- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДААТГАЛЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуульд дор дурдсан агуулгатай 121 дүгээр зүйл нэмсүгэй:
121 дүгээр зүйл. Даатгагчдын нэгдсэн холбоо
121.1.Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан даатгагч нь Албан журмын даатгагчдын холбоо /цаашид "Холбоо" гэх/-нд гишүүн болох үүрэгтэй. 121.2.Холбоонд албан журмын даатгагч бүр нэгдэх бөгөөд уг холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагч, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулах ба удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хороо батална. 121.3.Холбоо нь дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх алба, сантай байна: 121.3.1.албан журмын даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий даатгалын мэдээллийн нэгдсэн сан; 121.3.2. даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, даатгалын тохиолдлыг шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиг үүрэг бүхий шуурхай алба; 121.3.3.албан журмын даатгалын сан. 121.4.Энэ хуулийн 121.3.3-т заасан даатгалын санг бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг албан журмын даатгалын хэлбэрийг тогтоосон хуулиар зохицуулна. 121.5.Холбоо нь дараах үндсэн эрх, үүрэгтэй:
121.5.1.гишүүдийн үйл ажиллагааны уялдаа, холбоог хангах;
121.5.2.гишүүдийн ашиг сонирхлыг хамгаалах;
121.5.3.шүүхийн өмнө гишүүдийн эрх ашгийг хамгаалах;
121.5.4.даатгалын тохиолдлыг бууруулах, албан журмын даатгалын сургалт, сурталчилгаа явуулах. 121.6.Холбооны хөрөнгө дараах үндсэн эх үүсвэрээс бүрдэнэ:
121.6.1.үүсгэн байгуулагчаас шилжүүлсэн хөрөнгө;
121.6.2.элсэлтийн хураамж, гишүүний татвар болон бусад төлбөр;
121.6.3.зээл, тусламж, хандив;
121.6.4.хуулиар зөвшөөрсөн бусад эх үүсвэр. 121.7.Санхүүгийн зохицуулах хороо нь Холбооны үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, зааврыг баталж, уг холбооны үйл ажиллагаанд хяналт тавина. 121.8.Холбоо нь үйл ажиллагаагаа жил бүр Зохицуулах хороонд тайлагнах бөгөөд холбооны санхүүгийн хураангуй тайланг жил бүрийн эхний улиралд багтаан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. 121.9.Холбоо нь хууль тогтоомжид нийцсэн, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн дүрэмтэй байна.
2 дугаар зүйл.Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтын даатгалын нөөц сан гэсний дараа "албан журмын даатгалын сан"гэж мөн зүйлийн 14.2.4 дэх заалтын "даатгалын нөөц санд" гэсний дараа "болон албан журмын даатгалын санд" гэж, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийн "Даатгагч" гэсний дараа "болон энэ хуулийн 121 дүгээр зүйлд заасан Холбоо" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлийн 83.1.33 дахь заалтын "заавал" гэснийг, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "заавал даатгах" гэснийг "албан журмын" гэж, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн "Заавал даатгуулах"гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "Заавал" гэснийг "албан журмын" гэж, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийн "компанийн" гэснийг "компани болон Холбооны" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг Жолоочийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
