- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 1 дүгээрс сарын 17-ны өдөр Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг:
"5.2.Ерөнхий зөвлөл нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд ажлаа тайлагнана."
2/13 дугаар зүйлийн 13.4-13.6 дахь хэсэг:
"13.4.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг нэг удаа улируулан томилж болно.
13.5.Ерөнхий зөвлөлийн гишүүн нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд тохирсон цалин хөлс авч, зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдэлж, хуульд заасан баталгаагаар хангагдана.
13.6.Ерөнхий зөвлөлийн гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд түүний цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлж болно."
3/19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт:
"19.1.4.Ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгосон шүүгчдийн хамтарсан зөвлөгөөн болон Хуульчдын холбоо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эгүүлэн татах шийдвэр гаргасан."
2 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"32.3.Ёс зүйн хорооны гишүүнд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос гурав, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурван хүний нэрийг дэвшүүлнэ. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглоно."
3 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтын "танхим" гэснийг "холбоо" гэж, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн "таван" гэснийг "гурван" гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн "2014 оны 1 дүгээр сарын 01-ний" гэснийг "2013 оны 4 дүгээр сарын 15-ны" гэж, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн дугаарыг "13.7" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн "шүүгч," гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21.б дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
