A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 223

Улаанбаатар хот

СУМДАД МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН НЭГЖ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2, Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орон нутгийн боловсон хүчний нөөцөд тулгуурлан сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг зохицуулах, хянах, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий нэгжийг 2010 оны 9 дүгээр сард багтаан байгуулж, хэвийн ажиллах нөхцөл, ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.

2. Сумын мал эмнэлэг, үржлийн нэгжийн үйл ажиллагаанд 2010 онд шаардагдах хөрөнгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг 2010 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас санхүүжүүлэх арга хэмжээ авч, 2011 оноос эхлэн холбогдох зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Сумын мал эмнэлэг, үржлийн нэгжийн хариуцах ажлын чиг үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай зөвшилцөн баталж мөрдүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Сумын мал эмнэлэг, үржлийн нэгжийн ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. "Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "...1500 хүртэл хүн амтай суманд 10, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 12, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 13, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 15, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 18, 20001-ээс дээш хүн амтай суманд 20" гэснийг "...1500 хүртэл хүн амтай суманд 12, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 14, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 15, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 17, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 20, 20001-ээс дээш хүн амтай суманд 22" гэж тус тус өөрчилсүгэй. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