- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН КОМПАНИ, ТҮҮНИЙ ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН КОМПАНИ, ТҮҮНИЙ ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ТУХАЙ
1996 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 55
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Орон сууцны барилга байгууламж, шугам хоолойн засвар, үйлчилгээнд шаардагдах зардлын эх үүсвэрийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын 1996-1997 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, орон сууцны гэрэл, дулаан, усан хангамжийг сайжруулж, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн 1995-1996 оны төсвийн орлогын төлөвлөгөөний зарлагаас давсан орлогоос 200,0 сая төгрөгийг орон сууцны барилга байгууламж, шугам хоолойн засварт зориулан олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг Сангийн сайд Э.Бямбажав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Баасанжав нарт даалгасугай.
2.Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.Жигжид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Баасанжав нарт даалгах нь:
а/цахилгаан станцууд,дулааны шугам сүлжээний газар, орон сууцны байгууллагуудаас технологийн горимыг чанд мөрдөх, хяналт тавих ажлыг сулруулснаас шугам хоолой нормт хугацаанаас өмнө эвдэрч, түүнийг сольж шинэчлэхэд ихээхэн хэмжээний үргүй зардал гарч байгааг нарийвчлан шалгаж, зөрчлийг арилгах, хүлээх хариуцлагыг чангатгах арга хэмжээ авсугай;
б/ажиллагчид, инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, хариуцлага, сахилгыг дээшлүүлж, дулаан, уур усны алдагдлыг багасгах талаар удирдлага, техник, зохион байгуулалтын дэс дараатай арга хэмжээ авч, хангагч, дамжуулан түгээгч, хэрэглэгч байгууллагуудын хооронд байгуулах аж ахуйн гэрээний заалтыг тодорхой болгон, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн горим, технологи зөрчигдсөн, чанарын стандарт хангагдаагүй үед акт тогтоон хохирлыг арилгах талаар гэрээнд тусгуулж, биелэлтэд нь тавих хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулсугай.
3.Дор дурдсан арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Баасанжавт даалгасугай:
а/орон сууцны барилга байгууламж, шугам хоолойн засвар, үйлчилгээнд шаардагдах зардал, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, үргүй зардлыг багасгах, нөөц бололцоог бүрэн ашиглах, орон сууцны засвар, үйлчилгээний ажлыг эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, дотоод зардлыг бууруулах зэрэг арга хэмжээг орон сууц хувьчлах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх;
б/орон сууцны барилгын хийц хэсгийг өөрчилсөн, бусдад дур мэдэн шилжүүлсэн буюу худалдсан зэрэг зөрчилтэй асуудлыг шалгаж шийдвэрлэх, орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хүчтэй болгож, 1996 оны эхний хагас жилд багтаан Орон сууц, нийтийн аж ахуйн компани, түүний харъяа конторуудад санхүүгийн баримтын шалгалт хийх;
в/нийслэл хотын хэмжээнд орон сууц, нийтийн үйлчилгээний зориулалттай бүх барилга байгууламжид нэгдсэн тооллого явуулж өмчлөл, эзэмшилт, ашиглалтын байдлыг нэг бүрчлэн шалгаж, одоогийн ашиглалтын байдал, цаашдын боломжийг харгалзан үзсэний үндсэн дээр орон сууцны барилгыг аль болох зориулалтын нь дагуу ашиглах чиглэлийг барьж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг орон сууцнаас гаргах хүртэл арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
4.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн бэлтгэгдээд байгаа орон сууцны салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэхтэй холбогдсон асуудлуудыг иж бүрэн тусгасан хуулиудын төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбишид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A