- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд дээд боловсрол олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Дээд боловсролын зорилго
2.1.Дээд боловсролын зорилго нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд дээд боловсрол олгоход оршино.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН АГУУЛГА
3 дугаар зүйл.Дээд боловсролын агуулга
3.1.Дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
3.2.Дээд боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсэг тус бүрийн агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
3.2.1.ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх;
3.2.2.мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол- арга зүйн мэдлэг эзэмшүүлэх;
3.2.З.мэргэших хэсгийн агуулга нь суралцагчид нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох.
/Энэ заалтад 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.З.Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна.
3.4.Багц цагийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон мэргэжлийн байгууллага тогтооно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА
4 дүгээр зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллага
4.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байна.
4.2.Их сургууль нь бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхээс гадна судалгааны ажил зонхилсон лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдэл хэлбэртэй дээд боловсролын сургалтын байгууллага байх бөгөөд их сургууль нь магистр, докторын сургалт дагнан эрхэлж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.3.Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага мөн. Дээд сургууль нь магистрын сургалт эрхэлж болно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.4.Коллеж нь дипломын болон бакалаврын сургалт эрхэлдэг сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн байгууллага байна.
4.5.Дээд боловсролын зэрэг олгодог онолын мэдлэг, ур чадвар, дадал бүхий үйлдвэрийн инженер, технологичийг бэлтгэх технологийн коллеж байх бөгөөд технологийн коллежийн хөтөлбөрийн агуулга, багц цагийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.6.Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно
/Энэ зүйлийн дугаарыг болон энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5 дугаар зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц
5.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын үндсэн нэгж нь тэнхим, лаборатори байна. Их сургууль нь профессорын багт тулгуурласан зохион байгуулалтын нэгжтэй байж болно.
5.2.Их сургууль харьяалалдаа дээд сургууль, коллеж, технологийн коллеж, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компани, ахлах сургуультай байж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.3.Дээд сургууль харьяалалдаа коллеж, технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, эрдэм шинжилгээний хүрээлэн, ахлах сургуультай байж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.4.Коллеж нь харьяалалдаа политехник коллежтой байж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.5.Их сургууль, дээд сургууль, коллежийн харьяаллын сургууль нь бие даасан хуулийн этгээд байна. Дээр дурдсан сургууль бие дааж магадлан итгэмжлэлд орно.
5.6.Дээд боловсролын сургалтын байгууллага нь хамтарсан болон дагнасан сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний түшиц байгууллага, гарааны компани, лаборатори, эмнэлэг, дадлагын бааз, туслах аж ахуйтай байж болно.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
5.7.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагын хамтарсан шийдвэрээр тодорхой аж ахуйн нэгж, байгууллагыг сургалт-эрдэм шинжилгээ, дадлагын бааз болгож болно.
5.8.Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг их сургууль, дээд сургууль, коллежийн дүрмээр тогтооно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5.9.Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль байгуулах журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллагыг байгуулах, өөрчлөх, зарим үйл ажиллагааг зогсоох, татан буулгах
6.1.Дээд боловсролын сургалтын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.2
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6.3.Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.4.Ашгийн төлөө бус их сургууль, дээд сургууль, коллежийг татан буулгах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр суралцагчийн эрх ашгийг хохироохгүйгээр удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.5.Дээд боловсролын сургалтын байгууллага татан буугдсан нөхцөлд оюутны мэдлэг, чадварыг шалган тогтоож, ижил мэргэжлийн сургуульд шилжүүлэн суралцуулах, холбогдох зардлын асуудлыг татан буугдсан сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, дээд боловсролын сургалтын бусад байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
