A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

Дугаар 62

2021оны 10сарын 26-ны өдөр хот

"ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛАХАД ЧИГЛЭСЭН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДҮРЭМ" БАТЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.а, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.8.7 дах хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм"-ийг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааны

НАРИЙН БИЧГИЙН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн

62 тоот тогтоолын хавсралт

ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛАХ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДҮРЭМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү дүрмийн зорилго нь радио, телевизийн хөтөлбөрт хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн агуулгын хэм хэмжээг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг баримтлан холбогдох хуулиар хязгаарласан агуулгын хүрээнд тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавихад оршино.

1.2.Энэхүү дүрэм нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Радио болон Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага холбогдох бусад захиргааны хэм хэмжээний актуудад нийцсэн байна.

1.3.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн хөтөлбөрийг төлөвлөхдөө хүүхдийн сэтгэхүй, оюун санаа, хөгжил төлөвшилд сөргөөр нөлөөлж болохуйц зохисгүй агуулгаас хүүхдийг хамгаалахад энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

1.4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1.3-т заасан үүргийг баримтална.

ХОЁР. Зохисгүй агуулгын хэм хэмжээг тодорхойлох

2.1.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хүүхдийг эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд тэгш оролцох хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахуун, үнэт зүйлд тулгуурлан хүүхдийн нас, бие, сэтгэхүйн хөгжлийн онцлогт тохирсон, мэдээллээр хангах зарчмыг баримтлах үүрэгтэй.

2.2.Радио, телевизээр нэвтрүүлэхгүй байх зохисгүй агуулгад дараах агуулга бүхий дуу авиа, дүрс, үйл явдал бүхий нэвтрүүлэг, бүтээл, зар сурталчилгаа хамаарна. Үүнд:

2.2.1.хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга;

2.2.2.хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан агуулга;

2.2.3.гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан агуулга;

2.2.4.хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зориулалттай газ, цавуу, будаг шингэлэгч, бензин, ариутгалын бодисыг зориулалтын бусаар бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан агуулга;

2.2.5.хүүхдийн сэтгэхүй болон бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчлахгүй байх.

2.3.Энэхүү дүрмийн 2.2.1-т заасан хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх гэдэгтдараах агуулга бүхий нэвтрүүлэг, бүтээл, зар сурталчилгаа хамаарна:

2.3.1.Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх хараалын болон бүдүүлэг үг хэрэглэх;

2.3.2.Хүүхдийн эмзэг байдлыг ашиглан хүнд хөдөлмөр эрхлүүлэх, худалдаалах, тусгаарлан хорих, цус, эд эрхтнийг авахыг харуулах, бусад эрсдэлт үйл ажиллагаанд уруу татах зэргээр хүүхдийг айдас, цочролд автуулах;

2.3.3.Хүүхдийн зан үйлд сөргөөр нөлөөлөх, бусдыг айлган сүрдүүлэх, зодох, дооглох, тохуурхах, гадуурхах, бүлэглэн гадуурхах, нэр хоч өгөх зэргээр ичээх, гутаах, доромжлох;

2.3.4.Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх зан үйл болох бусдыг хүйс, яс үндэс, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, нийгмийн гарал зэргээр ялгаварлан гадуурхах;

2.3.5.Хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлж цочролд оруулж болзошгүй золгүй явдал, осол, гамшиг, гэмт хэргийн улмаас хохирогчийн цогцос, их хэмжээний цус, тасарсан эд эрхтэн, шашны харгис зан үйл, шашны зүй бус номлолыг нэвтрүүлэх.

2.4.Хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулгыг тодорхойлохдоо тухайн үзэгдлийн давтамж, хугацаа, үндсэн агуулга, уран сайхны болон зөгнөлт хэлбэрээр дүрсэлсэн эсэхийг харгалзан үзнэ.

2.5.Энэхүү дүрмийн 2.2.2-т заасан хүчирхийлэл, садар самууныг сурталчлах гэдэгт дараах агуулга бүхий нэвтрүүлэг, бүтээл, зар сурталчилгаа хамаарна:

2.5.1.Зодох, цохих, өшиглөх, хазах, түлэх, сэгсрэх, чимхэх зэрэг ямар нэгэн байдлаар хүний бие махбодод халдах, бие махбодын гэмтэл учруулах үйлдлийг харуулах;

2.5.2.Хүчин, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох үйлдлийг харуулах;

2.5.3.Хүнийг байнга голох, доромжлох, нэр хүндийг нь гутаах, хүний эрхийг үгүйсгэх гэх мэтээр өөртөө итгэх итгэл, нийгмийн чадамжаа хүүхэд аажмаар гээхэд хүргэж байгаа сөрөг зан үйл бүхий сэтгэл санааны хүчирхийллийг агуулах;

2.5.4.Бэлгийн амьдралыг ил тод харуулах, бэлгийн харилцаанд орох, уруу татах, биеийг нь үнэлүүлэх үйлдлийг харуулах, эротик бүтээл үзүүлэх зэргээр садар самууныг сурталчлах;

2.5.5.Бэлгийн харьцаа хандлагаар өдсөн тоглоом тоглох, шалиг үг яриа ярих зэргээр биеэ авч явах, бусдад тийм боломж олгохыг харуулах.

