- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "6. Гадаадын иргэн визийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэнийг бүртгэх журам зөрчин өөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид зорчихийг хориглоно." 2/ 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг: "5. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллага энэ зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасан зөвшөөрөл олгохдоо Албаны саналыг заавал авна. Алба татгалзсан тохиолдолд тухайн этгээдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй." 3/ 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "5. Энэ зүйлд заасан байгууллага, иргэн дипломат зэргийн визээс бусад виз олгуулах тухай хүсэлтээ Албанд ирүүлнэ. Алба хүсэлтийг хянан үзэж зөвшөөрсөн тохиолдолд виз олгох буюу виз олгуулахаар гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ." 4/ 22 дугаар зүйлийн 7 дахь хэсэг: "7. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг орноос нөгөөд зорчиж байгаа этгээдийг дамжин өнгөрөгч гэнэ." 5/ 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт: "3/ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол." 2 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн "оршин суугч" гэсний дараа "байнга оршин суугч"; 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн " асуудлыг" гэсний дараа "Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны саналыг үндэслэн"; 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Визийн загварыг" гэсний өмнө "Виз олгох журмыг Засгийн газар"; 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "визийн хугацааг" гэсний дараа "Алба" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 7 дугаар зүйл: "7 дугаар зүйл.Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх байгууллага 1. Гадаадын иргэн, харьяат, цагаачлалын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба /цаашид "Алба" гэх/ хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллана. 2. Албаны зохион байгуулалтын бүтэц, дүрмийг Засгийн газар батална." 2/ 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "4. Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, бусад хэлбэрээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулж болохгүй." 3/ 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "5. Гадаадын иргэн Монголын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний ёс заншил, хуульд харш шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэхийг хориглоно." 4/ 111 дүгээр зүйл: "111 дүгээр зүйл.Гадаадын иргэдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэл Гадаадын иргэдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, аймагт аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба эрхлэн явуулж, холбогдох мэдээллийг тухай бүр Албанд ирүүлж байна." 5/ 13 дугаар зүйл: "13 дугаар зүйл. Виз олгох байгууллага 1. Визийг дараахь байгууллага олгоно: 1/гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; 2/ Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба; 3/ гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар. 2. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор Монгол Улсын өргөмжит консул виз олгож болно." 6/ 14 дүгээр зүйл: "14 дүгээр зүйл. Виз олгох байгууллагын эрх, үүрэг 1. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага виз олгох талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ бүх зэрэг, зориулалтын виз олгох; 2/ олгогдсон визийн зэрэг, зориулалтын үндэслэлийг хянаж өөрчлөх; 3/ виз олгохоос татгалзах, визийн хугацааг сунгах, олгосон визийг хүчингүй болгох; 4/ визийн талаархи нэгдсэн бүртгэл хөтөлж, холбогдох мэдээг тухай бүр Албанд хүргэх. 2. Алба нь виз олгох талаар дараахь эрх, үүрэгтэй: 1/дипломат зэргийн визээс бусад виз олгох асуудлыг хянаж зөвшөөрөл өгөх; 2/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд гарах, гарах-орох виз олгох; 3/хууль тогтоомжид заасан үндэслэл байвал виз олгохоос татгалзах, түүний хугацааг богиносгох, визийн хугацааг сунгах, визийн ангиллыг өөрчлөх, олгосон визийг хүчингүй болгох; 4/энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан визийн нэгдсэн бүртгэл хөтлөх; 5/виз олгогч байгууллагуудаас ирүүлсэн визийн талаархи мэдээг нэгтгэх. 3. Монгол Улсын өргөмжит консул Монгол Улсад орох, орох-гарах, дамжин өнгөрөх виз олгож болно." 7/ 23 дугаар зүйл: "23 дугаар зүйл. Оршин суух хугацаа сунгах 1. Монгол Улсад албан, эсхүл хувийн хэргээр зорчигч, түр оршин суугч, албан, эсхүл хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэний оршин суух хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Алба хянан шийдвэрлэнэ." 8/ 26 дугаар зүйл: "26 дугаар зүйл. Гадаадын иргэнийг бүртгэх 1.Монгол Улсад төрийн, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах байгууллагын урилгаар ирснээс бусад гадаадын иргэнийг урьж ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, тэдгээрийг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор нийслэлд Албанд, аймагт цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ. 2.Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, мөн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа гадаадын иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүнийг Монгол Улсад ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ. 3.Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, суралцахаар ирсэн гадаадын иргэн ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор нийслэлд Албанд, аймагт цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ. 4.Хуульд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа цагаач гадаадын иргэн, харъяалалгүй хүн өөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид шилжин суурьших бол оршин сууж байсан нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулж, очсон газрын цагдаагийн байгууллагад 5 хоногийн дотор бүртгүүлж, оршин суух үнэмлэхдээ тэмдэглэл хийлгэнэ. 5.Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа цагаач гадаадын иргэн, харъяалалгүй хүн ам бүлийнхээ байдал, хаяг, хөдөлмөр эрхлэлтийн талаархи хөдөлгөөн, өөрчлөлтийг 5 хоногийн дотор оршин суугаа газрын цагдаагийн байгууллага, Албанд мэдэгдэнэ. 6.Монгол Улсад албан, эсхүл хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харъяалалгүй хүн байнга оршин суугаа газраасаа өөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид 7 хоногоос дээш хугацаагаар хувийн хэргээр зорчвол очсон газрынхаа цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ. 7.Цагдаагийн төв байгууллага нь Монгол Улсад орсон, гарсан, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийн мэдээг Албанаас тогтоосон маягтаар сар бүр авч гадаадын иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, мөн тус улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн, ял шийтгэлгүйд тооцогдож байгаа, Монгол Улсаас албадан гаргагдсан, олон улсын эрх бүхий байгууллагаас аливаа улс оронд орохыг хориглосон, эрэн сурвалжлагдаж байгаа гадаадын иргэний тухай мэдээг Албанд өгч байна. 8.Монгол Улсын хилээр орсон, гарсан, дамжин өнгөрсөн гадаадын иргэний бүртгэлийг хил хамгаалах байгууллага, хяналтыг Алба, цагдаагийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага хамтран зохион байгуулж, холбогдох байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангана. 9.Гадаадын иргэнтэй холбоотой бүх төрлийн мэдээг холбогдох төрийн захиргааны байгууллагууд албанд тогтоосон хугацаанд ирүүлж байна. Холбогдох төрийн захиргааны байгууллагуудын хооронд гадаадын иргэнтэй холбоотой мэдээллийн сүлжээ ажиллуулна. Мэдээлэл харилцан солилцох журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална." 9/ 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: 1.Монгол Улсад тодорхой хугацаагаар гадаадын иргэнийг урьсан, ажиллуулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь дараахь үүрэгтэй: 1/хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад нь бүртгүүлэх; 2/зөвшөөрөл авахын өмнө Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргасан байх; 3/орон байраар хангах; 4/хугацаанд нь буцаах." 10/ 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Албаны саналыг үндэслэн гаргана. Албадан гаргах тухай шийдвэрийг Алба хил хамгаалах болон цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ." 4 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгийн дугаарыг "7, 8"; 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "30" гэснийг "10"; мөн хэсгийн 5 дахь заалтын "7" гэснийг "5"; мөн хэсгийн 6 дахь заалт, 25 дугаар зүйлийн З дахь хэсгийн "90" гэснийг "120"; 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "гадаадын байгууллагад" гэснийг "гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн, эсхүл төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газарт"; 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв" гэснийг "Алба"; 25 дугаар зүйлийн "Зөвлөл" гэснийг "Алба"; 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс" гэснийг "Албанаас"; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд, аймагт Иргэний бүртгэл мэдээллийн албанд" гэснийг "Албанд"; мөн зүйлийн 3 дахь хэсгийн "гадаад харилцааны" гэснийг "хууль зүйн" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "Засгийн газар хоорондын гэрээгээр", ",гадаадын хөрөнгө хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
