эцгээс илүү үүрэгтэй гэх хууль болон орчин цагийн нийгмийн сэтгэлгээнд нийцээгүй, хоцрогдмол үзлийг хөхүүлэн дэмжсэн байна.

Иймд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд дээрх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улс 1969 оны 5 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан Эхчүүдийг хамгаалах тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенцын 4.1, 4.2 дахь хэсэгт "Жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгаа эмэгтэй мөнгөн болон эмнэлгийн үйлчилгээний тэтгэмж авах эрхтэй. Мөнгөн тэтгэмжийн хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тогтоох бөгөөд энэ нь эх, хүүхдийн амьдралын зохистой түвшинд эрүүл, хүүхдийн хөгжлийн суурь үзүүлэлтийн байдлыг хангахуйц байна." гэж заасан байдаг.

Хүүхдийн эрхийн тухай конвенцын Удиртгал хэсэгт хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг дурдсан бөгөөд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна." гэж заасан. Олон улсын эдгээр баримт бичгүүдийг баримтлан Монгол Улсын Их Хурлаас баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг батлах болсон гол үндэслэл нь хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байх үед хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих, хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах нөхцөлийг хангах зорилгоор баталсан. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг батлагдахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулиар амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэгт хүсвэл хүүхэд асрах чөлөө олгож, ажлын байрыг нь хадгалахаар заасан боловч хүүхэд асарч байх хугацаанд нь ямар нэг цалин тэтгэмж олгогддоггүй байсан.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан "Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй." гэсэн зохицуулалтын зорилго, ач холбогдол нь олон хүүхэдтэй өрхийн эх, эцгийг дэмжих замаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад оршиж байгаа бөгөөд хүүхдийн өсөлт, хөгжилтөд 0-3 хүртэлх насанд шимт хоол, тэжээл, сайн асаргаатай байх нь хүүхдийн бие бялдрын болон тархины цаашдын хөгжилд хамгийн их нөлөөлдөг байдлыг харгалзан 0-3 насны хүүхдийг эхийн асрамж халамжид байлгахыг дэмжсэн, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, улмаар нийгмийн эрүүл энх, сайн сайхны төлөө үйлчлэхэд чиглэгдсэн алхам болсон зохицуулалт юм. Энэ үндэслэлээр авч үзвэл Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй зохицуулалтууд нь зөвхөн 0-3 насны хүүхдээ асарч буй ажилгүй эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хүүхэд асрах чөлөө авсан эцгийн эрхийг зөрчөөд зогсохгүй цаашлаад эмэгтэй хүн л хүүхдээ асрах ёстой гэсэн нийгэм дэх зүй бус ойлголтыг улам бэхжүүлэх сөрөг талтай гэсэн мэдээлэл гаргагчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа юм.

Манай улс 1992 оноос Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Инносентийн тунхаглал, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн олон улсын хуулийн заалтыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэвтрүүлсээр иржээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 34/180 тоот тогтоолоор 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Оролцогч улсаас эхчүүдийг хамгаалахад чиглэсэн тусгай арга хэмжээ, түүний дотор энэхүү Конвенцид заасан арга хэмжээг батлахыг алагчилал хэмээн үзэхгүй." хэмээн заасан байдаг.

Түүнчлэн "Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахгүй байх тухай" Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцыг Монгол Улс 1969 онд соёрхон баталсан. Энэхүү конвенцын хамрах хүрээ нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамрагдах, албан тушаал дэвших, ажлын байр хэвээр хадгалагдах хугацаа зэрэг ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцааны бүхий л хэлбэрт хамаарна. Уг конвенц, зөвлөмжийн дагуу Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас "тодорхой бүлэг хүний онцлог хэрэгцээг хангах зорилгоор авч байгаа түр зуурын эерэг арга хэмжээ"-г ялгаварлан гадуурхалтад тооцохгүй байх зарчмыг баримталдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэр бүхий иргэдийн мэдээлэлд дурдсанчлан "өнөөгийн нийгэмд эцэг нь 0-3 насны хүүхдээ асарч болох бодит (эхийн сүүг орлох хүүхдийн хоол, тэжээл түгээмэл болсон)" гэсэн үндэслэл нь хүүхдийг эхийн сүү орлох бүтээгдэхүүнээр хооллохоос татгалзах олон улс, дэлхий нийтийн чиг хандлагаас ухарсан ойлголт, алхам гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан "Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй." гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын "улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ..." гэсэн заалтуудыг шууд утгаараа зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Харин олон улсын туршлагаас авч үзвэл, нярай, бага насны хүүхдээ асарч байгаа эцгийг эхийн адил авч үзэх, нийгмийн халамжид хамааруулах асуудал илүү түгээмэл болж байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ганц бие эцэг, эхтэй гэр бүлийг дэмжих тухай хууль (Single-Parent Family Support Act) нь 1989 онд батлагджээ. Хуулиар ганц бие эцэг, эхтэй гэр бүлийн тогтвортой амьжиргааг дэмжих, эрүүл, соёлтой амьдралын нөхцөл бүрдүүлэх зохицуулалтуудыг хийсэн байна. Энэ хууль нь анх Ганц бие эх болон хүүхдийн халамжийн тухай хууль нэртэй, зөвхөн өрх толгойлсон ганц бие эхийг дэмжих зорилготой байсан бөгөөд яваандаа хүүхдийн асуудлыг хамруулж, ганц бие эх, түүний хүүхдийг дэмжихэд чиглэгдэж байв. 2005 оноос хуулийн хамрах хүрээ улам өргөжиж ганц бие эцгийн асуудлыг мөн адил авч үзэх болжээ. 2007 оноос хүүхэд өсгөн хүмүүжүүлж буй ганц бие эцэг, эхийн асуудлыг гэр бүлийн хэмжээнд тодорхойлж, өөрчлөн найруулснаар одоогийн Ганц бие эцэг, эхтэй гэр бүлийг дэмжих тухай хууль гарсан байна. Нидерланд Улс нь ганц бие эцэг, эхчүүдийн нийгмийн халамжийг хэрхэн яаж олгохыг хуулиар нарийн зохицуулсан байдаг бөгөөд ганц бие эцэг, эхчүүдийг адил хэмжээнд авч үздэг. Тухайлбал, Хүүхдийн тэтгэмжийн тухай Ерөнхий хууль (General Child Benefit Act-AKW)-аар эцэг, эхчүүдэд 18 хүртэлх насны хүүхдүүдээ асарч, өсгөхөд нь дэмжлэг болгон тэтгэмж олгоно. Үүнд, 18 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хамрагдана. Хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээ нь хүүхдийн наснаас хамаарна. Норвегийн Засгийн газар хамгийн нялх балчир хүүхдүүдэд гол онцгой анхаарал хандуулж байдаг.

Хоёр дахь үндсэн тэтгэмж болох хүүхэд асрах тэтгэмжийг (kontantstШtte) 13-23 сартай хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдэд олгодог. Дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын туршлагыг харгалзан улсын төсөв, эдийн засгийн байдалд нийцүүлэн уг асуудлыг Улсын Их Хурлаас цаашид бодлогын түвшинд авч үзэх боломжтой гэж үзэж байна." гэсэн болно.

Гурав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээнүүдэд аливаа төрлийн хүйсийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх эрхийг баталгаажуулжээ. Тухайлбал, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 2 дугаар зүйлд "Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. ..." гэж заасан болно. Түүнчлэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 26 дугаар зүйлд " Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой." гэж зохицуулсан билээ.

Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Оролцогч улсууд гэрлэлт, гэр бүлийн харилцааны бүх асуудлаар эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах зохистой бүх арга хэмжээ авах бөгөөд, тухайлбал, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр доорхи эрхээр хангана:" гэж заасан ба тус зүйлийн (d) хэсэгт "гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээх ..." гэж, мөн зүйлийн (f) хэсэгт "хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, үрчлэх, эсхүл үндэсний хууль тогтоомжоор зохицуулсан төсөөтэй харилцаанд адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина;" гэж, мөн конвенцын 5 дугаар зүйлийн (а) хэсэгт "Оролцогч улс аль нэг хүйсийг доорд, эсхүл дээрд үзэх, эсхүл эрэгтэй, эмэгтэйчүүдийн үүргийн талаарх хэвшсэн үзэлд тулгуурласан хохиролтой үйл ажиллагаа, заншил болон бусад бүх дадлыг устгах зорилгоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн зан төлөвийн нийгэм, соёлын хэв шинжийг өөрчлөх бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ." гэж оролцогч улсад үүрэг болгосон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд Үндсэн хуульд харшлахгүй олон улсын гэрээг Монгол Улс үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөнө, түүнчлэн дотоодын хууль тогтоомжийн зүйл, заалт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээтэй зөрчилдвөл олон улсын гэрээний заалтыг баримтална гэсний дагуу эрэгтэй, эмэгтэй хүний тэгш байдлыг хангахтай холбоотой олон улсын гэрээний заалтыг Монгол Улсын Үндсэн хуульд харшлахааргүй бол дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил баримтлах ёстой юм.

Дээрхээс үзэхэд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн эхэд тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа заалтууд нь нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийн суурь зарчимд харшлахаар байна гэж үзэж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Үндсэн хуульд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс жендэрийн буюу хүйсийн хувьд адил эрхтэй оролцохыг баталгаажуулан, үнэт зүйл, үнэлэмж нь тэгш байх үзэл баримтлалыг тодорхойлсон байна.

2.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталжээ. Уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.", мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй." гэж тус тус заасан байна. Харин уг хуулийн нэр томьёог тодорхойлсон 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад "хүүхдээ асарч байгаа" гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг ойлгохоор тусгасан байна.

Дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн эмэгтэй хүнд хүүхэд асарсны тэтгэмжийг олгохоор хуульчилжээ. Энэ нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эрэгтэй хүн буюу эцэг дээрх тэтгэмжийг авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж үзэхээр байна.

3.Эцэг, эхийн хувьд хүүхдээ асрах нь гэр бүлийн болон нийгмийн харилцаанд хүлээх үүрэг, хариуцлагын хүрээнд тодорхойлогдох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан, үл өөрчлөгдөх хүйсийн ялгаанаас тэр бүр хамаардаггүй харилцаа бөгөөд эцэг, эхийн хувьд хүүхдээ асрах энэхүү харилцаанаас үүсч байгаа тэтгэмж авах асуудал нь хүйсийн хувьд ялгаатай хандаж, хүнийг эрэгтэй, эмэгтэй байхаас хамааран тодорхойлох хууль зүйн нөхцөл биш байна.

Иймд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд тэтгэмж олгохоор заасан дээрх зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн амьдрал, гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцох талаарх 11 дэх заалт болон мөн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлээр баталгаажсан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө тэгш байх, хүнийг хүйсээр үл ялгаварлан гадуурхах зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн дээрх зохицуулалтууд нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийж, хүүхдээ асрах боломжийг хязгаарлах зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.

4.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор баталсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйлд "Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй." гэж, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 26 дугаар зүйлд "Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой." гэж, Монгол Улсын нэгдэн орсон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 3 дугаар зүйлд "Энэхүү Пактад оролцогч улсууд түүнд заасан эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх нөхцөлийг хангах үүрэгтэй." гэж, мөн Монгол Улсын нэгдэн орсон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцын 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (d) заалтад "гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээх ...", мөн хэсгийн (f) заалтад "хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, үрчлэх, эсхүл үндэсний хууль тогтоомжоор зохицуулсан төсөөтэй харилцаанд адил эрх эдэлж, үүрэг хүлээх ..." гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:

1.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь ... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх ...-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.", 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ""хүүхдээ асарч байгаа" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;", 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... хүйс ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын "улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ..." гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, ...", 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ""хүүхдээ асарч байгаа" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;", 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ш.ЦОГТОО

ГИШҮҮД Д.СОЛОНГО

Б.БУЯНДЭЛГЭР

Ц.НАНЗАДДОРЖ

Г.БАЯСГАЛАН