A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор хүний хөгжил сан байгуулах, түүнийг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүний хөгжил сангийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хүний хөгжил сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн Хүний хөгжил санд хөрөнгө төвлөрүүлэх чиг үүрэгтэй холбогдох харилцааг энэ хуулиар, тус хуулийн этгээдийн удирдлага зохион байгуулалт, түүнтэй холбоотой бусад харилцааг Компанийн тухай хуулиар тус тус зохицуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ ХӨГЖИЛ САН, ТҮҮНИЙГ БҮРДҮҮЛЭХ, АРВИЖУУЛАХ

3 дугаар зүйл. Хүний хөгжил сан, түүнийг бүрдүүлэх эх үүсвэр

Хэвлэх

3.1.Энэ хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгийг Хүний хөгжил сан /цаашид "cан" гэх/ гэнэ.

3.2.Сангийн орлого нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

3.2.1.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого;

3.2.2.ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.2.3.энэ хуулийн 5.1-д заасан хөрөнгө оруулалтаас орох цэвэр ашиг;

3.2.4.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсэг.

/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.3.Сангийн хөрөнгийг Монголбанк дахь тусгай дансанд байршуулна.

3.4.Сангийн тухайн жилийн төсвийн алдагдлыг Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл, үнэт цаас гарган санхүүжүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрийг сангаас төлж болно.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл.Санд хөрөнгө төвлөрүүлэх

Хэвлэх

4.1.Энэ хуулийн 3.2.1, 3.2.2, 3.2.4-т заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг ажлын гурван өдөрт багтаан мөн хуулийн 3.3-т заасан сангийн дансанд шилжүүлнэ.

5 дугаар зүйл.Сангийн хөрөнгийг арвижуулах

Хэвлэх

5.1.Сангийн хөрөнгийг арвижуулах зорилгоор дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр дараахь санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулна:

5.1.1.үнэт цаас, өрийн бичиг;

5.1.2.хадгаламж.

6 дугаар зүйл.Сангийн хөрөнгө оруулалтын жишиг багц

Хэвлэх

6.1.Энэ хуулийн 5.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд оруулах хөрөнгө оруулалтын тухайн жилийн жишиг багцыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өргөн мэдүүлснээр Засгийн газар санхүүгийн хэрэгсэл, бүс нутаг, валютын төрөл тус бүрээр тогтооно.

7 дугаар зүйл.Эрсдэлийн нөөц

Хэвлэх

7.1.Сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг хөрөнгө оруулалтын эрсдэлээс сэргийлэх зорилгоор нөөцөлж болох бөгөөд уг эрсдэлийн нөөцийг Монголбанканд тусгай данс нээж байршуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

САНГИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

8 дугаар зүйл.Сангийн хөрөнгийн удирдлага

Хэвлэх

8.1.Сангийн хөрөнгийн ерөнхий удирдлагыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

8.2.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг төрийн өмчит хуулийн этгээд хэрэгжүүлнэ.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

8.4.Энэ хуулийн 15.1-д заасан иргэн компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд хувьцааны ногдол ашиг буюу хишиг, хувь хүртэнэ.

8.5.Компанийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүйгээр энэ хуулийн 15.1-д заасан иргэнд эзэмшүүлэх бөгөөд хувьцааг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлуулахыг хориглоно.

9 дүгээр зүйл.Компанийн үйл ажиллагааны үндсэн зарчим

Хэвлэх

9.1.Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээд үйл ажиллагаандаа бие даасан, олон нийтэд ил тод байх, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашигт хөтлөгдөхгүй байх үндсэн зарчмыг баримтална.

10 дугаар зүйл.Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох

Хэвлэх

10.1.Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээд төлөөлөн удирдах зөвлөлтэй байна.

10.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус бүр 1 хүний, Засгийн газар 6 хүний нэрийг тус тус дэвшүүлж, тэдгээрийг Засгийн газар томилно.

/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн дотроос төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилно.

/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.

10.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн эдийн засаг, банк, санхүү, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй иргэн байна.

10.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

10.6.1.төрийн улс төрийн албан хаагч;

10.6.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;

10.6.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор.

