A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцох, бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн тусламж авах нөхцөлийг хангахад иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."сэтгэцийн эрүүл мэнд" гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг;

3.1.2."сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал" гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг;

3.1.3."сэтгэцийн эмгэг" гэж өвчний олон улсын ангиллын "сэтгэц, зан үйлийн эмгэгүүд" бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг;

3.1.4."сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих" гэж хүн өөрөө болон бусадтай хамтран сэтгэцийн эрүүл мэндээ хянах, сайжруулах боломж олгоход чиглэсэн эрүүл зан үйлийг дэмжих арга хэмжээг;

3.1.5."сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах" гэж хүн амд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулж, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, сэтгэл зүй, эдийн засгийн цогц арга хэмжээг;

3.1.6."сэтгэцийн эмгэгийн анхдагч урьдчилан сэргийлэлт" гэж иргэд, хамт олны дунд сэтгэц-зан үйлийн эмгэгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн эрүүл мэнд, нийгмийн цогц арга хэмжээг;

3.1.7."сэтгэцийн эмгэгийн хоёрдогч урьдчилан сэргийлэлт" гэж өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төвд сэтгэц, зан үйлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх, лавлагаа, тусламжид илгээх, хяналт тавих арга хэмжээг;

3.1.8."сэтгэцийн эмгэгийн гуравдагч урьдчилан сэргийлэлт" гэж аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, тусгай мэргэжлийн төвд сэтгэцийн эмгэг даамжран архагшиж, хүний хөдөлмөрийн чадварыг алдуулах, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх зорилгоор үзүүлэх эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг;

3.1.9."сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж" гэж өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төвд сэтгэцийн тулгамдсан асуудал, зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийг эрт илрүүлэх, зөвлөгөө өгөх, эмчлэх, лавлагаа, тусламжид илгээх, эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж авсны дараа хяналт тавих, сэргийлэх арга хэмжээг;

3.1.10."нийгэм, хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж сэтгэцийн тулгамдсан асуудал, зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгтэй хүнийг орон нутаг, гэр оронд нь ойр байлгаж эмчлэх, сэргээн засах, асрамжийн үйлчилгээ үзүүлэхийг;

3.1.11."сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн үйлчилгээ" гэж гэр оронгүй, тэжээн тэтгэх хүүхэд, төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие сэтгэцийн эмгэгтэй хүнийг амьдралын туршид байрлуулан эмчлэх, сувилах, сэргээн засах үйлчилгээ явуулах эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг;

3.1.12."сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ" гэж сэтгэцийн эмгэгийн улмаас хүний амьдрах ухаан, харилцаа, хөдөлмөрийн болон оюуны алдагдсан чадварыг нөхөн сэргээх, сэтгэцийн эмгэгтэй хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг;

3.1.13."сэтгэцийн эмгэгтэй хүний нийгэмд аюултай үйлдэл" гэж сэтгэцийн эмгэгийн улмаас хүн өөрийгөө хянах чадваргүй болж, өөрийн буюу бусдын амь нас, нийгэмд хор хохирол учруулахыг;

3.1.14."албан ажлын сэтгэл зүйн хэм хэмжээ" гэж албан ажлаа эрхлэх явцад баримтлах эрх, үүрэг, харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээг;

3.1.15."зан үйлийн эмгэг" гэж нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахуун, эрх зүй, ёс заншил, харилцаа, сахилга бат, амьдралын эрүүл хэв маягийн хэм хэмжээг баримталдаггүй, нийгэм, хамт олны дунд дасан зохицох чадваргүй байдлыг;

3.1.16."сэтгэцийн эмч" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, сэтгэцийн эмчийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг дүүргэж, эмчлэх эрхийн зөвшөөрөл авсан хүний их эмчийг;

3.1.17."эмнэл зүйн сэтгэл зүйч" гэж эмнэл зүйн сэтгэл зүйгээр төрөлжсөн мэргэшил эзэмшсэн сэтгэцийн эмчийг;

3.1.18."сэтгэл засалч" гэж сэтгэл заслаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн сэтгэцийн эмчийг;

3.1.19."сэтгэл зүйч" гэж их, дээд сургуулийг сэтгэл зүйн мэргэжлээр төгссөн мэргэжилтнийг;

3.1.20."сэтгэцийн эмгэгтэй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, эрүүл мэндийн бусад ажилтан" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.6-д заасныг.

4 дүгээр зүйл.Төрөөс хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, зарчим

Хэвлэх

4.1.Төрөөс хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого нь Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1-д заасан Төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар баримтлах бодлогоор тодорхойлогдоно.

