- Нүүр
- Монгол Улсын хууль
- АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 07 сарын 08 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ
(Шинэчилсэн найруулга)
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1.Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрйин хуулиар нэмэлт оруулсан/
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.
/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.2.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.3.Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг;
4.1.2."цацраг идэвхт ашигт малтмал" гэж уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг;
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.3."тойм судалгаа" гэж ашигт малтмал байгаа эсэхийг тогтоох зорилгоор газрын хэвлийг хөндөхгүйгээр чулуулгийн сорьц, дээж авах, геологи, ашигт малтмалын анхдагч мэдээллийг ашиглах, агаарын зураг авах аргаар геологийн судалгаа хийхийг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.4."улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаа" гэж улсын төсвийн эх үүсвэрээр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа болон геологийн эрэл, хайгуулын ажлыг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.5."ашигт малтмал эрэх" гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.6."ашигт малтмал хайх" гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.7."ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4.1.8."хайгуулын ажлын зардлын доод хэмжээ" гэж хайгуулын ажилд жил бүр зарцуулсан байвал зохих зардлын доод хэмжээг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.9."ашигт малтмалын орд" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.10."ашигт малтмалын үндсэн орд" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд бүрэлдэн тогтож анхлан үүссэн чулуулагтайгаа нэг орон зайд байрлаж байгаа эрдсийн хуримтлалыг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.11."ашигт малтмалын шороон орд" гэж анхлан үүссэн чулуулаг, орон зайнаасаа өгөршил, элэгдэл, механик үйл явцын дүнд сарнин салж, дахин хуримтлагдаж улмаар үе, давхарга байдалтай байгаа эрдсийн хуримтлалыг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.12."стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.1.13."тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.14."нөөцөд авсан талбай" гэж урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн мэдэлд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зогсоосон талбайг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.15."хайгуулын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.16."ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.17."хайгуулын талбай" гэж энэ хуулийн 4.1.15-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;
/Энэ заалт болон заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.18."уурхайн талбай" гэж энэ хуулийн 4.1.16-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;
/Энэ заалт болон заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.19."уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.20."тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.21."тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг;
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.22."хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 33.1-д заасан компани, нөхөрлөлийг.
/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.23."бичил уурхай эрхлэх" гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.24."ашигт малтмалын баялаг" гэж геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа, эрэл, хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн, эдийн засгийн ач холбогдол нь нарийвчлан үнэлэгдээгүй эрдсийн хуримтлалын хэсгийг;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.25."ашигт малтмалын ордын нөөц" гэж хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн нь нарийвчлан тогтоогдсон, үйлдвэрийн аргаар олборлох боломжтой, эдийн засгийн үр ашигтай, баяжуулах технологи, олборлолтын уул техникийн нөхцөл нь тодорхойлогдсон ашигт малтмалын баялгийн хэсгийг;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.26."мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч" гэж үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаас эрх олгогдсон иргэнийг.
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.27."үүсмэл орд" гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг;
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.28."үүсмэл орд ашиглах" гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх.
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.29.“сонгон шалгаруулалтын талбайн тодорхойлолт” гэж сонгон шалгаруулалтын талбайн дугаар, байрших аймаг, сум, нэр, хэмжээ, солбицол, байршлын зургийг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.30.“сонгон шалгаруулалтын босго үнэ” гэж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан талбайн нэг гектар тутамд тооцож нийт талбайн хэмжээнд тогтоосон мөнгөн дүнг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.31.“сонгон шалгаруулалтын комисс” гэж хууль эрх зүй, геологи, уул уурхайн салбарын мэргэжил эзэмшсэн, геологийн судалгаа, хайгуулын төлөвлөгөө, тайланг үнэлэх мэргэжлийн чадвар, туршлагатай энэ хуулийн 10.3-т заасан бүрэлдэхүүнийг.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5 дугаар зүйл. Ашигт малтмалын өмчлөл
5.1.Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.
5.2.Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.
5.3.Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.
/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.4.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.5.Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.6.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина.
5.7.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно.
