- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуульд 31 дүгээр зүйл, 2, 9, 10, 21 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 31 дүгээр зүйл: "31 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо 1. Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 1/ "татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан" гэж орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг биетээр нуун дарагдуулах, үндэслэлгүйгээр бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шилжүүлэх, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, нягтлан бодох бүртгэл болон татварын тайланд санаатайгаар буруу бичилт хийх, хууль бус хэлцэл хийж, хууран мэхлэх, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, хуурамчаар өглөг үүсгэх, түүнчлэн баримт бичгийг татвар төлөхгүйн тулд хуурамчаар үйлдэх, аж ахуйн нэгж, байгууллагынхаа нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл болон эд хөрөнгө, иргэний бичиг баримтаа бусдад ашиглуулах замаар татвараас зайлсхийх боломж олгосон зэрэг үйлдэл, эс үйлдлийг; 2/ "татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг санаатайгаар бууруулсан" гэж татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, тайлан, мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсанд санаатай багасган тусгах, орлогоо багасгаж харуулахын тулд засварлах замаар хуурамч баримт бичиг үйлдэх, зардлаа хуурамчаар өсгөх буюу орлогоо зохиомлоор багасгах үйлдлийг; 3/ "татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийн тоо хэмжээг болгоомжгүйгээр бууруулсан" гэж татвар ногдох орлого, татвар ногдох зүйлийн тоо хэмжээг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайлан, мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсанд тусгахдаа тооны үйлдэл алдах, түүнчлэн нягтлан бодох бүртгэлээ зохих ёсоор хөтөлж, тайлан тэнцлээ зөв гаргасан боловч татвар ногдох орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнг буруу тодорхойлсон үйлдлийг; 4/ "тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгавар болох" гэж Улсын Их Хурал уг төрлийн татварын хуулийг хүчингүй болгож, татварын тооцоог хийж дуусгах хугацаа дууссанаар; 5/ "татвар, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн" гэж тухайн татвар төлөгч: а/ хаягаа буруу тодорхойлсон; б/ хаягийн өөрчлөлтөө татварын албанд мэдэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээндээ тэмдэглэл хийлгээгүй; в/ нягтлан бодох бүртгэлийн болон тайлан тэнцэл, татварын тайлан, мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсыг гаргаж өгөөгүй; г/ татварын албанаас дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй; д/ шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байх зэрэг шалтгаанаар ногдох татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүйг; 6/ "хүчингүй гэрээ, хэлцэл" гэж утга агуулгаараа хууль зөрчсөн буюу хуулиас гадуур хийгдсэн, бага насны хүмүүс, сэтгэл мэдрэлийн өвчтэй буюу ухаан солио зэрэг шалтгааны улмаас эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдтэй хийсэн хэлцэл, айлган сүрдүүлэх буюу аргагүй гачигдлыг далимдуулан хийсэн хэлцэл, хууль ёсны үр дүн гаргахын тулд биш зөвхөн дүр үзүүлэн хийсэн хэлцлийг; 7/ "хууль бус үйлдлээр олсон орлого" гэж татварын болон бусад хууль тогтоомжийг зөрчиж олсон орлогыг; 8/ "саад учруулсан" гэж татварын албаны байцаагч албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэл болон тайлан тэнцэл, татварын тайлан мэдээг гаргаж өгөхгүй байх, байр агуулахад нэвтрэн орох боломж олгохгүй байх, тооллого тооцоог будлиантуулах, түүнчлэн үзлэг шалгалт, ажлын зураг авалтыг хийлгэхгүй байх зэрэг санаатай үйлдэл, эс үйлдлийг; 9/ "эсэргүүцэл үзүүлсэн" гэж татварын албаны байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан цохих, өшиглөх, түлхэх, аливаа зүйлээр цацах, биеийн хүчний эсэргүүцэл үзүүлэх, биеийн хүчний эсэргүүцэл үзүүлэхээр заналхийлэх, хэл амаар доромжлох үйлдлийг; 10/ "шилжүүлсэн орлого" гэж гэрээ хэлцлийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад болон иргэний ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаар нь дамжуулан олгохоор бэлэн бусаар шилжүүлснийг; 11/ "татвар төлөгч байгууллага" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татварын алба болон бүртгэх эрх бүхий бусад байгууллагад бүртгүүлсэн, энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар татвар төлөгч байгууллага гэж тодорхойлсон аж ахуйн нэгж, байгууллага, санг; 12/ "ашгийн төлөө байгууллага, сан" гэж аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоороо зардлаа бүрэн нөхөх зарчмаар ажиллах ёстой хуулийн этгээдийг; 13/ "дундын суутгал" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас жилийн дундуур иргэдэд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах болон хуульд заасан бусад орлогод уг орлогыг олгож буй этгээд нь татварын хууль тогтоомжид заасны дагуу татварыг нь ногдуулан суутган авч төсөвт шилжүүлэхийг; 14/ "татварын өр" гэж татварын хуулиар тогтоосон хугацаанд нь төлөгдөөгүй татвар, тэдгээрт ногдсон хүү, торгууль, татварын хяналт шалгалтаар илэрч төлөгдөхөөр тогтоогдсон нөхөн татвар, хүү, торгуулийг." 2/ 2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг: "4. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж тогтвортой байдлын гэрээг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуулийн хүрээнд байгуулна. 5. Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө." 3/ 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг: "6. Татвар ногдох орлогыг нэхэмжилсэн, падаан бичигдсэн, төлбөр хийгдсэн өдрийн аль түрүүчийнхээр нь тооцно. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэртэй татварын орлогын хугацааг төлбөр хийгдсэн өдрөөс эхэлж тооцно." 4/ 10 дугаар зүйлийн 7-14 дэх заалт: "7/ татварын хуульд тусгайлан татвар ногдуулахаар заасан орлогод татвар ногдуулж, хуульд заасан хугацаанд төсөвт төлөх; 8/ хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор энэ тухай татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлэх; 9/ аж ахуйн нэгж, байгууллага нь дундын суутгал хийсэн татварын ногдуулалт, төлөлтийн мэдээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, хаяг, регистрээр улирал тутам гаргаж өөрийн харьяалагдах татварын албанд өгөх; 10/ татвар ногдх эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх; 11/ өөрийн нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн дансыг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх; 12/ эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг хувь хүн, хуулийн этгээдэд түрээсэлсэн, худалдсан тохиолдолд харьяалагдах татварын албанд мэдэгдэх; 13/ банкинд данс нээсэн болон түүнийг хаасан бол энэ тухай харьяалгдах татварын албанд мэдэгдэх; 14/ татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан Үндэсний татварын ерөнхий газраас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлал, зөвлөмжийг дагаж мөрдөх;" 5/ 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг: "6. Үндэсний татварын ерөнхий газрын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ татварын албаны бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалт, хяналтаар хангах; 2/ татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шинээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлал, зөвлөмж гаргах; 3/ татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэх; 4/ татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсад дагаж мөрдөх тушаал гаргах; 5/ татварын бодлого боловсруулахад оролцох; 6/ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээний төсөлд санал өгөх; 7/ татварын улсын байгцаагчийн гаргасан актыг хуулийн дагуу хянан үзэж, өөрчлөх, хүчингүй болгох; 8/ Үндэсний татварын ерөнхий газрын ажилтнуудыг томилох чөлөөлөх; 9/ татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагч бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих; 10/ Үндэсний татварын албаны төсөв, хөрөнгийг захиран зарцуулах." 2 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4 дэх заалт, 2 дахь хэсэг, 16 дугаар зүйл, 17 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт: "3/ тус улсын нутаг дэвсгэрт оршин байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, сан, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин байрладаггүй боловч тус улсад орлого олж байгаа хуулийн этгээд;" 2/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4 дэх заалт, 2 дахь хэсэг: "1/ татвар ногдох орлогоо нуусан буюу санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогын татвар ногдуулах орлоготой тэнцэх хэмжээний торгууль ногдуулах; 4/ татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнгээс бодож хоног тутам 0.5 хувийн хүү ногдуулах. Энэ "хүү" гэсэн ойлголт нь Монгол Улсын Иргэний хуулийн "анз" гэсэн ойлголтонд хамаарахгүй. 2. Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Энэ нь Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацааг зохих журмын дагуу татвар тодорхойлж, түүнийг төлөх хуульд заасан хугацаа дууссан үеэс эхэлж тооцно." 3/ 16 дугаар зүйл: "16 дугаар зүйл. Улсын татвар Улсын татварт дараахь татвар хамаарна: 1/ аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар; 2/ гаалийн албан татвар; 3/ нэмэгдсэн өртгийн албан татвар; 4/ онцгой албан татвар; 5/ авто бензин, дизелийн түлшний албан татвар; 6/ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр." 4/ 17 дугаар зүйл: "17дугаар зүйл. Орон нутгийн татвар Орон нутгийн татварт дараахь татвар хамаарна: 1/ хүн амын орлогын албан татвар; 2/ бууны албан татвар; 3/ нийслэл хотын албан татвар; 4/ нохойны албан татвар; 5/ өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар; 6/ үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар; 7/ улсын тэмдэгтийн хураамж; 8/ ус, рашаан ашигласны төлбөр; 9/ авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар; 10/ ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж; 11/ байгалийн ургамал ашигласны төлбөр; 12/ түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр; 13/ агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж; 14/ газрын төлбөр; 15/ ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр." 5/ 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "2.Үндэсний татварын ерөнхий газар, аймаг, нийслэлийн татварын албаны бүтцэд татварын хэрэг бүртгэх нэгжтэй, үндэсний татварын алба нь Татварын хөгжлийн сантай байна. Татварын хөгжлийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах журмыг Засгийн газар тогтооно." 6/ 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт: "3/ татвар ногдох зүйл нуусныг гэрчлэх баримт болон эд хөрөнгийг татвар төлөгчөөс түр хугацаагаар хураан авах, хуулбарлах, барьцаалах, битүүмжлэх;" 3 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 7 дахь заалтын дугаарыг "15" гэж, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "16 дугаар зүйлийн 1-14" гэснийг "16 дугаар зүйлд" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "16 дугаар зүйлийн 15-19-д" гэснийг "17 дугаар зүйлийн 13-15-д" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "17 дугаар зүйлд" гэснийг "17 дугаар зүйлийн 1-12-д" гэж, 21 дүгээр зүйлийн гарчигийг "Үндэсний татварын албаны удирдлага, түүний бүрэн эрх" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Энэ хууль 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
