A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/5 дугаар зүйлийн 5.4.30 дахь заалт: "5.4.30.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан" 2/6 дугаар зүйлийн 6.4.16 дахь заалт: "6.4.16.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан" 3/213 дугаар зүйл: "213 дугаар зүйл.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 213.1.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ: 213.1.1.шүүхээс ногдуулсан торгох ялыг биелүүлж төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө; 213.1.2.замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчилд ногдуулсан захиргааны торгох шийтгэлийг биелүүлж төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө; 213.1.3.шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэ хуулийн 213.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээс хохирол барагдуулсан төлбөр. 213.2.Энэ хуулийн 213.1-д заасан сангийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 81.1, 81.2 /Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/, 91.1, 91.2 /Хүнийг санаатай алах/, 96.1, 96.2 /Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 108.3 /Хүн хулгайлах/, 109.3 /Хүнийг хууль бусаар хорих/, 112.3 /Хүнийг барьцаалах/, 113.3 /Хүн худалдаалах/, 126.2, 126.3 /Хүчиндэх/, 147.3 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 177.2 /Зандалчлах/, 1781.2 /Терроризм/, 251.2, 251.3 /Эрүү шүүлт тулгах/-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дор дурдсан хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна: 213.2.1.эмчилгээний зардал; 213.2.2.оршуулгын зардал; 213.2.3.хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого. 213.3.Гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодорхойлогдоно. 213.4.Энэ хуулийн 213.1-д заасан сангаас олгох нөхөн төлбөр нь дор дурдсан хэмжээнээс ихгүй байна: 213.4.1.энэ хуулийн 213.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг; 213.4.2.энэ хуулийн 213.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг. 213.5.Гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөрийг нэг удаа олгоно. 213.6.Энэ хуулийн 213.1-д заасан сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журмыг Засгийн газар тогтооно. 213.7.Гэмт хэргийн хохирогчид энэ хуулийн 213.1-д заасан сангаас олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээр уул санд буцаан төлүүлнэ. 213.8.Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу зохих төлбөрийг гаргуулна. 213.9.Төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 213.2-т заасан зориулалтаар өмнөх онд гарсан зардал болон төвлөрсөн орлогын гүйцэтгэлийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө." 4/26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэг: "26.7.Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 213.1-д заасан сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг дараахь шаардлагыг хангасан тохиолдолд гаргана: 26.7.1.хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; 26.7.2.гэм буруутай этгээд хохирлыг барагдуулаагүй, эсхүл дутуу барагдуулсан; 26.7.3.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр гарсан. 2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын "5.4.29-д" гэснийг "5.4.29, 5.4.30-д" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчид уг хууль үйлчилнэ. 4 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх