- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАТИСТИКИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Статистикийн тухай хуулийн 4, 6, 12, 16, 18, 19, 22, 23 дугаар зүйлд дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 4 дүгээр зүйлийн 7 дахь заалт:
"7/ статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга, хэлбэрээр цуглуулах."
2/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "з":
"з/ бүтээмжийн үзүүлэлтүүд."
3/ 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2, 4, 21, 22 дахь заалт:
"2/ албан ёсны статистикийн үзүүлэлтийг тооцох, тооллого, судалгаа явуулах талаар ойрын зорилтыг тодорхойлсон хөтөлбөрийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах;
4/ захиргааны статистикийн мэдээллийг албан ёсны статистикийн мэдээлэлтэй давхардуулахгүй байх, арга зүйн нэгдмэл байдлыг хангах зорилгоор хянах, захиргааны статистикийн мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөх, мэдээллийн хамралт,үнэн зөв байдалд үнэлэлт өгөх;
21/ статистикийн мэдээллийн хэрэглэгч нь албан ёсны статистикийн мэдээллийн дүнг өөрчлөн, олон нийтэд буруу ташаа мэдээлэх тохиолдолд албан ёсны тайлбар хийж , залруулах;
22/ албан ёсны статистикийн үзүүлэлтийн зэрэгцүүлэх суурь үнийг батлах."
4/16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 8 дахь заалт:
"8/ өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагаас өгсөн мэдээ, тайлан нь дутуу, алдаатай бол холбогдох этгээдээс тайлбар гаргуулан авах, анхан шатны бүртгэлтэй тулгаж, магадлах."
5/ 16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг:
"5. Статистикийн улсын байцаагч нь түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн шаардах хуудас, акт, торгуулийн хуудас хэрэглэнэ.
6. Статистикийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай1 хуульд зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:
1/ статистикийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон тохиолдолд хувиас гарсан зардлыг тогтоосон журмын дагуу тухайн байгууллага нь нөхөн олгох;
2/ бүрэн эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах."
6/ 18 дугаар зүйлийн 4 дэх заалт:
"4/ статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн газраас баталж, зөвшөөрсөн маягтаар мэдээлэгчээс гаргуулан авах."
7/ 19 дүгээр зүйлийн 6 дахь заалт:
"6/ хуулийн этгээдийг бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийн улсын бүортгэлийн жагсаалт дахь шаардлагатай мэдээлэл, түүнд орсон өөрчлөлтийг Үндэсний статистикийн газарт тухай бүр мэдээлэх."
8/ 22 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг:
"6. Статистикийн төв, орон нутгийн байгууллага нь хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийн нууцыг чанд хадгалж, мэдээллийг улс, бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, салбарын түвшинд нэгдсэн дүн гаргах, статистикийн үзүүлэлтийг тооцоход ашиглана.
7. Тооллого, түүвэр судалгаанд хамрагдсан хувь хүн, хуулийн этгээдийн анхдагч мэдээлэлд боловсруулалт хийсний дараа хэрэглэгчид ашиглуулж болно.Анхдагч мэдээлэлд боловсруулалт хийж, хэрэглэгчид ашиглуулахтай холбогдсон журмыг нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн Yндэсний статистикийн газрын дарга батална."
9/ Төслийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3. Статистикийн мэдээг удаа дараа тасалж, хожимдуулсан, санаатайгаар буруу мэдээлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх замаар бизнесийн нэр хүндэд нөлөөлж болно."
2 дугаар зүйл. Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "мэдээллээр төлбөртэй үйлчилгээ явуулах," гэсний өмнө "статистикийн мэдээллийн арга зүйг боловсронгуй болгож, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлох болон" гэж, 18 дугаар зүйлийн гарчгийн "Яам," гэсний дараа "Монголбанк," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Статистикийн тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ "7 дугаар зүйл. Тооллого, судалгаа явуулах
1. Yндэсний статистикийн газар дараахь тооллого, судалгааг явуулна:
а/ хүн ам, орон сууцны улсын тооллогыг 10-аас илүүгүй жил тутам;
б/ салбар хоорондын тэнцэл, нөөц ашиглалтын хүснэгтийг 5 жил тутам;
в/ мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам;
г/ өрхийн аж ахуйн орлого, зарлагын судалгааг улирал тутам;
д/ хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааг 3 жил тутам;
е/ хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг 5 жил тутам;
ё/ хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам;
ж/ хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутам;
з/ аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жил тутам;
и/ хашаа, худаг, тэжээлийн тооллогыг 3 жил тутам;
к/ цаг ашиглалтын түүвэр судалгааг 4 жил тутам улирлаар.
