- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭН БҮРТ 1.5 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр
Дугаар 84
Улаанбаатар хот
ИРГЭН БҮРТ 1.5 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны төлбөрийн эрх болон бэлэн мөнгө гэсэн хэлбэрээр олгохоор тогтсугай.
2. Үүнтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасугай:
2.1. Тэтгэврийн даатгалд хамрагдаагүй иргэдийн судалгааг гаргаж, шимтгэлийг тэтгэврийн санд нөхөн төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх, шаардагдах хөрөнгийн тооцоог гарган саналаа 2010 оны 6 дугаар сарын 1-ний дотор багтаан Засгийн газарт оруулж, улмаар уг арга хэмжээг 2011 оноос эхлэн хэрэгжүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид;
2.2. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийн судалгааг гаргаж, шимтгэлийг нөхөн төлөхөд шаардагдах хөрөнгийн тооцоог гарган саналаа 2010 оны 6 дугаар сард багтаан Засгийн газарт оруулж, улмаар уг арга хэмжээг 2011 оноос эхлэн хэрэгжүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт;
2.3. Иргэн бүрт дунджаар 500.000 (таван зуун) мянган төгрөгийн хишиг, хувийг бэлнээр олгох арга хэмжээг 2010-2012 онд үе шаттайгаар зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд С.Баярцогт нарт.
3. Хүний хөгжил сангаас тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны төлбөрийн эрх, бэлэн мөнгө олгох болсонтой холбогдуулан энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012 оны төсвийн төсөөлөлд тусгаж, төлбөрийн эрхийг олгох журам, санхүүжүүлэх зарчмын талаар санал боловсруулан 2010 оны 6 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт оруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд С.Баярцогт болон холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
4. Төрөөс боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлоготой уялдуулан их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөр, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, сургуулийн дүрэмт хувцасны төлбөр, ажилгүй иргэдийг мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд хурдавчилсан сургалтаар мэргэжил эзэмшүүлэхэд зориулан төлбөрийн эрх олгох ажлыг зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.
5. Иргэдийг халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор шинээр нэвтрүүлсэн вакцин, нарийн мэргэжлийн болон явуулын амбулаторийн үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдах төлбөрийн эрх олгох, үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.
6. Орон сууц худалдан авах урьдчилгаа, зээл болон зээлийн хүүг төлөхөд зориулан орон сууцны төлбөрийн эрх олгох арга хэмжээг иргэдээ орон сууцжуулах талаар хэрэгжүүлж байгаа Засгийн газрын хөтөлбөртэй уялдуулан зохион байгуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.
7. Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулахыг Засгийн газрын гишүүдэд, дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
8. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс санал авах ажлыг 2010 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж, хишиг, хувь хүртээх хэлбэр бүрээр шаардагдах хөрөнгийн тооцоог гарган 2010 оны 7 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
9. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, тухай бүр Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A