- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь бүлэг, заалт нэмсүгэй:
1/ Наймдугаар бүлэг:
"НАЙМДУГААР БҮЛЭГ.Өвчтөн сахисны тэтгэмж
212 дугаар зүйл. Өвчтөн сахисны тэтгэмж
1.Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 3-аас доошгүй сар төлсөн даатгуулагч эх /эцэг/, хууль ёсны асран хамгаалагч 0-5 насны хүүхдээ эмнэлэгт сахиж эмчлүүлсэн бол өвчтөн сахисны тэтгэмж олгоно.
2.Даатгуулагчид өвчтөн сахисны тэтгэмжийг хуанлийн жилд нийтдээ ажлын 30 өдрөөс илүүгүй хугацаанд тооцож олгоно.
3.Өвчтөн сахисны тэтгэмжийн хэмжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.
4.Өвчтөн сахисны тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах журам, шийдвэрлэх хугацаа, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална."
2/ 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:
"4/ өвчтөн сахисны тэтгэмж."
2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн НАЙМДУГААР бүлгийн дугаарыг "ЕСДҮГЭЭР", ЕСДҮГЭЭР бүлгийн дугаарыг "АРАВДУГААР" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