2. Зайлшгүй шаардлагаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг өөрчлөх, энэ хуульд зааснаас өөр тооллого, судалгаа явуулах асуудлыг Засгийн газар, эсхүл Yндэсний статистикийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
3. Тооллого, судалгааны зардлыг Yндэсний статистикийн газрын тухайн жилийн төсөвт тусгана.
4. Үндэсний статистикийн газар нь тухайн жилд хийгдэх тооллого, түүвэр судалгааг Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлнэ.
5.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тооллого явуулах хугацааны товыг Засгийн газар, түүвэр болон иж бүрэн судалгааныхыг Yндэсний статистикийн газар тогтооно."
2/ "11 дүгээр зүйл. Статистикийн байгууллагын тогтолцоо
1. Статистикийн байгууллага нь улс , бүс нутаг, аймаг, нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага мөн.
2. Монгол Улсын статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар улс, орон нутгийн хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг Үндэсний статистикийн газар , аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх статистикийн газар, хэлтсээс бүрдэнэ. Суманд статистикийн үйл ажиллагааг сумын Засаг даргын Тамгын газрын уг ажлыг хариуцсан ажилтан, баг, хороонд тэдгээрийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэнэ.
3. Yндэсний статистикийн газар, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар,хэлтсийн болон сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан нь төрийн захиргааны албан тушаалтан байна.
4. Yндэсний статистикийн газар, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Төсөв нь статистикийн үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна. Статистикийн үйл ажиллагааг сум, баг, хороонд эрхлэн явуулахтай холбогдон гарах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
5. Yндэсний статистикийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана.
6.Яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллага чиг үүргийнхээ дагуу статистикийн үйл ажиллагааг эрхэлнэ."
3/ 3 дугаар зүйлийн 5,8 дахь заалт:
"5/ "албан ёсны статистикийн мэдээлэл" гэж Yндэсний статистикийн газраас баталсан аргачлал, үзүүлэлтээр энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны холбогдолтой үзүүлэлтээр гаргасан мэдээлэл, статистикийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэдээллийг;
8/ "захиргааны статистикийн мэдээлэл" гэж Yндэсний статистикийн газраас баталсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулж цуглуулсан мэдээллийг "
4/ 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 11 дэх заалт:
"11/ салбарын хэмжээний мэргэжлийн боловсон хүчний чадавхи , техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх;"
5/ 14 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг:
"1. Үндэсний статистикийн газарт албан ёсны статистикийн үйл ажиллагааг явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй Улсын Их Хурал, Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага болон хэрэглэгчийн төлөөлөлтэй зөвлөл ажиллана.
3. Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн 3 гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно. Үндэсний статистикийн газрын зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байна
4 дүгээр зүйл. Статистикийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "албан ёсны бус" гэснийг "захиргааны" гэж; 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 17 дахь заалтын " аймаг, нийслэлийн статистикийн хэлтсийн дарга, дүүргийн тасгийн дарга" гэснийг " аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга" гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, дүүргийн статистикийн тасгийн даргыг" гэснийг "аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн даргыг" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд өөрийн байр суурийг илэрхийлэх" гэснийг "Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцох " гэж , 19 дүгээр зүйлийн 3 дахь заалтын " албан ёсны статистикийн төвлөрсөн бус мэдээлэл " гэснийг " захиргааны статистик мэдээлэл" гэж, мөн зүйлийн 4 дэх заалтын " статистикийн төвлөрсөн бус мэдээллийн " гэснийг " захиргааны статистик мэдээллийн " гэж, 20 дугаар зүйлийн 3 дахь заалтын " албан ёсны статистик мэдээллийг" гэснийг " захиргааны статистик мэдээллийг" гэж , 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "2" гэсэн заалтын дугаарыг "3" гэж, мөн хэсгийн " 3-18"хүртэлх заалтын дугаарыг "5-20" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "н" гэсэн дэд заалтын ", бүтээмж" гэснийг, 9 дүгээр зүйлийн 2 дахь заалтын " аргачлалаар" гэсний дараах " албан ёсны" гэснийг, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтын "зөвшөөрөх" гэснийг, 19 дүгээр зүйлийн 1 дэх заалтын "төвлөрсөн" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Статистикийн тухай хуулийн 8 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 6, 7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
