A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Тамхины хяналтын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.7- 3.1.10 дахь заалт:

"3.1.7."тамхигүй орчин" гэж тамхи татах, тамхины утааг харах, үнэрлэх, мэдрэх, хэмжих боломжгүй орчныг;

3.1.8."дотоод орчин" гэж дээвэр, хана, талуудаар хүрээлэгдсэн орон зай (хийсэн материал, тухайн орон зайг түр хугацаанд буюу байнга ашиглахаас хамаарахгүй)-г;

3.1.9."брэнд өргөтгөх" гэж тамхи, тамхин бүтээгдэхүүний нэр, барааны тэмдэг, лого зэрэг бусад ялгарах онцлогийг тамхин бус бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэтээр ашиглахыг;

3.1.10."брэнд хуваалцах" гэж тамхин бус бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, барааны тэмдэг, лого зэрэг бусад ялгарах онцлогийг тамхи, тамхин бүтээгдэхүүн, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой мэтээр ашиглахыг."

2/4 дүгээр зүйлийн 4.1.5-4.1.9 дэх заалт:

"4.1.5. тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг нээлттэй, хариуцлагатай зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг шаардах;

4.1.6. тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх;

4.1.7. тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүйгээр адил тэгш хандах;

4.1.8. тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг тамхины хяналтын талаарх хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцох болон хөндлөнгөөс нөлөөлөхөөс ангид байлгах;

4.1.9. нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд тамхи үйлдвэрлэгч хөндлөнгөөс оролцох стратеги, арга, уул бодлогыг тамхи үйлдвэрлэгчийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах шаардлага болон тамхи үйлдвэрлэгчийн зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны талаар төрийн бүх шатны байгууллага, олон нийт мэдээллээр хангагдсан байх."

3/5 дугаар зүйлийн 5.1.3- 5.1.5 дахь заалт:

"5.1.3.нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, олон нийтийн боловсрол олгох чиглэлээр тамхи үйлдвэрлэгч, эсхүл түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээд, иргэдтэй хамтран ажиллахаас татгалзах

5.1.4.тамхины хяналтын тухай хууль тогтоомж боловсруулах явцад ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзсэн тохиолдолд тамхи үйлдвэрлэгчээс тавьсан саналыг хүлээн авахаас татгалзах;

5.1.5.тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа төрийн албан хаагч, бусад ажилтны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, хамтран ажиллахаас татгалзах."

4/5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалт:

"5.2.3. тамхи үйлдвэрлэгчээс төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг хүлээж авахаас татгалзах."

5/5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг:

"5.3. Тамхины хяналтын талаар тамхи үйлдвэрлэгч хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

5.3.1. тамхи үйлдвэрлэгч болон түүний 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэлтэй холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байрлуулан нийтэд ил тод байлгах;

5.3.2. эрх бүхий байгууллагаас баталсан тамхины хайрцаг, сав, баглаа боодолд тавигдах стандартыг батлагдсан өдрөөс нь хойш нэг жилийн дотор бүрэн хангасан байх."

6/6 дугаар зүйлийн 6.7.13-6.7.15 дахь заалт:

"6.7.13. интернэтээр тамхи худалдах;

6.7.14. ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах;

6.7.15. баар, цэнгээний газарт тамхи худалдах."

7/6 дугаар зүйлийн 6.8, 6.9 дэх хэсэг:

"6.8.Тамхи, тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

6.8.1.худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах;

6.8.2.энэ хуулийн 6.8.1-д заасан бичиг баримт үзүүлэхээс татгалзсан бол түүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдахгүй байх.

6.9.Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг Засгийн газар батална."

8/8 дугаар зүйлийн 8.1.7-8.1.12 дахь заалт:

"8.1.7. тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх

8.1.8. тамхины хайрцаг, сав, баглаа боодлын гадна болон дотор талд үндэсний стандартад зааснаас бусад, хэрэглэгчийн анхаарал татах аливаа нэмэлт дүрс, үг хэллэг зэрэг мэдээллийг агуулсан байх;

8.1.9.тамхи үйлдвэрлэгчийн брэнд өргөтгөх болон брэнд хуваалцах үйл ажиллагаа;

8.1.10.тамхи үйлдвэрлэгч өөрөө, эсхүл өөр байгууллага, этгээдээр дамжуулан бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бус хэлбэрээр сурталчлах;

8.1.11.тамхины брэндийн дүрс, логог үзвэр, үйлчилгээний газрын орчинд байршуулах;

8.1.12.тамхины талаар худал ташаа, төөрөгдүүлсэн, эсхүл буруу сэтгэгдэл төрүүлж болох бүх төрлийн сурталчилгаа."

9/8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэг:

"8.3.Тамхины хил дамнасан зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглоно.

8.4.Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэхийг хориглоно."

10/13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг:

"13.2. Энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулна."

