- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд дор дурдсан агуулгатай "Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал" гэсэн долдугаар бүлэг, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт нэмсүгэй :
1/ "ДОЛДУГААР БҮЛЭГ:
Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал
651 дүгээр зүйл.Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал
1.Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хуулийн этгээдээс үзүүлдэг үйлчилгээ, удирдах үйл ажиллагааг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр гүйцэтгүүлэх, нийгмийн салбарт тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ашиглагддаг төрийн өмчийн зориулалтын эд хөрөнгийг бусдад түрээсээр ашиглуулахыг өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын хүрээнд хамааруулж ойлгоно.
2.Энэ хуулийн 652, 653, 654дүгээр зүйлд заасан гэрээний үндсэн дээр төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах үйл ажиллагаа, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээг удирдлагын, гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх болон төрийн өмчийн эд хөрөнгийг түрээсийн гэрээгээр ашиглуулахад төрийн өмчийн аливаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх бусдад шилжихгүй.
3.Нийгмийн салбарын хувьчлалд энэ хуулийн зургадугаар бүлэгт заасан хувьчлалын аргуудыг нэгэн адил хэрэглэж болно.
4. Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
1/ үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх;
2/ үйлчилгээ, үйл ажиллагааны хүрсэн түвшинг бууруулахгүй байх;
3/ үйлчилгээнд хамрах хүрээг өргөтгөх;
4/ ил тод, нээлттэй байх;
5/ ажиллагчдад учрах эрсдэлийг бууруулах
652 дугаар зүйл. Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх
1.Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн удирдах үйл ажиллагааг уралдаант шалгаруулалтаар шалгарсан, төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр удирдлагын гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
2. Удирдлагын гэрээгээр ажиллуулах хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр сонгон шалгаруулна.
3.Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг Төрийн өмчийн хороо, тухайн хуулийн этгээдийг харьяалах салбарын төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
4.Удирдлагын гэрээгээр ажиллуулах хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.
5.Удирдлагын гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн үүргийн ажил гүйцэтгэх тухай гэрээний заалтыг баримтлахаас гадна дараахь нөхцөлийг заавал тусгана:
1/энэ хуулийн 58 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2, 4 –т заасан болзол;
2/тухайн хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, төсвөөс үзүүлэх санхүүжилтийг багасгах хэмжээ, үе шат, хугацаа;
3/тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардлаас давсан орлогоос түүнд хөрөнгө оруулалтын зориулалтаар буцаан олгох хөрөнгийн хэмжээ.
653 дугаар зүйл. Нийгмийн салбарын тусламж, үйлчилгээг гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх
1.Төрөөс нийгмийн салбарт үзүүлдэг тусламж, үйлчилгээг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр гүйцэтгэлийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
2. Гүйцэтгэлийн гэрээгээр ажиллуулах хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр сонгон шалгаруулна.
3. Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг Төрийн өмчийн хороо, тухайн тусламж, үйлчилгээний чиглэлийн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
4. Гүйцэтгэлийн гэрээгээр ажиллуулах хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.
5. Гүйцэтгэлийн гэрээ байгуулахдаа Иргэний хууль болон ажил гүйцэтгэх тухай гэрээний заалтуудыг баримтлахаас гадна дараахь нөхцөлийг заавал тусгана:
1/энэ хуулийн 58 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2, 4 –т заасан болзол;
2/тусламж, үйлчилгээнд тавигдах мэргэжлийн стандарт,шаардлага нөхцөлийг ханган гүйцэтгэх.
6.Гүйцэтгэлийн гэрээний явцад төрийн өмчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг ашиглах шаардлага гарвал Төрийн өмчийн хороо гүйцэтгэгчтэй төрийн өмчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ашиглах тухай тусгаар гэрээ байгуулна.
654 дүгээр зүйл. Нийгмийн салбарт тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ашиглагддаг төрийн өмчийн зориулалтын эд хөрөнгийг түрээсээр ашиглуулах
1.Нийгмийн салбарын төрийн өмчийн зориулалтын эд хөрөнгийг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.
2.Түрээсийн гэрээний үндсэн дээр төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглах хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулна.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг Төрийн өмчийн хороо, тухайн тусгай зориулалтын эд хөрөнгийг ашиглахтай холбогдсон асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
4.Нийгмийн салбарт тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхэд энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгийн заалт нэгэн адил хамаарана.
655 дугаар зүйл.Төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг бууруулж хувьчлах
1.Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж төсвөөс авах санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хуулийн этгээд, хувь хүнд хувьчилж болно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хувьчлах хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалд оролцох хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтаар шалгаруулна.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг Төрийн өмчийн хороо, тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн харьяалах төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
5.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн эзэмшлийг хэдэн хувиар бууруулахыг тухайн хуулийн этгээд, хувь хүнтэй байгуулах гэрээнд заавал заана. "
2/ 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх хугацаа, арга хэлбэр, байгууллагын жагсаалтыг Засгийн газар, УИХ-ын Нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөн жил бүр батална".
3/ 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:
8/төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хувьчлах.
2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2."Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, эд хөрөнгийн талаархи бүрэн эрхийг уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ."
3 дугаар зүйл. Төрийн өмчийн тухай хуулийн долдугаар бүлгийн дугаарыг "наймдугаар", наймдугаар бүлгийн дугаарыг "есдүгээр", есдүгээр бүлгийн дугаарыг "аравдугаар" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
