- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 219
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсад хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийн болон хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй зохицуулалтын бодлого, арга хэмжээг тодорхойлсон "Ажилгүйдлийг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Ажилгүйдлийг бууруулах үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг бүтцийн болон хөрөнгө оруулалтын бодлого, бүс нутаг, дэд бүтцийн хөгжлийн чиг хандлагатай нягт уялдуулан эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн жил, жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байхыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам /Э.ГОМБОЖАВ/, Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д даалгасугай.
З.Ажилгүйдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн дүүргийн хөдөлмөрийн биржийг 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн "Аймаг, нийслэлийн дүүргийн хөдөлмөр зохицуулалтын алба" болгон өөрчлөн зохион байгуулж, тухайн шатны орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байхыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
4.Хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааны зохицуулалтыг улсын хэмжээнд хариуцан ажиллахыг Хүн амын бодлого,хөдөлмөрийн яам /Э.ГОМБОЖАВ/-д, хөтөлбөрийг салбар, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхийг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.
5.Үр ашгийг дээшлүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээг өргөжүүлж ажилгүйдлийг бууруулах, техник, технологийн шинэчлэлт, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн явцад ажлаас чөлөөлөгдөх хүмүүсийг үйлдвэрлэл дээр нь сургах замаар дахин мэргэшүүлж ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийн холбогдолтой мэдээ, тайланг хугацаанд нь холбогдох байгууллагад гарган өгч байхыг бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчдад даалгасугай.
Текст томруулах
A
A
A