10.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнд дараахь шаардлага тавина:

10.7.1.татварын болон бусад хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

10.7.2.ял шийтгүүлж байгаагүй;

10.7.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх.

10.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ.

10.9.Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11 дүгээр зүйл.Хяналтын зөвлөл

Хэвлэх

11.1.Компанийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих чиг үүргийг хяналтын зөвлөл хэрэгжүүлнэ.

11.2.Хяналтын зөвлөл 5 гишүүнтэй байх бөгөөд хяналтын зөвлөлийн гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хороо тус бүр 1 хүний, Төсвийн байнгын хороо 2 хүний нэрийг дэвшүүлж, тэдгээрийг Улсын Их Хурал томилно.

11.3.Хяналтын зөвлөл үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.

11.4.Хяналтын зөвлөлийн эрх, үүрэг, үйл ажиллагааны журмыг компанийн дүрмээр зохицуулна.

/Энэ зүйлийг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12 дугаар зүйл.Мэдээллийн нээлттэй байдал

Хэвлэх

12.1.Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, компанийн удирдлагатай холбоотой мэдээллийг өдөр тутмын хэвлэлээр хагас жил тутам нийтэд хүртээмжтэй хэлбэрээр мэдээлнэ.

13 дугаар зүйл. Компанийн хөрөнгийн удирдах эрхийг шилжүүлэх

Хэвлэх

13.1.Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн чиг үүргийг дараахь шаардлагыг хангасан олон улсын санхүүгийн байгууллагад сонгон шалгаруулалтын үндсэн дээр менежментийн гэрээгээр хэсэгчлэн шилжүүлж болно:

13.1.1.олон улсын санхүүгийн зах зээл дээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

13.1.2.зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас ААА-аас доошгүй үнэлгээг 5-аас доошгүй удаа авсан.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан сонгон шалгаруулалтын журам болон менежментийн гэрээг Засгийн газар батална.

13.3.Сонгон шалгаруулалтыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан үнэлгээний баг явуулна.

13.4.Менежментийн гэрээнд Засгийн газрын зөвшөөрснөөр Монгол Улсыг төлөөлж санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурна.

14 дүгээр зүйл. Сангийн хөрөнгийн эрсдэлийн удирдлага

Хэвлэх

14.1.Сангийн хөрөнгийн эрсдэлийн удирдлагыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж, хэрэгжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

САНГААС ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭЭХ

15 дугаар зүйл.Сангаас хишиг, хувь хүртээх

Хэвлэх

15.1.Сангаас хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээнэ.

15.2.Энэ хуулийн 15.1-д зааснаар сангаас хишиг, хувь хүртээх хөрөнгийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

15.3.Сангаас хөрөнгө зарцуулах журмыг Засгийн газар батална.

16 дугаар зүйл.Сангаас хишиг, хувь хүртэх эрх дуусгавар болох

Хэвлэх

16.1.Дараахь тохиолдолд сангаас хишиг, хувь хүртэх иргэний эрх дуусгавар болно:

16.1.1.иргэн нас барсан;

16.1.2.иргэн Монгол Улсын харьяатаас гарсан.

16.2.Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд тухайн иргэнд хуваарилагдсан боловч аваагүй байсан хишиг, хувийг өв залгамжлагчид нь олгож болно.

17 дугаар зүйл.Хишиг, хувь хүртэх хэлбэр, зарчим

Хэвлэх

17.1.Монгол Улсын иргэн дараахь хэлбэрээс сонгон сангаас хишиг, хувь хүртэнэ:

17.1.1.тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр;

17.1.2.орон сууц худалдаж авсны төлбөр;

17.1.3.бэлэн мөнгө;

17.1.4.эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр.