/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.8.Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшлийн хувьцаа, Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хувьцаанд энэ хуулийн 5.7 дахь хэсэг хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
6 дугаар зүйл. Ашигт малтмалын ордын ангилал
6.1.Ашигт малтмалын ордыг дор дурдсанаар ангилна:
6.1.1.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд;
6.1.2.түгээмэл тархацтай ашигт малтмалын орд;
6.1.3.ердийн ашигт малтмалын орд.
6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан ордод мөн хуулийн 4.1.12-т заасан шалгуур хангасан ордыг хамааруулна.
/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.3.Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна.
6.4.Энэ хуулийн 6.2, 6.3-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын хуримтлалыг ердийн ашигт малтмалын ордод хамааруулна.
7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага
7.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна.
7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.4.Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.
7.5.Газар өмчлөгч, эзэмшигч нь тухайн газарт байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиг олох зорилгогүйгээр, өөрийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болох бөгөөд ийм ашигт малтмалын жагсаалтыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.6.Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалт явуулахаар цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэл ирүүлсэн бол тухайн талбай дээр уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.
/Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Ашигт малтмалын салбар дахь төрийн зохицуулалт
8 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
8.1.Ашигт малтмалын асуудлаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
8.1.2.ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;
8.1.3.улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;
8.1.4.Засгийн газраас өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, хасах;
/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.5.Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох;
8.1.6.цацраг идэвхт ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хадгалахтай холбогдсон тусгай дэглэм тогтоох;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.1.7.Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох болон ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлыг шийдвэрлэх.
/Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
9.1.Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
9.1.2.геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
9.1.3.улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;
9.1.4.тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, хасах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.1.5.энэ хуулийн 5.4, 5.5-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
/Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.6.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах хамтарсан үйлдвэрт Монгол Улсаас оруулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;
9.1.7.тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх, эсхүл энэ талаархи саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
9.1.8.төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээр дамжуулан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тодорхой үйл ажиллагаанд оролцох.
9.1.9.Үндэсний геологийн алба байгуулах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.10.энэ хуулийн 42.1-д заасан гэрээний загварыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.11.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.1.12.стратегийн ач холбогдол бүхий ордын талбайн хил заагийг тогтоох;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.1.13.ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.1.14.үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааны журмыг батлах;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.1.15.үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.1.16.энэ хуулийн 5.7-д заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийг удирдах, хуулийн хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхт төлөөлөгчийг томилох;
/Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
9.1.17.энэ хуулийн 9.1.16-д заасан бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн батлах.
/Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
10 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
10.1.Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, биелэлтийг хангах;
10.1.2.сонгон шалгаруулалтын журам батлах;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.3.ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
10.1.4.тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;
10.1.5.улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх жил бүрийн геологийн судалгааны ажлын төлөвлөгөө, төсөл, төсвийг батлах, тодотгох, үр дүнгийн тайланг хүлээн авсан тухай шийдвэр гаргах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.1.6.улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журмыг батлах;
10.1.7.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам батлах, бүтээгдэхүүний стандартыг боловсруулж батлуулах;
10.1.8.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих;
10.1.9.Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.1.10.ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх.
/Энэ заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.11.уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авах журмыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.12.баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.13.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллийн тэгш байдлыг хангасан орон тооны бус бодлогын зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.14.уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.15.геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн санг эрхлэх үйл ажиллагааны журмыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.16.геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.17.ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, зааврыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.18.үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагатай хамтран ашигт малтмалын баялаг, ордын нөөц, хайгуулын ажлын үр дүнг нийтэд нээлттэй тайлагнах журмыг батлах.
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.19.Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ.
