A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 12 сарын 19 өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 6 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэг:

"7.Нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба гадаадад хувийн хэргээр зорчих иргэний үндэсний гадаад паспорт авах хүсэлтийг 10 хоног, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цагаачлах хүсэлтийг 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.

8.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуууллага үндэслэл бүхий хариуг бичгээр өгнө."

2/ 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Монгол Улсын үндэсний гадаад паспортыг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, гадаадад дипломат төлөөлөгчийн болон консулын газар олгоно."

2 дугаар зүйл. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Иргэний бүртгэл, мэдээлийн улсын төв" гэснийг "иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийн "Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд" гэснийг "гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, мөн зүйлийн 10 дахь хэсгийн "Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба" гэснийг "Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс" гэснийг "иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