- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрчим хүчний тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг:
"2.4.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө."
2/ 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5 дахь заалт:
"5.1.4.эрчим хүчний аюулгүйн нөөц болон хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, нөөцийн жагсаалтыг батлах;
5.1.5.эрчим хүчний хөгжил, стратегийн болон нормативын баримт бичиг боловсруулах, эрчим хүчний нөөцийн үндэсний балансыг тооцоолохтой холбогдсон зардлыг санхүүжүүлэх журам батлах."
3/ 6 дугаар зүйлийн 6.1.8- 6.1.11 дэх заалт:
"6.1.8.эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн статистик мэдээллийг авах, эрчим хүчний үндэсний баланс гаргах, норм нормативыг батлах, стандарт боловсруулах;
6.1.9.эрчим хүчний нөөцийн үнэлгээ хийх журмыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж хэрэгжүүлэх;
6.1.10.эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогыг боловсруулах;
6.1.11.халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох."
4/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
"7.3.Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна."
5/9 дүгээр зүйлийн 9.1.14-9.1.19 дэх заалт:
"9.1.14.эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг батлах, тооцоог хянах;
9.1.15.энэ хуулийн 25.1.9-д заасан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хянаж, хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх асуудлыг тарифын зохицуулалтаар шийдвэрлэх.
9.1.16.эрчим хүчний үнэ, тарифыг индексжүүлэх журам батлах;
9.1.17.хэрэглэгчид ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлөх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрчим хүчний үнэ тарифын алдагдалтай холбоотой татаасыг улсын төсвөөс олгох асуудлыг Засгийн газарт оруулах;
9.1.18.эрчим хүчний зохицуулалттай үйлчилгээний хөлсний хэмжээг батлах;
9.1.19.Зохицуулах хорооны төсвийг батлах, ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлагнах."
6/10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг:
"10.2.Нэгдсэн сүлжээний арилжааны үйл ажиллагааг удирдан явуулна."
7/12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэг:
"12.6.Хэрэглэгчийн өөрийн технологийн хэрэгцээнд зориулан татсан шугам, дэд станцаас авсан хэрэглэгчийн шугам сүлжээнд тухайн хуулийн этгээдэд зохицуулалттай цахилгаан, дулааны түгээх, хангах тусгай зөвшөөрөл олгохгүй."
8/17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг:
"17.3.Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэр дээрх зарим хэрэглэгчдийн цахилгааны борлуулалтыг иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Гэрээт борлуулагчид худалдах үнэ, төлөх шимтгэлийг хоорондын гэрээгээр тохиролцох ба хэрэглэгчид Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон үнээр худалдана."
9/27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэг:
"27.7.Цахилгаан, дулааныг үйлдвэрлэхэд ашиглагдах түлшний хангамжийн хэмжээ, үнийг урт хугацааны тогтвортой гэрээгээр зохицуулж болно."
2 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 61дүгээр зүйлийн 61.1.3 дахь заалтын "боловсруулах" гэсний дараа ", эсхүл зохион байгуулах" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.12 дахь заалтын "хангах" гэсний дараа ", гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Эрчим хүчний тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйл:
"3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг;
3.1.2."эрчим хүчний нөөц" гэж цахилгаан, дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж болох бүх төрлийн түлш, сэргээгдэх болон бусад эх үүсвэрийг;
3.1.3."түлш" гэж цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглагдах бүх төрлийн нүүрс, занар, мазут, газрын тос, уран ба торийн хүдэр, тэдгээрийн дагавар бүтээгдэхүүн болон баяжмал, байгаль дээр оршиж байгаа биомасс, бусад органик материал, хийн түлшийг;
3.1.4."эрчим хүчний эх үүсвэр" гэж эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг;
3.1.5."нэгдсэн сүлжээ" гэж хоёр буюу түүнээс дээш аймгийн төвийг хамран цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хоорондоо холбогдсон эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээг;
3.1.6."нэгдсэн сүлжээний дүрэм" гэж нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;
3.1.7."цахилгаан дамжуулах сүлжээ" гэж цахилгаан дамжуулах зориулалт бүхий 110 кв, түүнээс дээш хүчдлийн шугам, дэд станц, түүнчлэн энэ сүлжээнд холбогдсон, эсхүл техник, технологийн хувьд энэ сүлжээнд хамрагдах шаардлагатай бусад хүчдлийн шугам, дэд станцыг;
3.1.8."цахилгаан түгээх сүлжээ" гэж эх үүсвэрээс шууд холбогдсон болон цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх шугам, дэд станцыг;
3.1.9."эрчим хүчний барилга байгууламж" гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг;
3.1.10."эрчим хүчний барилга байгууламж барих" гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станцыг барьж байгуулах, технологийн үндсэн тоноглолд техникийн шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэхийг;
3.1.11."төвлөрсөн дулаан хангамж" гэж дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болон дулааныг дангаар үйлдвэрлэдэг эх үүсвэрээс диспетчерийн зохицуулалттайгаар, эсхүл төв суурин газрын нийт хэрэглээний 50 хувиас дээш хэсгийг шугам сүлжээгээр хангах үйл ажиллагааг;
3.1.12."төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм" гэж төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;
3.1.13."дулаан дамжуулах сүлжээ" гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг;
3.1.14."дулаан түгээх сүлжээ" гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг;
3.1.15."халаалтын улирал" гэж барилга, байгууламжийг дулаанаар хангах шаардлагатай, хүний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон жилийн цаг агаарын дундаж үзүүлэлтэд тулгуурлан тогтоосон хугацааг;
3.1.16."эрчим хүчээр хангагч" гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
3.1.17."эрчим хүчний зохицуулалттай хангалт" гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн тариф /цаашид "зохицуулалттай тариф" гэх/-аар хэрэглэгчид эрчим хүч худалдахыг;
3.1.18."эрчим хүчний зохицуулалтгүй хангалт" гэж гэрээний үнээр хэрэглэгчид эрчим хүч худалдахыг;
3.1.19."хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;
3.1.20."хэрэглэгчийн зэрэглэл" гэж эрчим хүчээр хангах гэрээний нөхцөл болон эрчим хүчний хэрэглээний хэмжээ, хугацаанаас хамааруулан хэрэглэгчийг ангилахыг;
3.1.21."аж ахуйн харилцааны дүрэм" гэж хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг;
3.1.22."тариф" гэж үйлдвэрлэгчийн үнэ, диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг;
3.1.23."цөмийн эрчим хүчний нөөц" гэж эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор цөмийн эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох цөмийн түлшийг;
3.1.24."цөмийн эрчим хүч" гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн эрчим хүчийг;
3.1.25."цөмийн эрчим хүчний эх үүсвэр" гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж эрчим хүч үйлдвэрлэж байгаа байгууламжийг;
3.1.26."диспетчерийн зохицуулалт" гэж диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлэн нэгдсэн сүлжээний өдөр тутмын шуурхай үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохицуулахыг;
3.1.27."индексжүүлэлт" гэж хэрэглэгчид худалдах эрчим хүчний үнэ тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан тооцож зохицуулахыг;
3.1.28."аюулгүйн нөөц" гэж гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн хохирлыг сулруулах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний аюулгүй байдлыг хангах зорилгоор зайлшгүй шаардлагатай нөөцлөх түлш, шатах тослох материал, тоног төхөөрөмжийг;
3.1.29."хэрэглэгчийн ангилал" гэж хэрэглээний шинж чанар, эрчим хүчээр хангах зардал зэргийг үндэслэн хэрэглэгчийн тарифыг тогтоох зорилгоор хэрэглэгчийг ангилахыг."
2/6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:
"6.2.Эрчим хүчний үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн удирдлагыг томилох, чөлөөлөхөд эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь эрх бүхий байгууллагатай зөвшилцөнө."
3/8 дугаар зүйл:
"8 дугаар зүйл.Эрчим хүчний зохицуулах хороо
8.1.Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэгтэй байна.
8.2.Зохицуулах хороог орон тооны гурав, орон тооны бус хоёр, нийт таван гишүүний бүрэлдэхүүнтэй зохицуулагчид удирдана.
8.3.Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, орон тооны бус хоёр зохицуулагчийг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн саналыг тус тус үндэслэн Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно.
8.4.Зохицуулагч эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн эрхтэй байна.
8.5.Зохицуулах хорооны дэргэд хэрэглэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тэнцүү тооны төлөөллөөс бүрдсэн, зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байгуулж болно.
8.6.Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний төлбөрөөр санхүүжинэ.
8.7.Зохицуулах хороо санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж нийтэлнэ.
8.8.Зохицуулах хороо нь ажлын албатай байх ба ажлын албыг ажлын албаны дарга удирдах бөгөөд ажлын албаны даргыг зохицуулах хорооноос томилж, чөлөөлнө.
8.9.Ажлын албаны дүрмийг Зохицуулах хороо батална."
4/9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт:
"9.1.4.тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;"
5/9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт:
"9.1.13.тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч цахилгаан, дулаан нийлүүлэх, авах зорилгоор цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдоход шаардагдах санхүү, техник, цаашид бусад хэрэглэгчийн холболтын журам батлах;"
6/10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:
"10.1.Диспетчерийн үндэсний төв нь эрчим хүчний диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч байна."
7/11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг:
"11.2.Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь нийт гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Гурван гишүүний нэг нь орон тооны байна. Зохицуулах зөвлөлийн ажиллах журам, түүний гишүүнийг томилох журмыг Зохицуулах хороо тогтооно."
8/11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт:
"11.3.3.Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх."
9/15 дугаар зүйлийн 15.2.6 дахь заалт:
"15.2.6.бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцсөний үндсэн дээр нэгдсэн сүлжээний дүрмийг боловсруулах, хэрэгжүүлэх."
10/16 дугаар зүйлийн 16.3.7 дахь заалт:
"16.3.7.энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын журмын шаардлага хангасан хэрэглэгчтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 17.3-т заасан гэрээг байгуулж, тухайн хэрэглэгчийн шугамаас бусад хэрэглэгчийг холбох;"
11/17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалт:
"17.2.4.аж ахуйн харилцааны дүрмийг мөрдөх."
12/19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:
"19.3.Цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн импортлох, экспортлох эрчим хүчний хэмжээг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно."
13/25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалт:
"25.1.5.Нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрмийн дагуу цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах."
14/26 дугаар зүйлийн 26.2.8 дахь заалт:
"26.2.8.тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон ашгийн зохих түвшинг хангасан байх;"
15/26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг:
26.4.Зохицуулах хороо нь тарифыг тодорхойлох аргачлал болон тарифын саналыг хянах, шалгах журмыг гаргана."
16/27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг:
"27.1.Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь хангагчаас үзүүлж байгаа үйлчилгээний нөхцөл, үнийг жил бүр, тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд 3 сард нэг удаа хянана."
4 дүгээр зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад "зохицуулах газрыг" гэснийг "зохицуулах хороог" гэж, 9 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3 дахь хэсэгт "Зохицуулах газар" гэснийг "Зохицуулах хороо" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх заалтын "Зохицуулах газрын" гэснийг "Зохицуулах хорооны" гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн "Зохицуулах газраар" гэснийг "Зохицуулах хороогоор" гэж, 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн "Зохицуулах газраас" гэснийг "Зохицуулах хорооноос" гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн эхний өгүүлбэрийн "олгогчид" гэснийг "эзэмшигчид" гэж, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтын "зэрэглэл" гэснийг "ангилал" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх заалтын дугаарыг "9.1.20" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.7 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
