- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.7, 8.8, 8.9 дэх хэсэг нэмсүгэй:
"8.7.Уяачид улс, аймаг, сумын цолыг жил бүрийн цагаан сарын баяраар олгоно.
8.8.Энэ хуулийн 8.3 - 8.6-д заасны дагуу уяачийн амжилтыг тооцож цол олгохдоо тухайн уралдааныг зохион байгуулж буй Хурдан морины салбар хороо /комисс/ -нд уяачаар бүртгүүлсэн иргэний амжилтад тооцон уг цолыг олгох бөгөөд түрүүлсэн, айрагдсан нэг морины нэг удаагийн амжилт нь зөвхөн энэ зүйлд заасан нэг уяачид цол олгох үндэслэл болно.
8.9.Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд 6-10 дугаар байр эзэлсэн бүх насны хурдан морийг баяр наадмын хурдан морины салбар хороо орон даяар нийтэд зарлана."
2 дугаар зүйл.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан
7.1.Улсын баяр наадамд 512 бөх барилдах бөгөөд дараахь амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно: /Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
7.1.1.тав давсан бөхөд улсын начин;
7.1.2.зургаа давсан бөхөд улсын харцага;
7.1.3.долоо давсан бөхөд улсын заан;
7.1.4.найм давсан бөхөд улсын гарьд;
7.1.5.ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан;
7.1.6.улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга;
7.1.7.улсын аварга түрүүлсэн бол улсын далай аварга;
7.1.8.улсын далай аварга түрүүлсэн бол улсын даян аварга;
7.1.9.улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга.
7.2.Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно. /Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
7.3.Аймгийн баяр наадамд 128 бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
7.4.Энэ хуулийн 7.3-т заасан наадамд 256 бөх барилдсан бол тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, долоо давсан бөхөд аймгийн заан, найм давсан бөхөд аймгийн арслан цол олгоно.
7.5.Сумын баяр наадамд 64 бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
7.6.Энэ хуулийн 7.5-д заасан наадамд 128 бөх барилдсан тохиолдолд тав давсан бөхөд сумын начин, зургаа давсан бөхөд сумын харцага, долоо давсан бөхөд сумын заан цол олгоно.
7.7.Зэвсэгт хүчин, бусад цэргийн хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулагдаж буй цэргийн наадмаар уламжлалыг харгалзан аймгийн баяр наадмынхтай ижил нөхцөлөөр цэргийн начин, цэргийн харцага, цэргийн заан, цэргийн арслан цолыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгож болно.
7.8.Үндэсний бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхчүүдийг цолны болон амжилтынх нь эрэмбээр тулгаж барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдана.
7.9.Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй.
7.10.Энэ хуулийн 7.2, 7.4, 7.6-д заасан барилдааныг тэгш ойн Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулж болно."
3 дугаар зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.5-ын "10" гэснийг "6" гэж, "20" гэснийг "12" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2, 12.4.5, 14.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"10.2.Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна."
2/ 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалт:
"12.4.5.бөх, харваачийг энэ хуулийн 10.2-т заасан сэргээшийн шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах;"
3/ 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
"14.3.Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна."
5 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