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
10.1.20.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох асуудлаар санал, дүгнэлт гаргах.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.2.Энэ хуулийн 4.1.30-д заасан босго үнийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.3.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах үүрэг бүхий сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
11 дүгээр зүйл. Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
11.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүс нутгийн геологи, геохими, гидрогеологийн зураглал, геофизикийн судалгаа хийх;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэлбэршилтийн судалгаа хийж, эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ өгөх;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.1.3.эдийн засаг, нийгмийн бүх хүрээнд байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагаанаас үзүүлэх нөлөөлөлд геоэкологийн судалгаа хийж үнэлгээ өгөх;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.1.4.нууцын зэрэглэлд хамруулснаас бусад геологи, уул уурхайн мэдээлэл, энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өгсөн мэдээллийг сонирхсон этгээдэд хүргэх;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.1.5.геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг баяжуулах;
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.6.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих;
11.1.7.ашигт малтмалын тойм судалгаа хийх хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх;
11.1.8.уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник, технологийн бодлогыг хэрэгжүүлэх;
11.1.9.уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, тухайн үед үүссэн нөхцөл байдалд үнэлэлт өгөх;
11.1.10.уул уурхайн үйлдвэрлэлээс улс орны эдийн засаг, нийгмийн салбарт үзүүлж байгаа нөлөөллийг үнэлэх, дүгнэлт гаргах;
11.1.11.уул уурхайн бүтээгдэхүүний үнийг судлах, эрэлт, хэрэгцээ, хэтийн төлвийг тодорхойлох;
11.1.12.уул уурхайн үйлдвэрлэлийн тодорхой төслийг хэрэгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, хэрэгжүүлэх;
11.1.13. тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах;
/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.14.хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;
11.1.15.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.16.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өргөдлийг хүлээн авч бүртгэх,;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.17.тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх;
11.1.18.тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх;
11.1.19.түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.20.үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.21.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг хянан шийдвэрлэх;
11.1.22.сонирхсон этгээдэд тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлтэй танилцах бололцоо олгох, эдгээр бүртгэлд орсон өөрчлөлтийн талаар зохих байгууллагад мэдэгдэж нийтэд мэдээлэх.
11.1.23.энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох.
/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
11.1.24.хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн мэдээллийн бүртгэл хөтлөх;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
11.1.25.энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах.
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан/
11.1.26.энэ хуулийн 9.1.11-д заасан талбайд сонгон шалгаруулалт явуулахыг хориглосон талбай давхцаж байгаа эсэхийг шалгаж, давхацсан бол тухайн хэсгийг хасаж, мэдээллийг Үндэсний геологийн албанд хүргүүлэх;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.1.27.сонгон шалгаруулалтын урилгын маягт, загварыг батлах;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.1.28.ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнтэй холбогдсон загвар, маягтыг батлах.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.2.Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 – 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 – 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.3.Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
111 дүгээр зүйл.Үндэсний геологийн албаны чиг үүрэг
111.1.Монгол Улсын Үндэсний геологийн алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
111.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх;
111.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх;
111.1.3.үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамааруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх;
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
111.1.4.ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөнийг бүртгэх.
111.1.5.энэ хуулийн 11.1.26-д заасан талбайн мэдээллийг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны үр дүнд тогтоосон ашигт малтмалын нөөц, баялаг, эрдсийн хуримтлалтай эсэхийг нягталж, талбайн геологийн мэдээллийг бэлтгэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
111.1.6.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад талбайн мэдээллийг хүргүүлэхдээ энэ хуулийн 17.5.1, 17.7-д заасан шаардлагыг хангасан байх.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Дээрх 111 дүгээр зүйлийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
12 дугаар зүйл. Аймаг, сумын Засаг даргын бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.Ашигт малтмалын асуудлаар аймгийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.1.ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
12.1.2.харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох;
12.1.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
12.1.4.Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах.
12.1.5.Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1.23-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.2.Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.2.1.бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд хяналт тавих;
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.2.2.харьяалах нутаг дэвсгэрт эрдэс баялгийн салбарын талаар хэрэгжиж байгаа шийдвэрийн талаар жил бүр олон нийтэд мэдээлэх;
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.2.3.энэ хуулийн 43.3-т заасан гадаадын ажиллах хүчнээс төвлөрсөн хөрөнгийг соёл, боловсрол болон эрүүл мэндийн салбарт зарцуулах журмын хэрэгжилтийг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.2.4.бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний хэрэгжилтийг хангуулах, гэрээ байгуулсан тухай мэдээллийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.2.5.ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах.
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
13 дугаар зүйл. Талбайг нөөцөд авах
13.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг дор дурдсан зорилгоор Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болно:
13.1.1.тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх;
13.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх;
13.1.3.улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх.
