- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулиар зарлан тунхагласан иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах баталгааг тогтоож, төр, сүм хийдийн хоорондын харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Төр, сүм хийдийн харилцааг зохицуулах хууль тогтоомж
Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ зүйлд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3 дугаар зүйл.Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө
1.Аливаа шашныг шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна.
2.Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.
3.Иргэдийг шашин шүтлэгийн ялгаа болон шашин шүтэх, эс шүтэх байдлаар нь ялгаварлан гадуурхах, доромжлох, хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтон зохицуулж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ.
5.Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгахыг хориглоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦАА
4 дүгээр зүйл.Төр, сүм хийдийн харилцааны үндэс
1.Монгол Улс дахь төр, сүм хийдийн харилцаа төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчимд үндэслэнэ.
2.Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй.
3.Төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
4.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй.
5.Сүм хийд, лам санваартан нар Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн үзэж биелүүлнэ.
6.Сүм хийдээс төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэхгүй бөгөөд төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулах, түүнд оролцох, санхүүжүүлэхийг хориглоно.
7.Шашны нэр хүнд, хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны эрх ашигт нийцүүлэн ашиглах, шашныг гаднаас зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
8.Лам санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна.
5 дугаар зүйл.Төр, сүм хийдийн харилцааг тодорхойлон хэрэгжүүлэх
1.Төрөөс шашин, сүм хийдийн талаар баримтлах бодлогын үндсийг Монгол Улсын Их Хурал тодорхойлно.
2.Ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулна.
3.Төрөөс сүм хийдтэй харилцах харилцааг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга тус тус эрхлэн гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
6 дугаар зүйл.Шашны байгууллага
Сүсэгтэн олны шашин-номын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж, шашны зан үйл, хурал ном, боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж буй албан ёсны зөвшөөрөл бүхий хийд, сүм, дацан, төв болон тэдгээрийн удирдах байгууллагыг /цаашид энэ хуульд "сүм хийд гэх / шашны байгууллага гэнэ.
7 дугаар зүйл.Сүм хийд, лам санваартны үйл ажиллагааны эрх зүйн үндэс
1.Шашин-номын үйлсийг эрхлэн гүйцэтгэгч лам санваартан нар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу иргэний эрхээ эдэлж, үүрэг хүлээнэ.
2.Сүм хийд, лам санваартан нар бурхан тахилын зүйлс, ном судар бүтээх, шашны зан үйл үйлдэх, хурал ном хурах зэргээр сүсэгтэн олонд чөлөөтэй үйлчилнэ.
3.Шашны зан үйлийг тухайн шашны уламжлалт ёс журмын дагуу энэ хууль, бусад хууль тогтоомжоор тусгайлан хориглоогүй газарт сүсэгтний хүсэлтээр тэдэнд зориулж чөлөөтэй үйлдэж болно.
4.Сүм хийд бие дааж буюу удирдах төвөөрөө уламжлан төрийн аль ч шатны байгууллагад асуудлаа тавих, харилцах эрхтэй.
5.Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
6./Энэ хэсгийг 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй/.
7.Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг хориглоно.
8.Сүм хийд, лам санваартны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу төлнө.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.Сүм хийдэд гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
10.Шашны байгууллага гадаад харилцааны асуудлаа эрх бүхий төрийн байгууллагатай зөвлөлдөн шийдвэрлэнэ.
8 дугаар зүйл.Шашны сургалт
1.Шашны боловсролыг шашны сургууль, гэрийн сургалтаар олгоно.
2.Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно. Энэ заалт нь шашны соёл, мэдлэг ухааны өв уламжлалын тухай шинжлэх ухааны сургалтад үл хамаарна.
3.Шашны сургуульд суралцагчдад иргэний суурь боловсрол олгохыг тухайн сургууль хариуцна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Засгийн газраас баталсан журмын дагуу үүнд шаардагдах зардлын тодорхой хэсгийг гаргаж, багшлах боловсон хүчнээр хангаж хяналт тавина.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9 дүгээр зүйл.Сүм хийд байгуулах
1.Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2./Энэ хэсгийг 1994 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
3.Сүм хийд дүрэмтэй байна. Дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана:
1/сүм хийдийн нэр, хаяг;
2/шашны харьяалал, бүтэц, үйл ажиллагаагаа эхлэх үеийн бүрэлдэхүүний байдал;
3/үйл ажиллагааны хамрах хүрээ, хэлбэр;
4/шашин-номын хэрэгслэлийн хангамжийн байдал;
5/үйл ажиллагаа явуулах, өргөжин бэхжих хөрөнгө санхүүгийн бодит боломж, анхдагч хөрөнгийн хэмжээ;
6/хуулийн этгээд болох үндэслэл;
7/бусад зүйл.
4.Сүм хийд нь дүрэмдээ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр албан ёсоор мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.Сүм хийдийн дүрэм, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлах бол сүм хийд байгуулах зөвшөөрөл олгохгүй буюу олгосон зөвшөөрлөө цуцална. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргаж болно.
10 дугаар зүйл.Сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох
1.Сүм хийдийн үйл ажиллагааг дараахь үндэслэлээр зогсооно:
1/тухайн сүм хийд өөрөө үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн;
2/Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага тухайн сүм хийдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн.
2.Сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргасан байгууллага энэ тухай улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан ёсоор мэдэгдэж бүртгэлээс хасуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг эс зөвшөөрвөл хууль тогтоомжийн дагуу шүүхэд гомдол гаргаж болно.
11 дүгээр зүйл.Сүм хийдийн өмч, аж ахуйн харилцааг зохицуулах
1.Сүм хийдийн өмч, аж ахуйн харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
2.Сүм хийд өөрийн эзэмшилд болон өмчлөлд байгаа газраас үл салах түүх, соёлын үл хөдлөх дурсгал, бусад үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд, дурсгалын талаарх мэдээллийг соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлнэ.
/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хууль, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.Сүм хийд шашин-номын үйл ажиллагаагаа эрхлэн явуулахад нь шаардлагатай музей, номын сангуудад хадгалагдаж буй түүх, соёлын дурсгалт зүйлсийг гэрээ хэлцлийн дагуу авч хэрэглэж болно.
/Энэ хэсгийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.Сүм хийд нь шашин-номын үйл ажиллагаагаа эрхлэн явуулах, ахуйн хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардагдах аж ахуйг өмчийнхөө хүрээнд эрхэлж болно.
5.Сүм хийд үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоох тохиолдолд үүсгэн байгуулагчид нь анх оруулсан эд хөрөнгөө нэхэмжилбэл тэдгээрт хөрөнгийг нь олгож, хөрөнгийн бусад хэсгийг лам санваартнуудын саналыг харгалзан аль нэгэн сүм хийдэд, боломжгүй бол төрийн мэдэлд шилжүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
12 дугаар зүйл.Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль тогтоомж гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарах
1.Төр, сүм хийдийн харилцааны тухай Монгол Улсын хууль тогтоомж нь тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.
2./Энэ хэсгийг 1994 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A