A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ 31 дүгээр зүйл:

"31 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

31.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

31.1.1."хяналт шалгалт " гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг;

31.1.2."хяналт шалгалтын арга, хэлбэр" гэж тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх, бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших, учирсан хор хохирол болон гаргасан зөрчлийн хоорондох уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг;

31.1.3."хяналт шалгалтын бүртгэл" гэж хийсэн хяналт шалгалт бүрийг зохих журмын дагуу мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг."

2/ 51-55 дугаар зүйл:

"51 дүгээр зүйл. Төлөвлөгөөт хяналт шалгалт

Хэвлэх

51.1.Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлнэ.

51.2.Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана.

51.3.Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 15 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа болон санхүүгийн хяналт шалгалт хамаарахгүй.

51.4.Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй.

52 дугаар зүйл.Төлөвлөгөөт бус хяналт шалгалт

Хэвлэх

52.1.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.

52.2.Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ.

52.3.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ.

52.4.Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй.

52.5.Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно.

53 дугаар зүйл.Гүйцэтгэлийн шалгалт

Хэвлэх

53.1.Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна.

53.2.Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ.

53.3.Гүйцэтгэлийн шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

54 дүгээр зүйл. Хяналт шалгалтын объектын эрсдэлийн ангилал

Хэвлэх

54.1.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох хор хохирол, үр дагаврыг харгалзан хяналт шалгалтын объектын эрсдэлийг бага, дунд, их хэмжээний гэж ангилна.

54.2.Энэ хуулийн 54.1-д заасан эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг Засгийн газар тогтооно.

54.3.Энэ хуулийн 54.2-т заасан шалгуур, үзүүлэлтийг үндэслэн эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хяналтын чиглэл бүрээр батална.

55 дугаар зүйл. Шинжилгээнд дээж авах

Хэвлэх

55.1.Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж /цаашид "дээж" гэх/ авах бол улсын байцаагч тусгайлан акт бичих бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

55.1.1.дээж авах тухай акт бичсэн он, сар, өдөр, газар:

55.1.2.шалгуулагч этгээдийн нэр, хаяг;

55.1.3.дээж авахад байлцсан шалгуулагч этгээдийн төлөөлөгчийн нэр, албан тушаал;

55.1.4.дээж авсан улсын байцаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;

55.1.5.дээж авах үндэслэл, шаардлага:

55.1.6.импортолсон улс болон үйлдвэрлэгчийн нэр;

55.1.7.дээж авсан хугацаа, бүтээгдэхүүний нэр, төрөл, савлалт, цувралын дугаар, үйлдвэрлэсэн болон хадгалалтын дуусах хугацаа, нийт импортолсон болон дээж авсан тоо хэмжээ, дээжийн үнэ.

55.2.Энэ хуулийн 55.1-д заасан актыг гурван хувь үйлдэх бөгөөд шалгуулагч этгээд болон итгэмжлэгдсэн лабораторид тус тус нэг хувийг өгч, үлдэх хувийг шалгалтын хувийн хэрэгт хавсаргана.

55.3.Улсын байцаагч холбогдох журмын дагуу дээж авч тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг хангана. Дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журмыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

55.4.Шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй.

55.5.Бүтээгдэхүүний дээж, загвар авснаар шалгуулагч этгээдийн үйлдвэрлэлийн горимын хэвийн үйл ажиллагаа алдагдах тохиолдолд түүнийг шинжилсэний дараа буцаан олгоно.

55.6.Хяналт шалгалтын байгууллага шинжилгээнд авах дээжийн үнийг төлөх бөгөөд тухайн бүтээгдэхүүний үнийг тодорхойлох аргачлалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Бүтээгдэхүүний үнийг тодорхойлохдоо тухайн бүтээгдэхүүний сүүлийн зургаан сарын бөөний /зах зээлийн/ үнийг харгалзана.

55.7.Шинжилгээний дүнгээр дээж нь хууль тогтоомж, стандартад заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн бүтээгдэхүүнд давтан шинжилгээ хийсэн, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарсан тохиолдолд шинжилгээний төлбөрийг шалгуулагч этгээдээс гаргуулна.

55.8.Хилийн мэргэжлийн хяналт шалгалтад энэ зүйл хамаарахгүй."

3/ 10 дугаар зүйлийн 10.12, 10.13 дахь хэсэг:

"10.12.Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.12.1.холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

10.12.2. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

10.12.3.энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

10.12.4.ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хор хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

10.12.5.төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлах

10.12.6.улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх.

10.13.Энэ хуулийн 10.12.2,10.12.3-т заасан бүрэн эрхийг улсын ахлах байцаагчгүй суманд сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ."

4/ 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.1.5 дахь заалт:

"11.1.4.байгаль орчин, хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх бөгөөд хянан шалгах үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас болон техник хэрэгслээр хангагдах. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүрэмт хувцасны загвар, ялгах тэмдгийг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална;

11.1.5.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан доромжилсон, гүтгэсэн, дарамталсан, амь нас, эрүүл мэндэд нь бодит аюул заналхийлсэн бол цагдаагийн байгууллагаар аюулгүй байдлаа хангуулах арга хэмжээ авахуулах."