2.6.Бэлгийн хүчирхийллээс бусад хүний амь нас, эрүүл мэндийг хохироох үйл явцыг бодит байдлаар харуулалгүйгээр, сөрөг хандлага, харгислал, хүчирхийллийг буруутгасан бол зохисгүй агуулга гэж үзэхгүй.

2.7.Энэхүү дүрмийн 2.2.3-т заасан гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан бүтээл гэдэгт дараах агуулга бүхий нэвтрүүлэг, бүтээл, зар сурталчилгаа хамаарна:

2.7.1.Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулах, түүнд элсэх тухай мэдээлэл өгөх, зэвсэгт үймээн дэгдээх болон хорлон сүйтгэх ажиллагааг төлөвлөх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нарийвчлан зааварчлах;

2.7.2.Хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулах амиа хорлохыг харуулах, хэрхэн амиа хорлох тухай зааварчлах;

2.7.3.Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх, бэлтгэхийг харуулах;

2.7.4.Мөрийтэй тоглоом тоглохыг уриалах;

2.7.5.Дайн байлдаан, тулааныг хэрцгийгээр харуулсан цахим болон гар утасны тоглоомын тухай нэвтрүүлэг.

2.8.Энэхүү дүрмийн 2.2.4-т заасан хар тамхи, сэтгэхүйд нөлөөлөх эм бэлдмэл бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан бүтээл гэдэгт дараах агуулга бүхий нэвтрүүлэг, бүтээл, зар сурталчилгаа хамаарна:

2.8.1.Согтуурсан, мансуурсан байдлыг харуулах;

2.8.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах үйлчилгээ бүхий ургамал, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулах;

2.8.3.Ахуйн хэрэглээний зориулалттай газ, цавуу, будаг шингэлэгч, бензин, ариутгалын бодисыг зориулалтын бусаар хэрэглэхийг харуулах;

2.8.4.Архи, тамхины хэрэглээг сурталчлах.

2.9.Нийгмийн эсрэг үйл ажиллагааг өдөөхгүйгээр хар тамхи мансууруулах бодисыг дурдах, сэтгэцэд нөлөөт болон мансууруулагч бодисуудын сөрөг нөлөөг тайлбарлах, буруушаасан хандлагыг илэрхийлсэн бол зохисгүй агуулга гэж үзэхгүй.

2.10.Энэхүү дүрмийн 2.2.5-т заасан хүүхдийн сэтгэхүй болон бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа гэдэгт дараах бүтээгдэхүүн хамаарна:

2.10.1.Бүх төрлийн хийжүүлсэн ундаа;

2.10.2.Энергийн болон спортын ундаа;

2.10.3.Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон.

2.11.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн редакцын бодлого, дүрмийг энэхүү дүрмийн 2.2-т заасан зохисгүй агуулгын хэм хэмжээнд үндэслэн шинэчлэн, батлах бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан 18+ насны ангилал бүхий нэвтрүүлэг, бүтээл, зар сурталчилгааг нэвтрүүлэхдээ редакцын бодлого, дүрэмдээ зохисгүй агуулгын хэм хэмжээг хуулийн хүрээнд тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

ГУРАВ. Орон тооны бус зөвлөл байгуулах

3.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг (цаашид "Зөвлөл" гэх) байгуулна.

3.2.Зөвлөл байгуулах, зөвлөлийн хуралдах дэг, орон тооны бус гишүүдийг томилох, гишүүний эрхээс өөрчлөх, чөлөөлөх харилцааг Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын тушаалаар тогтооно.

ДӨРӨВ. Гомдол, маргаан шийдвэрлэх

4.1.Иргэн, аж ахуй нэгжийн бичгээр ирүүлсэн гомдлыг Зохицуулах хорооны ажлын алба тус дүрмийн хүрээнд хянан шалгаж гомдол гаргагчид хариуг хүргүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэхүү дүрмийн 3.1-т заасан Зөвлөл эсвэл холбогдох чиг үүрэг бүхий хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

4.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь Зөвлөлийн гаргасан дүгнэлт, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол Зөвлөлд гомдол гаргах эрхтэй.

4.3.Зөвлөлийн шийдвэртэй холбоотойгоор үүссэн гомдлыг зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэж, хариуг хүргүүлнэ.

4.4.Гомдол гаргагч нь зөвлөлөөс гаргасан эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

ТАВ. Бусад зүйл

5.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэхүү дүрэмд заасан хууль тогтоомж, бодлогын чиглэл болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний журам, нөхцөл шаардлага, бусад баримт бичигтэй нийцүүлэн нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр хийнэ.

5.2.Зөвлөлөөс гарсан шийдвэрийг олон нийтэд мэдээлж ажиллана.

--- oOo ---