4.2.Төрөөс хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод Эрүүл мэндийн тухай хуулийн 4.2.1, 4.2.3-т зааснаас гадна дараах үндсэн зарчмыг баримтална:

4.2.1.сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм, орчны сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сэтгэцийн эмгэгийн анхдагч, хоёрдогч, гуравдагч арга хэмжээг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ДЭМЖИХ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ

5 дугаар зүйл.Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх төрийн байгууллагын үүрэг

Хэвлэх

5.1.Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар төрийн бүх шатны байгууллага тус тусын эрх хэмжээний хүрээнд дараах үүрэг хүлээнэ:

5.1.1.архидан согтуурах, мансуурах, донтох зэрэг сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм, орчны сөрөг хүчин зүйлээс сэргийлэх, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, хэм хэмжээ, хууль тогтоомжийг мөрдөх арга хэмжээг зохион байгуулах;

5.1.2.хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэцийн эмгэгээс сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, судалгааны ажлыг зохион байгуулах;

5.1.3.хэвтүүлэн эмчлэх болон эмнэл зүйн, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг сэтгэцийн эмнэлэг, аймаг, дүүргийн эмнэлэгт бий болгох, сургууль, хамт олны түвшинд сэтгэл зүйч, нийгмийн ажилтны баг бүрдүүлж ажиллуулах;

5.1.4.сэтгэцийн эмгэгтэй хүний хэрэгцээ, чадамжийг харгалзан мэргэжлийн сургалтад хамруулах, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, гэр бүл, орон нутагт нь ойр байлгаж, амьдрах ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээнд шаардлагатай төхөөрөмж, хэрэгслээр хангах, нийгмийн халамжийн болон боловсролын тусгайлсан үйлчилгээг бий болгох зэргээр тэдний бие даан амьдрах чадвар, нийгмийн амьдралд оролцох оролцоог нь дээшлүүлэх арга хэмжээ авах;

5.1.5.хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ нь тогтоогдоогүй, иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүнийг асран халамжлах асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх;

5.1.6.иргэний эрх зүйн чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүнд түүний эдлэх эрхийн талаар танилцуулах, түүний хууль ёсны төлөөлөгчийг сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хууль тогтоомж боловсруулах, төлөвлөх, хянах үйл ажиллагаанд оролцох бололцоог бүрдүүлэх;

5.1.7.сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай санхүүжилтийн эрүүл мэндийн салбарын төсвийн санхүүжилтийн дотор эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, түүнийг сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, амбулатори, нийгэм, хамт олонд түшиглэсэн тусламж, үйлчилгээ, сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээнд түлхүү хуваарилах;

5.1.8.сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлын байр бий болгож, сэтгэцийн эмгэгтэй хүний асуудлыг дэмжих төв болон тусгайлсан асрамжийн газрыг аймаг, дүүрэгт байгуулах;

5.1.9.хуульд заасан бусад үүрэг.

6 дугаар зүйл.Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх иргэн, хуулийн этгээдийн үүрэг

Хэвлэх

6.1.Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

6.1.1.албан ажлын сэтгэл зүйн хэм хэмжээг байгууллагын дотоод дүрэм, журам, хамтын гэрээнд тусган мөрдөж ажиллах, хамт олныхоо сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж, тайван ажиллах орчныг бүрдүүлэх, энэ чиглэлээр бусад байгууллагаас зохион байгуулж байгаа нийтийг хамарсан үйл ажиллагаанд хамт олныг идэвхтэй оролцуулах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

6.1.2.иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны төлөөлөгчид дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах.

6.2.Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих талаар Монгол Улсын иргэн дараах үүрэг хүлээнэ:

6.2.1.өөрийн болон бусдын сэтгэцийн эрүүл мэндийг эрхэмлэн үзэж, ажиллаж, суралцаж, амьдарч байгаа орчиндоо зөв харилцаа, таатай нөхцөлийг бүрдүүлэх;

6.2.2.сэтгэцийн эмгэгтэй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохыг цээрлэх;

6.2.3.сэтгэцийн эмгэгтэй хүний бие даан амьдрах, нийгмийн амьдралд оролцоход нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ, УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТ

7 дугаар зүйл.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл

Хэвлэх

7.1.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:

7.1.1.сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж, үйлчилгээ;

7.1.2.амбулаторийн;

7.1.3.хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн;

7.1.4.нийгэм, хамт олонд түшиглэсэн;

7.1.5.сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн;

7.1.6.сэтгэц-нийгмийн сэргээн засах.

7.2.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хэрэгжүүлнэ.

