A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 5

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ИНТЕРНЭТИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн албан хаагчдын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа компьютерийг интернэтээс тусгаарлах, тухайн компьютерээс мэдээлэл хуулах, мэдээлэл гадагш гаргах аливаа эх үүсвэр, оролтыг хаах, шаардлагатай мэдээллийг зөвхөн албаны электрон шуудангийн хаягаар хүлээн авах техникийн боломжийг бүрдүүлж, төрийн байгууллагуудад үүсгэсэн утасгүй интернэтийн бүсийг Төрийн ордноос бусад газарт хааж, тодорхой зөвшөөрөгдсөн газарт ашиглах нөхцөл бүрдүүлэн шаардлагатай дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Тагнуулын ерөнхий газарт даалгасугай.

2. Төрийн албан хаагчид албан ажлынхаа хүрээнд интернэт ашиглах боломж бүхий орчин бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.

3. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, Төрийн ордны мэдээллийн сүлжээ, дэд бүтэц байгуулах ажлыг уялдуулан зохион байгуулахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлд, төрийн мэдээллийн сүлжээ байгуулахад дэмжлэг үзүүлж, шаардлагатай техникийн нөхцөл гаргах ажлыг зохион байгуулахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