A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ /Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 250

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

/Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай/

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосугай.

1.1."Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр", "Малын тэжээл", "Экологийн цэвэр бүтээгдэхүүн", "Сүү" хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгч, нийслэл болон томоохон суурин газрын орчим сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхэд шаардагдах газар зохион байгуулалт, бэлчээрийн хуваарилалтыг шинэчлэн зохион байгуулах, сүүний фермерүүд хоршиж тэжээлийн ургамал тариалах, хадлан тэжээл бэлтгэж нөөцлөх, тэжээлийн болон даршны үйлдвэрлэлийг дэмжих, сүүний чиглэлийн үхрийн генефондыг сайжруулах, өсвөр үхрийг технологийн дагуу бойжуулах, сүү хүлээн авах, хадгалах, тээвэрлэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, хуурай сүүний үйлдвэр байгуулах, сүү нөөшлөх технологи нэвтрүүлэх, сүүний нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

1.2.Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах, хүнсний ногооны нэр төрлийг олшруулж, сортыг сайжруулах, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногоог боловсруулах, нөөшлөх үйлдвэрлэлийг өргөжүүлэх, агуулахын аж ахуйг хөгжүүлэх, үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд борлуулалт хийх орчинг бүрдүүлэн тэдний харилцан холбоог ойртуулах.

1.3.Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдээс тавьж байгаа гаалийн албан татварыг нэмэгдүүлэх саналыг судлан санал боловсруулах арга хэмжээ авах.

1.4."Чацаргана" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, жимс, жимсгэнэ тариалах, боловсруулах жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх.

1.5.Дээр дурдагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусган 2011 оноос хэрэгжүүлж эхлэх.

Хоёр.Үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг эхний ээлжинд хэрэглэдэг дадал бий болгох, эх орныхоо хөрсөнд төмс, хүнсний ногоо, чацаргана, жимс, жимсгэнэ тариалж, хэрэглэгчдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах шинэ болон уламжлалт технологийг нэвтрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, малчид, тариаланчид, иргэдэд уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД