- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй
1/ 6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:
"2.Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна.
3.Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна."
2/21 дүгээр зүйлийн 11-15 дахь хэсэг:
"11.Төрийн өмчийн төлөөлөгч нь төлөөлөн удирдах зөвлөлтэй тухайн хуулийн этгээдийн хэтийн төлөвлөгөөг тохиролцож, түүний хэрэгжилтийг хянаж, дүгнэхээс бусад хэлбэрээр өдөр тутмын удирдлагын үйл ажиллагаанд оролцохгүй.
12.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно.
13.Төрийн мэдлийн хувьцаа эзэмшигч нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс олгох ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох саналыг төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр гаргана.
14.Төлөөлөн удирдах зөвлөл энэ хуульд заасан тайлан, бусад мэдээллийг холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.
15.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн, тэдгээрээс төсвийн байгууллагын санхүү болон мөнгөн хөрөнгийн гүйлгээнд нөлөөлөх байдалд, Төрийн өмчийн хороо нь тухайн хуулийн этгээдийн ажлын үр дүнд хяналт тавина."
3/ 211 дүгээр зүйл:
"211 дүгээр зүйл.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой
1.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага жил бүрийн 3 дугаар сарын 01-ний дотор тухайн хуулийн этгээдийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх талаарх санал /цаашид "зорилтын санал" гэх/-ын төслийг Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ.
2.Зорилтын саналд ирэх 3 жилд эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон дараах зүйлийг тусгана:
1/байгууллагын 3 жилийн хэтийн зорилт;
2/үйл ажиллагааны төрөл, хамрах хүрээ;
3/нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулахад баримталсан бодлогын тухай тайлбар;
4/санхүүгийн төлөв, түүний дотор төлөвлөж байгаа ашиг;
5/төсөвт оруулахаар төлөвлөсөн ногдол ашиг;
6/төлөвлөж байгаа хөрөнгө оруулалт.
3.Төрийн өмчийн хороо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналыг хянаж, нэгтгэн, санал дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 3 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.
4.Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг тусган, тухайн хуулийн этгээдийн удирдлагатай 3 дугаар сарын 25-ны дотор тохиролцоно.
5.Төрийн өмчийн хороо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй эцэслэн тохирсон зорилтын саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 4 дүгээр сарын 05-ны дотор хүргүүлнэ.
6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газар болон Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд зорилтын саналыг танилцуулна.
7.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Компанийн тухай хуульд[1] заасан журмын дагуу жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргана.
8.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн тайлан нь түүний зорилтын саналтай харьцуулан дүгнэж болох ижил үзүүлэлттэй байх бөгөөд шаардлагатай мэдээллийг агуулсан байна.
9.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь жилийн эцсийн санхүүгийн тайландаа дараа жилийн 3 дугаар сарын 01-ний дотор аудитын дүгнэлт хийлгэнэ.
10.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аудитын дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор тайлангаа аудитын дүгнэлтийн хамт Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ."
2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн "Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:" гэсний өмнө "1." гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулсугай:
"5.Төрийн өмчийн хороо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж оролцох гишүүдийг томилохдоо дараах болзлыг хангасан нэр дэвшигчдээс томилно:
1/тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай;
2/тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
3/төрийн захиргааны албан хаагч байх."
4 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" гэснийг "Төсвийн тухай" гэж, 21 дүгээр зүйлийн гарчгийг "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, түүний эд хөрөнгийн эрх, онцлог" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "төлөөллийг дараахь аргаар хэрэгжүүлнэ" гэснийг "төлөөлөгчийг дараах байдлаар томилно" гэж, 75 дугаар зүйлийн 1 дэх заалтын "1-4, 6 дахь хэсэгт" гэснийг "1-4, 6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
