- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Засгийн газрын тухай хуульд дор дурдсан агуулгатай 181дүгээр зүйл нэмсүгэй:
"181дүгээр зүйл. Дэд сайдын бүрэн эрх
1.Дэд сайд сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах;
2/сайдын нэрийн өмнөөс холбогдох агентлаг, бусад байгууллагатай өдөр тутам харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах;
3/хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;
4/сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;
5/Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;
6/хуульд заасан бусад бүрэн эрх.
2.Сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.
3.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна.
4.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь түүнийг Засгийн газар томилсноор эхэлж, тухайн дэд сайдыг шинээр томилсноор дуусгавар болно.
5.Дэд сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.
6.Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон дэд сайдын бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
7.Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг уг албан тушаалд дахин томилоход саад болохгүй.
8.Сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй.
9.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ дэд сайд Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно.
10.Дэд сайд бодлогын асуудлаар сайдтай санал зөрснөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно. Харин энэ талаар эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг нь хүлээнэ."
2 дугаар зүйл. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Засгийн газрын гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хамтарсан тушаал гаргаж болно." гэсэн агуулгатай 3 дахь өгүүлбэр нэмсүгэй.
3 дугаар зүйл. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна."
4 дүгээр зүйл. Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх өгүүлбэрийн "мэргэшлийн үндсэн дээр" гэснийг, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 3 дахь заалтын "шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал техникийн хангамж, үйлчилгээ" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл. Засгийн газрын тухай хуулийн зүйлийн дугаарыг "181" гэснийг "182", "182" гэснийг "183" гэж тус тус өөрчилсүгэй
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
