- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (нэрэмжит сургалтын тэтгэлэг)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 275
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 43.2.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Дээрх журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусган, хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхланд тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нэрэмжит тэтгэлгийн журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 111 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 346
Улаанбаатар хот
ТӨРӨӨС ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ТЭТГЭЛГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Боловсролын тухай хуулийн 43.2.9, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ыг 2 дугаар хавсралт, "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 347 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-д дор дурдсан агуулга бүхий 4.5, 5.1.3, 5.1.4, 8.4 дэх дэд заалтыг тус тус нэмсүгэй:
"4.5.Энэ журмын "Дөрөв" дэх хэсэг нь дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээлд хамаарна.
5.1.3.Оюутны хөгжлийн зээлийг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагчийн сургалтын төлбөрийн 50 хүртэлх хувийг зээлээр олгоно;
5.1.4.Оюутны хөгжлийн зээлийг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуульд суралцагчдад энэ журмын 5.1.1-д заасан тэргүүлэх болон эрэлттэй мэргэжил харгалзахгүй олгоно.
8.4.Зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас суралцах боломжгүй болсныг нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэр, холбогдох баримтыг үндэслэн зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлнө."
3. Мөн журмын 5.1.2 дахь дэд заалтын "оюутны" гэсний дараа "өмнөх улирлын" гэж, 6.1 дэх заалтын "асуудал эрхэлсэн" гэсний өмнө "боловсролын болон санхүүгийн" гэж, 6.2 дахь заалтын "төлбөрийн" гэсний дараа "тэтгэлэг" гэж тус тус нэмсүгэй.
4. Мөн журмын 3.7 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.7.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.6-д зааснаас гадна Боловсролын зээлийн санд зээлийн үлдэгдэлгүй суралцагчид зээл олгоно."
5. Мөн журмын 2.6, 2.7, 6.1 дэх заалтын "захирал" гэснийг "дарга" гэж, 5.1.2 дахь дэд заалтын "хөгжлийн тэргүүлэгч" гэснийг "тэргүүлэх болон эрэлттэй" гэж, "5.1.3, 5.1.4, 5.1.5" дахь дэд заалтын дугаарыг "5.1.6, 5.1.7, 5.1.8" гэж тус тус өөрчилсүгэй.
6. Мөн журмын 3.3.3 дахь дэд заалтын "эрх бүхий гуравдагч этгээдээс батлан даалт гаргахад шаардагдах зардал" гэснийг, 5.1.2 дахь дэд заалтын "анх удаа" гэснийг, 6.1 дэх заалтын "мөн" гэснийг тус тус хассугай.
7. Мөн журмын 5.2, 5.3 дахь заалтыг тус тус хассугай.
8. Энэ тогтоолын 1-д заасан журмуудын хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар ханган шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган, хяналт тавьж ажиллах, энэ тогтоол батлагдахаас өмнөх боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр болон тэтгэлгээр суралцах гэрээ байгуулсан иргэдийн сургалтын төлбөрийн санхүүжилтийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу олгохыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөнгөлөлт үзүүлэх тухай" Засгийн газрын 2004 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 167 дугаар тогтоол, "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 275 дугаар тогтоол, "Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 264 дүгээр тогтоолын 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A