6.6.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, зөвшөөрөл аваагүй нөхцөлд оюутан элсүүлэх, сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.7.Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын салбар байгуулах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр үүсгэн байгуулагч нь шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.8.Татан буугдcан дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулах хугацаандаа гаргасан тушаал шийдвэр, суралцагчдын нэрс, төгсөгчдийн дипломын хуулбар, сургалтын төлөвлөгөө зэрэг сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбогдох баримт бичгийг татан буугдах шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Үндэсний төв архивт хүлээлгэн өгнө.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.9.Татан буугдсан дээд боловсролын сургалтын байгууллага төгсөлт хийгээгүй суралцагчийг өөр сургуульд шилжүүлэхдээ түүнийг сургуульд анх элсүүлсэн тушаал шийдвэр, судалсан хичээл, шалгалттай холбоотой материалыг шилжүүлсэн шийдвэрийн хамт шилжин очих сургуулийн захиргаанд хүлээлгэн өгнө.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
7 дугаар зүйл.Их сургууль, дээд сургууль, коллежийн элсэлт
7.1.Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлэх бөгөөд элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.2.Элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.З.Оюутан, магистрант, докторант элсүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7.4.Техникийн боловсролын хөтөлбөрийн агуулга, багц цагийг дүйцүүлэн тооцох замаар техникийн боловсролыг албан сургалтаар эзэмшсэн, элсэлтийн ерөнхий шалгалтад орсон төгсөгчийг дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулж болох бөгөөд багц цагийг дүйцүүлэн бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/
8 дугаар зүйл.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтын зохион байгуулалт
8.1.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтыг үндсэн болон цагаар гэсэн хэлбэрээр зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн үндсэн сургалтын хичээлийн жилийн эхлэх хугацааг дээд боловсролын сургалтын тухайн байгууллага тогтоох бөгөөд хичээлийн жил нь улиралд хуваагдана.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.3.Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан хичээлийн жилийн эхлэх хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.4.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтыг хөтөлбөрт үндэслэн зохион байгуулах бөгөөд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сургуулийн Эрдмийн зөвлөл хэлэлцэж, сургуулийн захирал батлах бөгөөд сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.5.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтын зохион байгуулалт, дадлагын хөтөлбөр, дүрмийг сургуулийн эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөлийн саналыг үндэслэн захирал батална.
8.6.Магистр, докторын сургалтын судалгаа, туршилтын ажлын зарим хэсгийг эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрийн газрын лаборатори, баазыг түшиглэн тухайн байгууллагын эрдэмтдийн удирдлагын дор явуулж болно.
8.7.Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна.
8.8.Магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
8.9.Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах болон шалгалтын хугацааг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна.
8.10.Дээд боловсролын сургалт эрхлэх нийтлэг журам, энэ хуулийн 8.4-т заасан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.11.Дээд боловсролын сургалтын байгууллага боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын магадлан итгэмжлэлийг заавал хийлгэнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.12.Дээд боловсролын сургалтын байгууллага хөтөлбөрөө сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлнэ,
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
9 дүгээр зүйл.Их сургууль, дээд сургууль, коллежид суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх
9.1.Их сургууль, дээд сургууль, коллежид суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үнэлж, дүгнэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА
10 дугаар зүйл.Дээд боловсролын удирдлага
10.1.Дээд боловсролын удирдлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
10.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дээд боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.2.1.дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааг төрийн бодлогын хүрээнд уялдуулан зохицуулж дэмжих, тэднийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах;
10.2.2.төрийн захиргааны бусад төв байгууллагатай тухайн салбарт мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хамтран ажиллах.
11 дүгээр зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлага
11.1.Ашгийн төлөө бус төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг тухайн сургуулийн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.
11.3.Захирал нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, томилсон этгээдийн өмнө ажлаа тайлагнана.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
11.4.Сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах зорилгоор их сургууль, дээд сургуульд эрдмийн зөвлөл, коллежид сургалт-арга зүйн зөвлөл ажиллана.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.5.Захирал эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг батална.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
11.6. Захирлын дэргэд захиргааны зөвлөл ажиллаж болно.
11.7.Ашгийн төлөө дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг Компанийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
111дүгээр зүйл.
/Энэ зүйлийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
112 дугаар зүйл.