13.2.Талбайг энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан бол энэ тухай шийдвэрийг дараахь мэдээллийн хамт нийтэд мэдээлнэ:
13.2.1.нөөцөд авсан талбай байрших аймаг, сумын нэр;
13.2.2.нөөцөд авсан талбайн бүх булангийн цэгийн солбицлууд;
13.2.3.тухайн талбайг нөөцөд авсан зорилго;
13.2.4.талбайг нөөцөд байлгах хугацаа.
13.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
13.4.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан талбайг дараахь үндэслэлээр чөлөөлнө:
13.4.1.Засгийн газар тухайн талбайг хугацаанаас нь өмнө чөлөөлөх шийдвэр гаргасан;
13.4.2.талбайг нөөцөд байлгах хугацаа дууссан;
13.4.3.энэ хуулийн 13.1.1-13.1.3-т заасан шалтгаан арилсан.
13.5.Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ.
14 дүгээр зүйл. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар
14.1.Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:
14.1.1.тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр;
14.1.2.тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд;
14.1.3.тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго;
14.1.4.тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа.
14.2.Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна.
14.3.Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
14.4.Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.
/Энэ хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.5.Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
14.6.Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.
14.7.Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ.
14.8.Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ.
14.9.Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно.
/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Ашигт малтмал эрэх, хайх
15 дугаар зүйл. Тойм судалгаа
15.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн этгээд тойм судалгааг тусгай зөвшөөрөлгүй явуулж болох бөгөөд судалгаа явуулах талбай, түүний байршил, өөрийн нэр, хаягийг төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.2.Тойм судалгааны явцад газрын хэвлийг хөндөхийг хориглох бөгөөд уг газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас тухайн талбайд нэвтрэн орох зөвшөөрөл авна.
16 дугаар зүйл. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаа болон эрдэм шинжилгээний ажил
16.1.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаа болон эрдэм шинжилгээний ажлыг тусгай зөвшөөрөлгүй гүйцэтгэнэ.
16.2.Геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, ашигт малтмалын хуримтлал байж болох хэтийн төлөв бүхий талбайг тогтоох зорилгоор геологийн судалгааг шинжлэх ухааны үндэслэл бүхий арга, аргачлалын дагуу, тодорхой үе шаттайгаар гүйцэтгэнэ.
16.3.Улсын төсвийн хөрөнгөөр ашигт малтмал эрэх ажлыг цогц байдлаар гүйцэтгэнэ.
16.4.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны мэдээлэл төрийн мэдээллийн сангийн үндсэн бүрэлдэхүүн бөгөөд нийтэд нээлттэй байна.
16.5.Тусгай хэрэгцээний газарт улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж болох бөгөөд төлбөр төлөхгүй.
16.6.Улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг хянаж хүлээн авах журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд нийцүүлэн батална.
17 дугаар зүйл.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгах
/Энэ зүйлд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
17.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.3.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
17.4.Энэ хуулийн 10.1.20-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.5.Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:
17.5.1.дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх;
17.5.2.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх;
17.5.3.хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх.
17.6.Энэ хуулийн 17.5.2, 17.5.3-т заасан давхцал гаргахгүйн тулд хүсэлтэд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно:
17.6.1.улсын хил;
17.6.2.нөөцөд авсан талбай;
17.6.3.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар;
17.6.4.энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбай;
17.6.5.хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц.
17.7.Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байна.
/Энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
18 дугаар зүйл.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах, түүнийг бүртгэх журам
/Энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
18.1.Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:
18.1.1.тухайн хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг;
18.1.2.тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.3.үйлчилгээний хөлс төлсөн баримт;
18.1.4.мэргэжлийн боловсон хүчин болон техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан талаархи мэдээлэл, тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төрөл, хэмжээ, хугацаа, өртөг болон байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулах зардал бүхий төсөл, төсөв болон холбогдох бусад баримт бичгийг нэгтгэсэн техникийн санал;
18.1.5.төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу үйлдэж, битүүмжилж ирүүлсэн үнийн санал;
18.1.6.Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай татварын албаны тодорхойлолт;