17.1.5.хүүхдийн мөнгө.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.2.Иргэн энэ хуулийн 17.1.5-д зааснаас бусад энэ хуулийн 17.1-д заасан хишиг, хувийг тухайн жилдээ багтаан авч чадаагүй бол түүний хишиг, хувь дараагийн жилүүдэд хадгалагдан үлдэх бөгөөд хадгалагдсан хугацаанд хүү тооцохгүй.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

17.3.Хүний хөгжил сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулиар хүүхдийн мөнгөнд төсөвлөгдсөн хөрөнгөөс зарцуулагдаагүй үлдэгдлийг зөвхөн хүүхдийн хөгжлийг дэмжих зориулалтаар дараа жилийн төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд тусган зарцуулна.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.4.Иргэнд сангаас хишиг, хувь хүртээхдээ хүртээмжтэй, тэгш, шударга, үр ашигтай, олон нийтэд ил тод байх зарчим баримтална.

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.5.Энэ хуулийн 17.1-д заасан хэлбэрийн дагуу хишиг, хувь хүртэх журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ

САНГИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, БАТЛАХ, ТАЙЛАГНАХ

18 дугаар зүйл.Сангийн төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх

Хэвлэх

18.1.Засгийн газар энэ хуулийн 3.2, 3.4, 15.2-т заасныг үндэслэн сангийн төсвийн төслийг боловсруулж тухайн жилийн улсын төсвийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ зүйлд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

19 дүгээр зүйл. Сангийн төсвийн төслийг батлах

Хэвлэх

19.1.Улсын Их Хурал сангийн төсвийг дараахь үзүүлэлтээр батална:

19.1.1.санд төвлөрүүлэх орлогыг хуульд заасан эх үүсвэрийнх нь төрлөөр;

19.1.2.сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг хуульд заасан зориулалтаар;

19.1.3.эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээгээр.

19.2.Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

/Энэ хэсгийг 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ зүйлд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

20 дугаар зүйл.Сангийн үйл ажиллагааны тайлан, түүнийг Улсын Их Хуралд тайлагнах

Хэвлэх

20.1.Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн дагуу улсын төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгаж, Улсын Их Хуралд тайлагнана.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан тайланд дараахь зүйлийг заавал тусгана:

20.2.1.сангийн хөрөнгө оруулалтын жишиг багц, түүний хэрэгжилтийн тухай;

20.2.2.сангийн хөрөнгийг менежментийн гэрээний дагуу удирдаж байгаа олон улсын санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй танилцуулга;

20.2.3.сангийн хөрөнгийн эрсдэлийн удирдлагын тухай;

20.2.4.сангийн санхүүгийн байдлын тухай;

20.2.5.сангийн хөрөнгийн зарцуулалтын тухай.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

САНГИЙН ХӨРӨНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ЗАРЦУУЛАЛТАД ТАВИХ ХЯНАЛТ

21 дүгээр зүйл.Аудит

Хэвлэх

21.1.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд Үндэсний аудитын газар жил бүр аудит хийж, дүгнэлт гаргана.

21.2.Үндэсний аудитын газар нь энэ хуулийн 21.1-д заасан дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулна.

22 дугаар зүйл.Хөндлөнгийн аудит

Хэвлэх

22.1.Засгийн газар сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд жилд нэгээс доошгүй удаа олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулна.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан аудитын үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

23 дугаар зүйл. Сангийн тайланг нийтэд мэдээлэх

Хэвлэх

23.1.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, энэ хуулийн 21, 22 дугаар зүйлд заасан аудитын тайланг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

24 дүгээр зүйл.Хориглох зүйл

Хэвлэх

24.1.Сангийн хөрөнгийг энэ хуулийн 3.4, 5 дугаар зүйл, 15.1-д зааснаас өөр зориулалтаар удирдах, захиран зарцуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

25 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар "Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага" гэж өөрчлөлт оруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

25.1.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасныг зөрчсөн этгээдтэй байгуулсан менежментийн гэрээг цуцална.

25.2.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан бодит хохирлыг нөхөн төлүүлж, дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

25.2.1.энэ хуулийн 4.1-д заасныг зөрчсөн бол 25000-50000 хүртэл төгрөгөөр торгох;

25.2.2.энэ хуулийн 23.1-д заасныг зөрчсөн бол 150000-250000 хүртэл төгрөгөөр торгох.

25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

26 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

26.1.Энэ хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