7.3.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай мэргэжлийн төв дор дурдсан үүрэг хүлээнэ:

7.3.1.улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хяналтад авах, сэтгэл засал хийх, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг тогтоох, сэтгэц-нийгмийн нөхөн сэргээх лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

7.3.2.Энэ хууль, Эрүүл мэндийн тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хууль, төрөөс сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон холбогдох Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

/Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.3.сэтгэцийн эмгэгийн талаар улсын хэмжээний нэгдсэн тайлан мэдээ гаргах, мэдээллийн лавлагааны сан ажиллуулах;

7.3.4.шүүхийн тогтоолоор шүүх, сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах.

7.4.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага нь тусгай харуул хамгаалалт бүхий онцгой объектод хамаарна.

7.5.Сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэшлээр лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдлагатай холбоотой харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8 дугаар зүйл.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт

Хэвлэх

8.1.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

8.2.Улсын төсвөөс санхүүжих сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтална.

9 дүгээр зүйл.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим, эмнэлгийн мэргэжилтний үүрэг

Хэвлэх

9.1.Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн дор дурдсан үүрэг хүлээнэ:

9.1.1.сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмчлэхдээ эрхийг нь танилцуулж, эмчилгээ, шинжилгээний зорилго, арга, хугацаа, ач холбогдол, гарч болзошгүй гаж нөлөөний талаар урьдчилан мэдэгдэж, өөрөөс нь, тухайн этгээд иргэний эрх зүйн чадамжгүй тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр авах;

9.1.2.сэтгэцийн эмгэгтэй хүн, түүний хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээ, шинжилгээ хийлгэхээс татгалзсан тохиолдолд эмчилгээ, шинжилгээг хийлгээгүй буюу тэдгээрийг зогсоосноос гарч болзошгүй үр дагаварыг танилцуулах;

9.1.3.сэтгэц, зан үйлийн эмгэгийн оношилгоонд тухайн үед баримталж байгаа өвчний олон улсын ангилалд заасан шалгуурыг хэрэглэх;

9.1.4.сэтгэцийн эмгэгтэй хүнийг сэтгэцэд нөлөөт эмээр эмчлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт болон Монгол Улсын эмийн бүртгэлийг мөрдөх;

9.1.5.иргэний эрх зүйн чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүнээс, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээ, үйлчилгээний чанарын талаар үнэлгээ авч байх;

9.1.6.эмнэлэгт эмчлэгдээд гарсан сэтгэцийн эмгэгтэй хүнд үзүүлэх сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг түүний хууль ёсны төлөөлөгч болон холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

9.1.7.хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хүний сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тодорхойлуулахыг шаардахгүй байх;

9.1.8.сэтгэцийн эмгэгтэй хүний онош, эмчилгээ, хүний хувийн мэдээллийг хадгалах, эдгээр мэдээллийг өөрийнх нь, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй байх.

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.Дараах тохиолдолд мэдээллийг энэ хуулийн 9.1.8-д заасан зөвшөөрөлгүйгээр өгч болно:

9.2.1.сэтгэцийн эмгэгтэй хүний амь насанд нь аюул тулгарсан үед яаралтай мэдээлэл хэрэгтэй болсон;

9.2.2.тухайн этгээдэд өөрт нь болон бусдад хор уршиг учрах магадлалтай тохиолдолд;

9.2.3.нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах;

9.2.4.эрүүл мэндийн болон хуулийн байгууллагын албан хэрэгцээнд;

9.2.5.эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор.

9.3.Сэтгэцийн эмгэгтэй хүний эмчилгээ, үйлчилгээ, түүнд хяналт тавих журам, хугацааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

9.4.Сэтгэцийн эмгэгтэй хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, эрүүл мэндийн бусад ажилтны хөдөлмөр нь нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардах, хүнд нөхцөлтэй хөдөлмөрт хамаарах бөгөөд эмнэлгийн байгууллага нь нэмэгдэл цалин, мөнгөн урамшууллыг төсөвтөө багтаан олгож, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авч ажиллана.

9.5.Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн сэтгэл засалч эмчийн эмчлүүлэгчид өгсөн зөвлөгөө нь даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцад хамаарна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХ, ТҮҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

10 дугаар зүйл.Сэтгэцийн эмгэгтэй хүний эрх

Хэвлэх

10.1.Сэтгэцийн эмгэгтэй хүн Эрүүл мэндийн тухай хуулийн 43.1.3-т зааснаас гадна эрүүл мэндээ хамгаалуулах талаар дараах эрх эдэлнэ:

10.1.1.сэтгэцийн эрүүл мэндийн болон эмнэлгийн шаардлагатай үйлчилгээ авах, асран халамжлуулах;

10.1.2.албадан хэвтүүлж, эмчлэхээс бусад тохиолдолд иргэний эрх зүйн чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүн Эрүүл мэндийн тухай хуулийн 43.1.4-т заасан эрхийг эдлэх;

10.1.3.эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, эмчилгээ, шинжилгээний талаар санал өгөх, гомдол гаргах;

10.1.4.эмчилгээ, шинжилгээний үеэр хууль ёсны төлөөлөгчөө байлцуулах тухай хүсэлт тавих.

