A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДУУДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 100

Улаанбаатар хот

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДУУДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 5.3, 5.4, 9.1.5, 9.1.8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, Цөмийн энергийн тухай хуулийн 9.1.1, 9.1.2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.2, Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүний хөгжил санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг тогтворжуулах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Монголын талын хувь, "Багануур" ХК, "Шивээ-Овоо" ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг "Эрдэнэс МГЛ" ХХК-д тус тус шилжүүлсүгэй.

2. Төрийн эзэмшлийн хувь болон хувьцааг "Эрдэнэс МГЛ" ХХК-д шилжүүлэх ажлыг 2013 оны II улиралд багтаан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар), "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян нарт тус тус даалгасугай.

3. Стратегийн ач холбогдол бүхий Төмөртэйн төмрийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг "Эрдэнэс МГЛ" ХХК-д шилжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, Засгийн газарт танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

4. Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зохистой хувилбарыг сонгох талаар ОХУ-ын талтай хийх хэлэлцээрийн төсөл бэлтгэж Засгийн газарт танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

5. Стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын зэс, молибден, Төмөртэйн овооны цайр, хар тугалга, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алтны орд тус бүрийн үнэлгээ, төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг судлан, зарим ордын тогтвортой байдлын гэрээг дүгнэж, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, орд ашиглах гэрээний төсөл боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасугай.

6. Стратегийн ач холбогдол бүхий ураны Мардай, Дорнод, Гурван булагийн ордуудыг ашиглах боломж, нөхцөлийг судалж, төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох, орд ашиглах гэрээний төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

7. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын хил хязгаарыг тогтоох, Хөшөөтийн нүүрс, Цайдам нуурын нүүрс, Гацууртын алтны болон бусад томоохон ордууд, газрын ховор элементүүдийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ордын ангилалд хамруулах чиглэлээр санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх нарт тус тус даалгасугай.

8. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд М.Сономпил, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар), "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