A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн ордон /цаашид "Төрийн ордон" гэх/-ы эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний хамгаалалт, үйлчилгээг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Монгол Улсын Төрийн ордны тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Монгол Улсын Төрийн ордны тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэр

Хэвлэх

3.1.Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болон төрийн тэргүүн, гүйцэтгэх дээд байгууллага байнга байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгыг Төрийн ордон гэнэ. Эдгээр байгууллагуудын түр байрлаж байгаа барилгыг Төрийн ордонтой адилд үзнэ.

3.2.Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.

4 дүгээр зүйл.Төрийн ордонд байрлах байгууллага

Хэвлэх

4.1.Төрийн ордонд Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, тэдгээрийн Тамгын газар, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус тус байрлаж үйл ажиллагаагаа явуулна.

4.2.Төрийн ёслол, үйлчилгээ, хамгаалалтын асуудал эрхэлсэн байгууллага Төрийн ордонд байрлаж болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ОРДНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

5 дугаар зүйл.Төрийн ордны эрх зүйн байдал

Хэвлэх

5.1.Төрийн ордон халдашгүй дархан байна.

5.2.Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хуультай нийцүүлэн гаргасан хамгаалалт, үйлчилгээ, нэвтрэх тусгай журмууд болон Төрийн ордонд баримтлах дэг журмын дагуу хангана.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6 дугаар зүйл.Төрийн ордны дотоод зохион байгуулалт

Хэвлэх

6.1.Төрийн ордны дотоод зохион байгуулалт, өрөө, тасалгааны хуваарилалтыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай санал солилцсоны үндсэн дээр Улсын Их Хурлын дэд дарга ажлын байрны жишиг шаардлагад нийцүүлэн тогтооно.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.Төрийн ордон нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхим, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим, Засгийн газрын хуралдааны танхим, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, Байнгын хорооны хуралдааны танхим болон бусад хурал, зөвлөлгөөн, уулзалтын танхимтай байна.

6.3.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхим, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим, Засгийн газрын хуралдааны танхимд зөвхөн Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, Засгийн газрын хуралдааныг тус тус хийнэ.

6.4.Энэ зүйлийн 3-д зааснаас бусад танхимд Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газраас зохион байгуулж байгаа хурал, зөвлөлгөөн, уулзалт, бусад арга хэмжээ явуулах асуудлыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тус тус зохицуулан шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.Төрийн хүндэтгэлийн өргөө, уулзалтын өрөөнд явуулах төрийн ёслолын арга хэмжээг Төрийн ёслолын алба хариуцна.

6.6.Төрийн хүндэтгэлийн тасалгаанд төрийн далбаа, сүлд, соёмбо болон төрийн хүндэтгэлийн бусад зүйлийг хуульд заасны дагуу байрлуулна.

6.7.Төрийн тугийг Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн ордонд байрлуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ОРДНЫ ХАМГААЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ

7 дугаар зүйл.Төрийн ордны хамгаалалт

/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

7.1.Төрийн ордон, түүнд хамаарах нутаг дэвсгэр нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 10.2.1-д заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад байна.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.2.Төрийн ордныг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгж /цаашид “Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгж” гэх/ 24 цагаар тасралтгүй хамгаалж, аюулгүй байдлыг хангах, тогтоосон дэг журмыг сахиулах асуудлыг хариуцна.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.Төрийн ордон нь төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах холбоо, аюулгүй байдлыг хангах тусгай техник хэрэгслээр тоноглогдсон байна.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.Төрийн ордны аюулгүй байдлыг хангах зорилгоор шалган нэвтрүүлэх болон тусгай хяналтын техник, хэрэгслийг суурилуулах бөгөөд төрийн тусгай хамгаалалтын алба хаагч үзлэг хийх нэг бүрийн хэрэгслээр хангагдсан байна.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.5.Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн тусгай хамгаалалтын байгууллага хамтран батална.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.6.Төрийн ордны хамгаалалтын тусгай журмыг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 31.1.2-т заасны дагуу төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.7.Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгж энэ хуулийн 3.2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлаас тогтоосон нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хариуцна.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.8.Иргэд, байгууллагын тодорхой үйлдлийн улмаас Төрийн ордонд байрладаг байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хүсэлтийг үндэслэн цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр Төрийн ордныг хүч нэмэгдүүлэн хамгаалж болно.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8 дугаар зүйл.Төрийн ордонд нэвтрэх

Хэвлэх

8.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас бусад хүмүүс Төрийн ордонд нэвтрэхдээ тогтоосон журмын дагуу шалгуулж орох үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.2.Төрийн ордонд байрладаг төрийн байгууллагын ажилтан эрх бүхий албан тушаалтнаас олгосон байнгын үнэмлэхээр Төрийн ордонд нэвтэрнэ.