10.2.Иргэний эрх зүйн чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүн иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүх эрхийг эдэлнэ.

11 дүгээр зүйл.Сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүрэг

Хэвлэх

11.1.Сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны төлөөлөгч нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

11.1.1.сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалуулах талаар хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих, гомдол гаргах;

11.1.2.иргэний эрх зүйн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмчлүүлэх болон өвөрмөц эмчилгээ, шинжилгээ хийлгэхэд нь бичгээр зөвшөөрөл өгөх, эмчийн заавар, зөвлөгөөг мөрдөх, эмчилгээ, үйлчилгээ хугацаандаа хийж байгаа эсэхэд хяналт тавьж, үнэлгээ өгөх, гомдол гаргах;

11.1.3.сэтгэцийн эмгэгтэй хүний эрүүл мэндийн тухай мэдээллийг хууль тогтоомжоор хориглосноос бусад тохиолдолд эмчлэгч эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах;

11.1.4.сэтгэцийн эмгэгтэй хүнийг хоол, хувцас, орон байраар хангах, асран халамжлах;

11.1.5.сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмнэлгээс гаргах, гэртээ болон эмнэлэгт нас барсан тохиолдолд оршуулгын ажлыг зохион байгуулах;

11.1.6.сэтгэцийн эмгэгтэй хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх болон энэ чиглэлээр бодлого, хууль тогтоомж боловсруулахад саналаа өгөх;

11.1.7.хуульд заасан бусад эрх, үүрэг.

ТАВДУГААР БҮЛЭГ

СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮНИЙГ ЭМНЭЛЭГТ АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ТҮҮНД ҮЗҮҮЛЭХ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУСЛАЛЦАА

12 дугаар зүйл.Сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмнэлэгт албадан эмчлэх

Хэвлэх

12.1.Сэтгэцийн эмгэгтэй хүнийг дараах тохиолдолд албадан эмчилнэ:

12.1.1.өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийхийг завдаж байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор;

12.1.2.өөрөө болон түүний хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээ, шинжилгээний талаар зөвшөөрөл өгөх боломжгүй бөгөөд эмчилгээ, шинжилгээ нь тухайн хүний эрүүл мэнд, сэтгэцийн байдалтай тохирч байгааг эмнэлгийн эрх бүхий мэргэжилтэн нотолж байгаа.

12.2.Сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмнэлэгт албадан эмчлэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 25.1-д заасны дагуу сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмчийн магадлагааг үндэслэх ба эмнэлгийн мэргэжилтэн нь албадан эмчлэх үндэслэлийг сэтгэцийн эмгэгтэй хүн, түүний хууль ёсны төлөөлөгчид нэн даруй мэдэгдэнэ.

12.3.Эмнэлэгт албадан эмчлүүлсэн, нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүний сэтгэцийн байдал нь албадан эмчлүүлэх заалттай тохирч байгаа эсэхийг түүнийг эмнэлэгт хэвтсэнээс хойш 72 цагийн дотор тусгай комисс магадлан тогтооно.

12.4.Энэ хуулийн 12.3-т заасан Магадлан тогтоох комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

12.5.Албадан эмчлэх шаардлагатай сэтгэцийн эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

13 дугаар зүйл.Сэтгэцийн эмгэгтэй хүний аюулгүй байдлыг хангах

Хэвлэх

13.1.Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүнд шаардлагатай тохиолдолд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн тусгаарлах болон номхотгох аргыг хэрэглэх бөгөөд тусгаарлах болон номхотгох аргын жагсаалт, тэдгээрийг хэрэглэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

13.2.Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүнд яаралтай тусламж үзүүлэх болон эмнэлгээс оргосон тохиолдолд түүнийг эрэн сурвалжилж олох, эмнэлэгт хүргэх үйлчилгээнд цагдаагийн байгууллага хамтран ажиллах үүрэгтэй.

13.3.Сэтгэцийн эмгэгтэй хүнийг хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн орчин нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан, сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны эрх ашиг, аюулгүй байдлыг хангахуйц нөхцөлийг бүрдүүлсэн байна.

14 дүгээр зүйл.Сэтгэцийн эмгэгтэй хүнд үзүүлэх нийгмийн халамжийн туслалцаа

Хэвлэх

14.1.Мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн сэтгэцийн эмгэгтэй хүнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох, асрамж, үйлчилгээнд хамруулах асуудлыг эрх бүхий байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

15.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

15.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД