A

A

A

Бүлэг: 1979

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ 2005 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 95 Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 90 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН Засгийн газрын 2005 оны 95 дугаар тогтоолын хавсралт ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН YНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДYРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл 1. Энэ дүрэм нь Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл /цаашид "үндэсний зөвлөл" гэнэ/-ийн үйл ажиллагааг зохицуулна. 2. Yндэсний зөвлөл нь шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсийг боловсруулах, түүний хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар зөвлөмж гаргана. 3. Yндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэр гаргаж, түүний хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтийг дүгнэнэ. 4. Yндэсний зөвлөл нь ажлаа Засгийн газарт танилцуулна. 5. Yндэсний зөвлөл нь зохих журмын дагуу хийсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна. Хоёр. Yндэсний зөвлөлийн зохион байгуулалт 1. Yндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. 2. Yндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. 3. Yндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн нь яам, Засгийн газрын агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн байгууллагын төлөөлөлтэй байна. 4. Yндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж хариуцна. 5. Yндэсний зөвлөл нь дор дурдсан асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргана: 5.1. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага; 5.2. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, үндэсний хэмжээний хөтөлбөр, төсөл; 5.3. шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд яамд, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах; 5.4. яамдын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны тайлан, захиалсан төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа байдал; 5.5. суурь болон хавсарга судалгаа, шинжлэх ухаан, технологийн ололт нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулах санхүүжилтийн хэмжээ; 5.6. шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх асуудал; 5.7. төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгын дагуу сонгон шалгаруулсан шинжлэх ухаан, технологийн томоохон төслүүд; 5.8. шинжлэх ухаан, технологийн хэрэгжүүлж дууссан төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа байдал; 5.9. үндэсний инновацийн тогтолцоог бүрэлдүүлэн хөгжүүлэх асуудал; 5.10. эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт. 6. Yндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлнэ. Гурав. Yндэсний зөвлөлийн ажиллах журам 1. Yндэсний зөвлөлийн ажиллах үндсэн хэлбэр нь зөвлөлийн хурал байна. 2. Yндэсний зөвлөлийн хурлыг хагас жилд нэгээс доошгүй удаа, гишүүдийн 51-ээс доошгүй хувийн ирцтэйгээр хийнэ. 3. Yндэсний зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга даргална. 4. Yндэсний зөвлөлийн ээлжит бус хурлыг үндэсний зөвлөлийн даргын шийдвэрээр зарлан хуралдуулж болно. 5. Yндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын танилцуулга, тооцоо, судалгаа болон шаардлагатай бусад материалыг хурал эхлэхээс ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө гишүүдэд тараана. 6. Yндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан эрдэмтэд, мэргэжилтнийг оролцуулж, тэдний санал, дүгнэлтийг сонсож болно. 7. Yндэсний зөвлөлийн хурлын дэгийг орлогч дарга батлан мөрдүүлнэ. --------оОо-------