8.3.Төрийн ордонд нэвтрэх бусад хүмүүс Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгжээс олгосон байнгын буюу түр үнэмлэхээр түүнд заасан хаалгаар орж гарна.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.4.Төрийн ордонд гадаад улсын төлөөлөгчдийг нэвтрүүлэх журмыг төрийн ёслолын асуудал хариуцсан байгууллага төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай хамтран тогтоож мөрдөнө.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.5.Албан ажлын шаардлагаар ажлын бус цагт Төрийн ордонд нэвтрэх журмыг ордны хамгаалалтын алба Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн зөвшөөрлийг үндэслэн тогтооно.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.6.Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгжээс тогтоосон журмын дагуу иргэдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулж болно.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9 дүгээр зүйл.Төрийн ордны үйлчилгээ

Хэвлэх

9.1.Төрийн ордны үйлчилгээ нь түүнд байрлаж байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн жишиг шаардлагыг хангасан байна.

9.2.Төрийн ордны үйлчилгээний тусгай журмыг Төрийн ордны үйлчилгээ хариуцсан байгууллага Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай зөвшилцөн тогтоож, мөрдөнө.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10 дугаар зүйл.Төрийн ордонд тавих шаардлага

Хэвлэх

10.1.Төрийн ордны агаар, чийгшил, дулаан нь ариун цэвэр, эрүүл ахуйн жишиг шаардлагыг хангасан байна.

10.2.Төрийн ордон нь төрийн дээд байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулахад зориулагдсан техник, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжаар тоноглогдсон байна.

10.3.Төрийн ордон, түүний инженерийн байгууламж нь газар хөдлөлт, гал, усны аюулаас найдвартай хамгаалагдсан байх бөгөөд мэргэжлийн албадын байнгын хяналтад байна.

10.4.Төрийн ордны цахилгаан, дулааны эрчим хүч, холбоо, усан хангамжийг түдгэлзүүлж үл болно.

10.5.Төрийн ордон нь галын мэргэжлийн албаны байнгын харуул, хамгаалалт, гал унтраах болон галын дохиоллын техник хэрэгсэлтэй байна.Төрийн ордны галын мэргэжлийн албаны харуул хамгаалалт, галын аюулгүй байдлын дэг журмыг Төрийн ордны үйлчилгээ хариуцсан байгууллагын дарга, галын аюулгүй байдлын улсын хяналтын ерөнхий байцаагчийн хамтарсан шийдвэрээр зохицуулна.

10.6.Төрийн ордны өнгө төрх, засал чимэглэл, тавилга бусад зүйлийн хийц, загварын талаар баримтлах бодлогыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.7.Төрийн ордонд ажилладаг албан хаагч нь ажлын байрандаа албаны хувцастай байна.

10.8.Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний ажилтан нь тус бүрийн ажлын онцлог, шаардлагад тохирсон нэг ижил хийц, загварын ажлын хувцастай байна.

11 дүгээр зүйл.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт хориглох зүйл

Хэвлэх

11.1.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт дор дурдсан зүйлийг хориглоно:

11.1.1.энэ хуульд зааснаас бусад байгууллага Төрийн ордонд байрлах;

11.1.2.Төрийн ордны хурал, зөвлөлгөөн, уулзалтын танхим, албан тасалгаанд энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах;

11.1.3.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийн дагуу цэргийн жагсаал, баяр ёслол үйлдэх болон хуульд заасан үндэслэл бий болсны улмаас Төрийн ордныг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд Төрийн ордны нутаг дэвсгэрт цэрэг, цагдаагийн хүч, байлдааны зэвсэг, техник хуралдуулах;

11.1.4.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийх;

11.1.5.Төрийн ордны нутаг дэвсгэрт Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барих, хамгаалалтын албаны зөвшөөрөлгүйгээр засварын ажил хийх, газар ухах;

11.1.6.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт энэ хуулийн 9.2.-т заасан журмаар зөвшөөрөгдсөнөөс бусад үйлчилгээ явуулах.

11.2.Төрийн ордонд нэвтрэгчид дор дурдсан зүйлийг хориглоно:

11.2.1.тэсэрч дэлбэрэх, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, хордуулах, мансууруулах болон цацраг идэвхт бодис, зэвсэг хэрэгсэл авч орох;

11.2.2.зохих журмын дагуу олгосон нэвтрэх үнэмлэхэд зааснаас өөр хаалгаар нэвтрэх, үнэмлэхэд заасан хугацааг хэтрүүлэх, бусдын үнэмлэхийг ашиглах;

11.2.3.Төрийн ордон дахь эд хөрөнгө, хүндэтгэлийн зүйлийг гэмтээх;

11.2.4.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт согтуугаар нэвтрэх, төрийн ёслолын чанартай арга хэмжээнээс бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

12 дугаар зүйл.Төрийн ордны санхүүжилт

Хэвлэх

12.1.Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээ, засвар, хангалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