A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 01 сарын 12 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3, 9, 14 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт: "3.1.6."бизнес инкубацийн үйлчилгээ" гэж жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон эрхлэхийг хүссэн иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээний байр, орлоготой болоход нь мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөлгөө өгөх зэргээр дэмжлэг үзүүлж, аж ахуй эрхлэх таатай орчин бүрдүүлэхийг." 2/ 9 дүгээр зүйлийн 5, 6, 7 дахь хэсэг: "9.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр мэргэжлийн сургалтыг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөнө. 9.6.Хувиараа хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэн мэргэжлийн болон аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтад дэс дараатайгаар хамрагдаж болно. 9.7.Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан сангийн хөрөнгөөр мэргэжлийн сургалт зохион байгуулах, төгсөгчдийг үнэлж, мэргэжлийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн дагуу зохион байгуулна." 3/ 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: "14.1.7.аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө төлөх ажлын байрны төлбөр;" 2 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт: "5.2.1.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг судлах, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн судалгаа гаргах, тэднийг бүртгэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээллээр хангах;" 2/ 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалт: "5.3.1.нөхөрлөл, хоршооны хэлбэрээр, түүнчлэн хувиараа болон өрхийн аж ахуй эрхлэх иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;" 3/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "7.1.Хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн алба хөдөлмөрийн зах зээлийн судалгаа тогтмол явуулж, иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил, мэргэжлээ сонгох, мэргэжлийн сургалтад хамрагдах нөхцөлийн талаар зөвлөлгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлнэ." 4/ 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "8.2.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөр зуучлалын алба нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр ажилд зуучлах үйлчилгээ гүйцэтгэж болох бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн болон ажилд зуучилсан үйл ажиллагаатай холбогдсон тайлан, мэдээг хөдөлмөр эрхлэлтийн албанд ирүүлнэ." 5/ 9 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг: "9.2.Мэргэжлийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд тулгуурлан ажил олгогчдын хэрэгцээ, захиалга, гэрээний үндсэн дээр зохион байгуулна. Сургалт нь албан ба албан бус, зайны, оройн ээлжийн зэрэг хэлбэртэй байх бөгөөд тэдгээрийг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан сангийн, эсхүл ажилгүйдлийн даатгалын сангийн, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний зардлаар зохион байгуулж болно. Суралцагчийн тээврийн болон хоолны зардлын тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлж болно. 9.4.Хөгжлийн бэрхшээлтэй болон насанд хүрээгүй иргэнд мэргэжлийн сургалтаар мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэнд хуулийн 13 дугаар зүйлд заасан сангаас тээвэр, хоолны болон сургалтын зардал олгох журам, түүнчлэн сургалтын зардлын дээд хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэргэжлээр нь ялгавартайгаар тогтооно." 6/ 10 дугаар зүйл: "10 дугаар зүйл.Хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх иргэнийг дэмжих 10.1.Хувиараа болон өрхийн аж ахуй, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсэгч энэ хуулийн 3.1.1-д заасан иргэн, түүнчлэн малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дараахь дэмжлэг үзүүлнэ: 10.1.1.аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах; 10.1.2.үйлдвэрлэл, үйлчилгээгээ эхлэх болон шинээр ажлын байр бий болгох, өргөтгөхөд нь зориулан зээл олгох; 10.1.3.бизнес инкубацийн үйлчилгээнд хамруулах; 10.1.4.төсөл, хөтөлбөр боловсруулахад нь арга зүйн зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах. 10.2.Энэ хуулийн 10.1.2-т заасан зээлийн хүүгийн хэмжээ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн доод түвшинтэй тэнцүү байна. 10.3.Энэ хуулийн 10.1-д заасан иргэнд материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад нь зориулж нэг сая хүртэл төгрөгийн зээлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож болно. 10.4. Энэ хуулийн 10.3-т заасан зориулалт, нөхцөлөөр олгосон зээлийн хүүг энэ хуулийн 10.2-т заасан банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө. 10.5.Нөхөн төлөх зээлийн хүүгийн хэмжээ тухайн банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн хэмжээнээс ихгүй байна. 10.6.Энэ хуулийн 10.1.-10.5-д заасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах журмыг Засгийн газар батална." 7/ 11 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг: "11.1. Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй дор дурдсан иргэнийг 6 сараас доошгүй хугацаагаар ажиллуулж байгаа ажил олгогчид тус албатай байгуулсан гэрээний дагуу нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тухайн ажилтанд эхний 6 сарын хугацаанд олгосон цалин, хөлсний 60 хувийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн олгоно: 11.1.1. 16 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх / эцэг /; 11.1.2.хөгжлийн бэрхшээлтэй болох нь холбогдох журмын дагуу тогтоогдсон бөгөөд хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиар алдсан иргэн; 11.1.3. 45-аас дээш насны ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн; 11.1.4.ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг тухайн онд төгссөн хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхэд; 11.1.5. хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлснээс хойш нэг жилээс дээш хугацаагаар ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн. 11.3. Шинээр ажлын байр бий болгож энэ хуулийн 3.1.1 болон 3.1.4-т заасан иргэнийг авч ажиллуулсан аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгож болно." 8/ 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "12.2.Тухайн орон нутгийн зам, гүүр, далан, суваг, худаг, усжуулалтын системийг байгуулах, засварлах, ой, голын сав, төв суурин газрын бохирдлыг цэвэрлэх зэрэг нийтийг хамарсан ажлыг Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн алба зохион байгуулна." 9/ 15 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг: "15.1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан үйлчилгээ, арга хэмжээнд зарцуулна: 15.1.1.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох; 15.1.2.ажилд зуучлах; 15.1.3.мэргэжлийн сургалтад хамруулах; 15.1.4.нийтийг хамарсан ажил зохион байгуулах; 15.1.5.ажил олгогчийг дэмжих; 15.1.6.хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; 15.1.7. хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох; 15.1.8 хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ үйлчилгээ, арга хэмжээг турших, нэвтрүүлэх. 15.2.Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогоос төвлөрүүлсэн хөрөнгийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу зарцуулна." 10/ 21 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг: "21.2.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албаны даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө. 21.3. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн алба нь улсын төсвөөс санхүүжинэ." 3 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.4 дэх хэсгийн "хөдөлмөрийн гэрээ" гэснийг "хөлсөөр ажиллах гэрээ" гэж, 14.1.7, 15.2-ын дугаарыг "14.1.8.", "15.3." гэж тус тус өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Хэвлэх