2 дугаар зүйл.Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт "Нэг удаад зургаан төрлийн анхааруулгын загвар гаргах бөгөөд анхааруулгын загварыг гурван жилд нэг удаа солино." гэсэн 2 дахь өгүүлбэр, мөн зүйлийн 6.7.2 дахь заалтын "ширхгээс" гэсний дараа "цөөнөөр, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг 200 граммаас" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын "тамхи үйлдвэрлэгчээс" гэсний дараа "эрүүл мэнд, боловсрол," гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсгийн "Тамхины" гэсний дараа "бүх төрлийн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Тамхины хяналтын тухай хуулийн дараах зүйл, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2 дахь заалт:

"5.2.1. тамхины хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэнийг тамхинаас гарахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, дам тамхидалтаас сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

5.2.2.тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэл, хор нөлөөний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр иргэдийг хангах;"

2/6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт:

"6.4.1.зурагт анхааруулга нь янжуур тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины сав, баглаа боодлын нүүрэн талын гадаргууны талбайн 50-аас багагүй хувийг эзэлсэн байх;"

3/6 дугаар зүйлийн 6.7.1 дэх заалт:

"6.7.1. тамхины найрлагад агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын хэмжээ болон дуусгавар болох хугацааг заагаагүй;"

4/8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт:

"8.1.1. тамхи, тамхи ороодог цаас, тамхины шүүр, тамхи орооход хэрэглэгддэг төхөөрөмж, тамхины бусад дагалдах хэрэгсэл, тамхи үйлдвэрлэгчийн нэр, лого, тамхин бүтээгдэхүүн, түүний брэндийн нэр, барааны тэмдэг, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой өнгө, өнгөний хослол, үг хэллэг, дизайн, зураг, дүрс, үнэр, дуу авиаг ашиглах, алдартай жүжигчин, тамирчин, урлаг, соёлын ажилтан зэрэг олон нийтийн дунд нэр хүнд бүхий хүнийг оролцуулах замаар тамхийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, хувцасны загвар өмсөх үзүүлбэр, урлаг, спортын тоглолт, уралдаан, тэмцээн, гар утас, бусад шинэ технологи, ханын болон гудамжны самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз ашиглах болон бусад биет байдлаар сурталчлах;"

5/8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт:

"8.1.6. гадна хэлбэрээрээ тамхин бүтээгдэхүүнтэй ижил төстэй чихэр, тоглоом болон тамхин бус бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үнэгүй бэлэг, бүтээгдэхүүний дээж тараах, аливаа хэлбэрийн сугалаа, уралдаан, тэмцээн, хямдрал, урамшуулал, хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлэх зэрэг бусад хэлбэрээр тамхи сурталчлах;"

6/9 дүгээр зүйл:

"9 дүгээр зүйл. Утаат тамхи татахыг хориглох

9.1. Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:

9.1.1.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;

9.1.2.олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;

9.1.3. шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;

9.1.4. зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;

9.1.5. нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;

9.1.6. аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин;

9.1.7. агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;

9.1.8. цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

9.2. Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

9.3.Аж ахуй нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна.

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан анхааруулах тэмдэг нь зөрчил илэрсэн тохиолдолд олон нийтийн мэдээлэл, гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх байгууллагын хаяг, утасны дугаар, албан тушаалтны нэрийг агуулсан байх бөгөөд анхааруулах тэмдгийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална."

7/13 дугаар зүйлийн 13.1.1-13.1.7 дахь заалт:

"13.1.1. энэ хуулийн 6.4, 6.6, 6.7.1-6.7.8, 6.7.10-6.7.12, 6.7.14, 6.7.15, 8.2-т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон сурталчилгааны материалыг хураах;

13.1.2. энэ хуулийн 6.7.9-д заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон тамхи худалдах автомат машиныг хураах;

13.1.3. энэ хуулийн 6.7.13-т заасныг зөрчсөн тохиолдолд интернетийн тухайн веб хуудсыг нэг жилээс доошгүй хугацаагаар хаах;

13.1.4. энэ хуулийн 8.1.1-8.1.3, 8.1.5-8.1.12-т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;

13.1.5.энэ хуулийн 8.1.4-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

13.1.6.энэ хуулийн 9.1-д заасныг зөрчсөн бол иргэнийг, хэрэв зөрчил гаргагч нь насанд хүрээгүй бол түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг 50000 төгрөгөөр торгох;

13.1.7.энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 9.3-т заасныг зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох."

4 дүгээр зүйл.Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын "тасралтгүй нэмэгдүүлэх" гэснийг "Тамхины хяналтын суурь конвенцид заасан түвшинд хүргэх" гэж, 6 дугаар зүйлийн 6.7.6 дахь заалтын "гэж бичсэн" гэснийг "гэсэн утгатай үг бичих буюу түүнтэй адилтгах лого, өнгө, брэндийн дүрс, тэдгээрийн хослол хэрэглэх;" гэж, 6.7.7 дахь заалтын "18" гэснийг "21" гэж, 8 дугаар зүйлийн гарчгийг "Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох" гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн дугаарыг "13.3" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД