A

A

A

Бүлэг: 1979

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Газрын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/ 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"6.4.Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно."

2/ 441дүгээр зүйл:

"441дүгээр зүйл. Сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг ашиглуулах

Хэвлэх

441.1.Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн холбооны гүйцэтгэх захирал орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу уг асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий тухайн шатны Засаг даргад гаргана.

441.2. Орчны газрыг ашиглах тухай хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:

441.2.1.сууц өмчлөгчдийн холбооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг, уг холбоог бүртгэсэн тухай сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт;

441.2.2.нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн байршил, хаяг;

441.2.3. ашиглуулах орчны газрын зориулалт, хэмжээ, зааг, байршил, нэгж талбар /ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол зэрэг/-ийг харуулсан тойм зураг;

441.2.4. баг, хорооны Засаг даргын санал.

441.3. Нийтийн зориулалттай хэд хэдэн орон сууцны байшингийн орчны газар давхардаж байвал тухайн орон сууцны байшингийн сууц өмчлөгчдийн холбоод дундаас сонгогдсон аль нэг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал хүсэлт гаргана.

441.4. Энэ хуулийн 441.2-д заасан хүсэлтийг нийслэл, дүүргийн газрын асуудал эрхэлсэн алба, сумын газрын даамал хүлээн авч шалгана. Энэхүү хүсэлт нь энэ хуулийн 441.2-т заасан шаардлагыг хангаагүй бол 14 хүртэл хоногийн хугацаа тогтоон хүсэлт гаргагчид уг шаардлагыг хангах боломж олгоно. Хэрэв тогтоосон хугацаанд шаардлагыг хангаагүй бол уг хүсэлтийг гүйцэтгэх захиралд буцаана.

441.5. Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гэрээ байгуулна.

441.6. Энэ хуулийн 441.5-д заасан гэрээнд дараахь зүйлийг тусгана:

441.6.1. газар ашиглуулах үндэслэл;

441.6.2. ашиглах газрын зориулалт;

441.6.3. газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг;

441.6.4. газрын төлөв байдал, чанарын үзүүлэлт;

441.6.5. газар ашиглуулах хугацаа;

441.6.6. талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага;

441.6.7. газрыг хамгаалах, нөхөн сэргээх талаар хийх ажил;

441.6.8. газрыг хүлээн авсан тухай акт;

441.6.9. шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.

441.7. Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын хэмжээг тогтоохдоо Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйл болон барилгын холбогдох норм, дүрмийг баримтална.

441.8. Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ерөнхий төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн алба болон хот байгуулалтын алба хамтран батална.

441.9.Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байна. Энэ хуулийн 441.6-д заасан гэрээг нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно.

441.10.Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрыг ашиглах талаар энэ хуулийн 35.1.1, 35.1.3, 35.1.5-д заасан эрхийг эдэлж, энэ хуулийн 35.3.2, 35.3.5-д заасан үүрэг хүлээнэ. Сууц өмчлөгчдийн холбоо нь энэ хуулийн 441.6-д заасан гэрээнд дурдсан нөхцөл, болзлыг биелүүлнэ.

441.11.Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрыг ашиглуулах гэрээнд зааснаас өөр зориулалтаар газрыг ашигласан бол газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал энэ хуулийн 441.5-д заасан гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

441.12.Сууц өмчлөгчдийн холбоо нь гэрээнд зааснаас өөр зориулалтаар орчныхоо газрыг ашигласнаас учирсан хохирол, гарсан зөрчлийг бүрэн барагдуулсаны дараа энэ хуулийн 441.2-т заасан журмын дагуу дахин хүсэлтээ гаргаж болно."

3/ 56 дугаар зүйлийн 7, 8, 9,10 дахь хэсэг:

"56.7. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламжийн төлөвлөлт, барилгажилтийн норм, дүрмийг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

56.8.Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрыг тохижуулах, арчлах, цэвэрлэх, хамгаалах үүргийг тухайн сууц өмчлөгчдийн холбоо хариуцна.

56.9.Орчны газарт байрлаж байгаа инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.

56.10.Сууц өмчлөгчдийн холбоонд гэрээгээр ашиглуулж байгаа орчны газарт хийх засвар, үйлчилгээ нь газар ухах, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоолыг нь буулгах зэргээр тухайн газарт өөрчлөлт оруулахаар бол мэргэжлийн байгууллага нь сууц өмчлөгчдийн холбоотой урьдчилан тохиролцож, гэрээ байгуулна."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