- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ/Энэ тогтоолыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
2005 оны 06 сарын 09 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 32
Монгол Улсын эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж, эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, агаарын бохирдлыг багасгах, хөдөө, орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах замаар нийгэм, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2.Үндэсний хөтөлбөрийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчээр хангах сумдын төвийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
3.Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц. Элбэгдорж/-т үүрэг болгосугай:
1/ Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх;
2/ Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийн биелэлтийг 2 жил тутам гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах;
3/ Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр хамруулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэг авах, цэвэр хөгжлийн механизмыг ашиглах ажлыг зохион байгуулах;
4/ дараахь чиглэлээр хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-ын 2005 оны намрын чуулганд өргөн мэдүүлэх:
а/сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихэд чиглэгдсэн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;
б/сэргээгдэх эрчим хүчний үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг импортын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;
5/ төвлөрсөн эрчим хүчний системээс алслагдсан сумдын сургууль, эмнэлгийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангах арга хэмжээ авах;
6/ худгаас ус татах, бэлчээр, газар тариаланг усжуулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, газрын гүний дулаан, устөрөгч болон түлшний элемент, биомасс ашиглан цахилгаан дулаан гаргах дэд хөтөлбөрүүдийг гарган, үе шаттайгаар хэрэгжүүлэх;
4.Хөдөөгийн малчин айл, өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах "100 000 нарны гэрэл" үндэсний хөтөлбөрийн зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, нийт малчин айл, өрхийг 2005-2008 онд багтаан сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангах арга хэмжээ авахыг Засгийн газар /Ц. Элбэгдорж/-т үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A