2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "улсын ерөнхий байцаагч," гэсний дараа "салбарын улсын ерөнхий байцаагч," гэж, "орон нутгийн байгууллагад" гэсний дараа "бүсийн улсын ахлах байцаагч," гэж, мөн зүйлийн 10.9.8 дахь заалтын "аж ахуйн нэгж," гэсний дараа "иргэн," гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн "зохион байгуулж," гэсний дараа "Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 4 дүгээр зүйл:

"4 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын зарчим

Хэвлэх

4.1.Төрийн хяналт шалгалт (цаашид "хяналт шалгалт" гэх) хийхэд дараахь зарчмыг баримтална:

4.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх;

4.1.2.хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх;

4.1.3.хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой аливаа төлбөрийг шалгуулагч этгээдээс шаардахгүй байх;

4.1.4.шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах;

4.1.5.хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэх;

4.1.6.хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх;

4.1.7.хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх."

2/ 5 дугаар зүйл:

"5 дугаар зүйл. Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам

Хэвлэх

5.1.Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид "хяналт шалгалтын байгууллага" гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна.

5.2.Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

5.2.1.он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар:

5.2.2.шалгалтын зорилго, үндэслэл;

5.2.3.шалгалтын төрөл, арга, хэлбэр;

5.2.4.шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр;

5.2.5.шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч;

5.2.6.шалгалт эхлэх болон дуусах хугацаа;

5.2.7.өмнө хийсэн шалгалтын талаархи мэдээлэл.

5.3.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно.

5.4.Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно.

5.5.Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно.

5.6.Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ.

5.7.Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ.

5.8.Шаардлагатай бол улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах /фото зураг, дүрс бичлэг/, түүнчлэн шалгуулагч этгээд, түүний албан ёсны төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтан хяналтын үйл явц, улсын байцаагчийн үйлдэл, илрүүлсэн зөрчлийг баримтжуулж болно.

5.9.Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:

5.9.1.шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал:

5.9.2.улсын байцаагчийн санал, дүгнэлт;

5.9.3.шалгуулагч этгээдийн санал, хүсэлт.

5.10.Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана.

5.11.Улсын байцаагч шалгалтын тэмдэглэл болон үр дүнгийн талаар дээд шатны улсын байцаагчид тухайн шалгалт дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулна.

5.12.Шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагч тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ. Байгаль орчны хяналтад энэ хэсгийн заалт хамаарахгүй.

5.13.Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана.

5.14.Хийсэн хяналт шалгалтын талаархи мэдээллийг тухай бүр хяналт шалгалтын бүртгэлийн нэгдсэн санд оруулна.

5.15.Хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан, хяналт шалгалтын ажилд оролцсон бусад этгээд хяналт шалгалтын явцад авсан мэдээллийг өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

5.16.Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна.

5.17.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтын байгууллага хийсэн хяналт шалгалтынхаа дүнг эцэслэн гаргасны дараа ажлын 10 өдрийн дотор олон нийтэд нээлттэй болгоно.

5.18.Улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам болон улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд шалгуулагч этгээд хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд болон мэргэжлийн хяналтын төв байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороонд гомдол гаргах эрхтэй."

3/ 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:

"6.4.Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно."

4/ 9 дүгээр зүйл:

"9 дүгээр зүйл. Мэргэжлийн хяналтын байгууллага, түүний бүрэн эрх

Хэвлэх

9.1.Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд түүнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

9.2.Мэргэжлийн хяналтын байгууллага нь мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын алба, сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ.

9.3.Мэргэжлийн хяналтын төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.3.1.хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих;

9.3.2.хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг хэрэгжүүлж байгаа байдлыг судлан нэгтгэж, холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг боловсронгуй болгох саналаа зохих байгууллагад хүргүүлж, жилд нэг удаа Засгийн газарт танилцуулах;

9.3.3.хяналтын чиглэл тус бүрээр хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, эрсдэлийн ангиллыг харгалзан хяналт шалгалт хийх стандарт, хяналтын хуудас батлах;

9.3.4.мэргэжлийн хяналтын орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах;

9.3.5.мэргэжлийн хяналтын мэргэшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;

9.3.6.хяналт шалгалтын бүртгэлийн нэгдсэн санг бүрдүүлж хөтлөх;

9.3.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

9.4.Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй.

9.5.Энэ хуулийн 9.3.3-т заасан журам, заавар, хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж болон эрх зүйн бусад актын жагсаалт нь олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байна.

9.6.Мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхой чиг үүргийг буюу улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарахаас бусад бүрэн эрхийг төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлж болно."

5/ 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:

"10.4.Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллах бөгөөд тэдгээрт болон хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно."

6/16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг:

"16.1.Tөрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч болон улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

16.1.1.хяналт шалгалтаас зайлсхийсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

16.1.2.хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан даалгавар, шаардлага, акт, дүгнэлтийг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

16.1.3.дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

16.1.4.хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн, гэмтээсэн, засварласан, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн иргэн, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох."

4 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн "улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, /цаашид "улсын байцаагч" гэх/" гэснийг "улсын байцаагч" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийг хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.3, 10.9.5, 10.9.6, 10.9.9 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсгийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