- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (ОУ-ын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 103
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Авто замын тухай хуулийн 21.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор баталж, "Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тогтоосугай.
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2019 оны 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгасугай:
2.1. олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг тогтоож, Монгол Улсын авто замын сүлжээний зурагт тэмдэглэж нийтэд мэдээлэх арга хэмжээ авах;
2.2. шинээр барих авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн барилга, байгууламжийн зураг төсөл болон уг цэгийг барьж байгуулахад шаардагдах тоног төхөөрөмжийн судалгаа, тооцооны хамт боловсруулж байх талаар холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулж мөрдүүлэх;
3. Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагаа, авто зам ашиглалтын болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд тавих хяналтыг шаардлагатай цэгүүдэд цогц байдлаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Зам, тээврийн сайд М.Зоригт нарт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Ц.Шаравдорж)-т тус тус үүрэг болгосугай.
4. Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэг байгуулах зардлыг улсын авто замын сан болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд М.Зоригт, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай.
5. Орон нутгийн чанартай болон аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршил, төлбөрийн хэмжээг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 106 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A