/Энэ зүйлийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
12 дугаар зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх, үүрэг
12.1.Дээд боловсролын сургалтын байгууллага дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх төрийн бодлого, дээд боловсролын хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөгөөнд нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.2.сургалтын агуулга, арга, хэлбэр, судалгаа, туршилтын ажлын зорилт, чиглэл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож хэрэгжүүлэх;
12.1.3.эрдэм шинжилгээ, судалгааны төсөлд оролцох;
12.1.4.боловсролын байгууллагын багш, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод журам боловсруулж, мөрдүүлэх;
12.1.5.тогтоосон журмын дагуу сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, харьяа нэгж, байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах, тэдгээрийн тайлан сонсож үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
12.1.6.суралцагч элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх;
12.1.7.багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний болон төгсөгчийн мэргэшлийг дээшлүүлэх;
12.1.8./Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
12.1.9.шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө боловсролын магадлан итгэмжлэх байгууллагад хандаж, урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэх;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.1.10.үйл ажиллагаандаа нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, технологийн судалгаа хийх, шинжлэх ухааны парктай хамтарч ажиллах;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.1.11.гадаадын болон дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллага, шинжлэх ухааны парк, бусад этгээдтэй өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах.
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.1.12.шаардлагатай гэж үзвэл шинээр элсэгчид зориулан бэлтгэл сургалт зохион байгуулах;
12.1.13.иргэдийн боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх болон нийгмийн халамж, хүмүүнлэгийн чиглэлийн үйлчилгээ үзүүлэх.
12.1.14.дээд боловсролтой хүмүүсийг дахин мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, ерөнхий боловсролын болон богино хугацааны сургалт эрхлэх;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.1.15.дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн жилд төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.16.хуульд заасан бусад эрх, үүрэг.
/Энэ заалтын дугаарыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
12.2.Оюуны болон технологийн нөөцийг ашиглах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор их сургууль, дээд сургууль нь өөрийн үндсэн бүтцэд харьяалагдах сургалт-судалгааны бизнес-инкубатор, технологи дамжуулах төвийг дангаар болон үйлдвэрлэлийн кластерийн тогтолцоогоор байгуулан ажиллуулж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.3.Дээд боловсролын сургалтын байгууллага Боловсролын тухай хуулийн 39.11-д зааснаас гадна сургалт-судалгааны зориулалт бүхий дараахь нэр төрлийн дэд санг сургууль хөгжүүлэх сангийн дотор байгуулж болно:
12.3.1.ажил олгогчдын захиалга, санхүүжилтээр оюутан сургах, сургалт судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих сан;
12.3.2.тэтгэлгийн сан;
12.3.3.эрсдэлийн сан;
12.3.4.хөрөнгө оруулалтын сан;
12.3.5.тусгай зориулалттай бусад сан.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.4.Энэ хуулийн 12.3-т заасан санг бүрдүүлэх эх үүсвэр, сангийн зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг хянахтай холбогдсон журмыг удирдах зөвлөл батлах бөгөөд сангийн орлого, зарлагын тайлан нь тухайн сургалтын байгууллагын төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
ДОЛДУГААР БҮЛЭГ
БАГШ, СУРАЛЦАГЧ
13 дугаар зүйл.Багш
13.1.Их сургууль, дээд сургууль, коллежид мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заах бөгөөд магистр, докторын хөтөлбөрийн хичээлийг докторын зэрэгтэй багш заана. Инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг коллежид мэргэшсэн инженер зааж болно
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш заах арга зүй эзэмшсэн байна.
13.З.Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна.
13.4.Дээд боловсролын сургалтын байгууллагад багшилсан хугацаа, сургалтын ажлын дадлага, туршлага, эрдэм шинжилгээний бүтээл, туурвилыг харгалзан докторын зэрэгтэй хүнд дэд профессор, профессор цолыг их сургууль, дээд сургууль олгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
13.5.Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал, дэд профессор, профессор цолын тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
13.6.Багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачааллыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох бөгөөд багшийн ажлын ачааллыг тогтоохдоо түүний мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, суралцагчтай үр бүтээлтэй ажиллах, захиргааны ажилд оролцох нөхцөл, бололцоог харгалзан үзнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
14 дүгээр зүйл.Багшийн эрх, үүрэг
14.1.Багш Боловсролын тухай хуулийн 44.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:
14.1.1.төрийн захиргааны болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах;
14.1.2.бүтээлийн чөлөө авах;
14.1.3.хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, боловсролын зэрэг, цолын нэмэгдэл авах, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх.
