- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
I ХЭСЭГ
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж
2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Шүүхэд мэдүүлэх эрх
3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.
3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.
4 дүгээр зүйл.Шүүхийн өмнө эрх тэгш байх
4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.
5 дугаар зүйл.Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх
5.1.Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ.
5.2.Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно.
5.3.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
5.4.Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно.
/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.5.Зохигч хэргийг энэ хуулийн 5.4-т заасан хуваарийн дагуу шийдвэрлүүлэхийг шаардах эрхтэй.
5.6.Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл.Мэтгэлцэх зарчим
6.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.
6.2.Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ.
6.3.Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.
6.4.Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.
6.5.Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.
6.6.Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг
7.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно.
7.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.
7.3.Шүүх энэ хуулийн 7.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй.
7.4.Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8 дугаар зүйл.Шүүх хуралдааныг нээлттэй явуулах
8.1.Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
8.2.Хэргийн нотлох баримт, эсхүл үйл явдал төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах бол хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг бүрэн буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулж болно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.3.Иргэний эрх зүйн чадамжгүй, согтуурсан буюу мансуурсан, хэргийн оролцогч биш бол 18 насанд хүрээгүй этгээдийг шүүх хуралдааны танхимд байлгаж болохгүй.
8.4.Хаалттай шүүх хуралдааны явцад илэрхий болсон, түүнчлэн албан үүрэгтэй нь холбогдуулж шүүгчид итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг шүүгч, шүүх хуралдаанд оролцогч задруулж болохгүй.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9 дүгээр зүйл.Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах
9.1.Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.
9.2.Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй.
10 дугаар зүйл.Хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх
10.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ.
10.2.Хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана.
10.3.Улсын дээд шүүхийн хуралдаанаар энэ хуулийн 10.2-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлтийг мэдүүлэх тухай тогтоол гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргасан шүүхэд буцаана.
10.4.Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.
10.5.Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол шүүх олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно.
10.6.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй.
10.7.Шүүх хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй.
11 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх
11.1.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.
11.2.Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Иргэний хэрэг үүсгэх үндэслэл, хэргийн харьяалал
12 дугаар зүйл.Иргэний хэрэг үүсгэх үндэслэл
12.1.Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг /цаашид "хэрэг" гэх/ үүсгэж болно:
12.1.1.эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл;
12.1.2.бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл;
12.1.3.онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт;
12.1.4.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.5.хуульд заасан бусад үндэслэл.
13 дугаар зүйл.Хэргийн харьяалал
13.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид "нэхэмжлэл" гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ.
13.2.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ.
13.3.Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй буюу энэ талаар хэлэлцэн тохиролцоогүй, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.
13.4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын талаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн, 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
13.5.Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцсоныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
14 дүгээр зүйл.Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах
14.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
14.2.Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.
14.3.Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно.
14.4.Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно.
14.5.Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15 дугаар зүйл.Нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяалал
15.1.Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч, эсхүл нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
15.2.Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан бол түүнтэй холбогдсон нэхэмжлэлийг уг гэрээг биелүүлбэл зохих газрын шүүхэд гаргаж болно.
15.3.Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана.
15.4.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана.
16 дугаар зүйл.Шүүхийн онц