14.1.4.дангаараа болон их сургууль, дээд сургууль, эрдэмтдийн баг, хуулийн этгээдтэй хамтран ажиллах болон гарааны компани байгуулах.
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
14.2.Багш Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:
14.2.1.эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах;
14.2.2.мэргэжлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажилд туслах.
15 дугаар зүйл.Суралцагч
15.1.Их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг оюутан, магистрын шатлалд суралцагчийг магистрант, докторын шатлалд суралцагчийг докторант гэнэ.
16 дугаар зүйл.Суралцагчийн эрх, үүрэг
16.1.Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:
16.1.1.их сургууль, дээд сургууль, коллеж, түүний харьяаллын нэгжийн хичээлийн байр, номын сан, сургалт-эрдэм шинжилгээний лаборатори болон сургалтын бусад хэрэгслийг зохих журмын дагуу ашиглах;
16.1.2.зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх;
16.1.З.эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох;
16.1.4.бүтээлээ хэвлүүлэхээр дэвшүүлэх;
16.1.5.сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу төлөөлөн оролцох;
16.1.6.магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах;
16.1.7.докторант нь хичээл заах.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.1.8.их сургууль, дээд сургуулийн дэргэд байгуулагдсан гарааны компанид хичээлийн бус цагаар ажиллах, өөрөө гарааны компани байгуулах.
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.2.Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлнэ
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
НАЙМДУГААР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН БАТАЛГАА
/8 дугаар бүлгийг 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17 дугаар зүйл.Дээд боловсролын төлөвлөлт, мэдээлэл
17.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээд боловсролыг хөгжүүлэх, их сургууль, дээд сургууль, коллеж нь сургуулиа хөгжүүлэх ойрын болон хэтийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна.
17.2.Их сургууль, дээд сургууль, коллеж нь статистикийн болон бусад шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж холбогдох байгууллагад өгнө.
17.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллежийг холбогдох мэдээллээр хангана.
18 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт
18.1.Төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, коллежийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
18.1.1.улсын төсвийн хөрөнгө;
18.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт;
18.1.З.сургалтын төлбөр;
18.1.4.аж ахуйн үйл ажиллагааны орлого;
18.1.5.холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу тогтоосон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
18.1.6.зээл, тусламж;
18.1.7.бусад эх үүсвэр.
18.2.Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчныг сайжруулах, багшлах боловсон хүчнээр хангахад Засгийн газраас тогтоосон журмын дагуу төрөөс зохих дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
18.З.Боловсролын байгууллагад хандивласан хөрөнгийг байгууллагын санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
18.4.Зайлшгүй шаардлагатай зарим мэргэжлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэх сургалтын зардлыг жил бүрийн улсын төсвөөс санхүүжүүлж болох бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн хэрэгцээг үндэслэн төрөөс суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хуваарилан зохицуулна.
18.5.Өмчийн аль ч хэлбэрийн дээд боловсролын сургалтын байгууллага нь хоёр жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын хяналт хийлгэж, дүнг нийтэд ил тод байлгана.
19 дүгээр зүйл.Суралцагчийн нийгмийн баталгаа
19.1.Оршин суугаа газраасаа сургуульдаа тогтмол явах боломжгүй суралцагчид Боловсролын тухай хуулийн 43.2.1-д заасны дагуу дотуур байраар үйлчилнэ.
19.2.Өнчин, тахир дутуу болон амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой өрхийн болон бусад шаардлагатай суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрт зориулан хөнгөлөлттэй зээл олгоно.
19.З.Сургалт, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан суралцагчид нэрэмжит тэтгэлэг олгох, сургалтын төлбөрийн зарим хэсгийг хөнгөлөх буюу бусад хэлбэрээр хөхиүлэн дэмжинэ.
19.4.Суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох журмыг Засгийн газар тогтооно.
19.5.Дээд боловсролын сургалтын байгууллагад эчнээ, оройн хэлбэрээр суралцагчид ажлын газар нь улирлын болон төгсөлтийн шалгалт өгөх, дипломын ажил бичиж хамгаалахад зориулж цалинтай чөлөө олгоно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
20 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
20.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баталсан Дээд боловсролын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A