- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/18 дугаар зүйлийн 18.2.11 дэх заалт:
18.2.11.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх."
2/18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэг:
18.9.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг энэ хуулийн 18.8-д заасны дагуу магадлан итгэмжлэх журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
3/19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэг:
19.10.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ, өдрийн үйлчилгээг үзүүлэх, тухайн хүүхдийг хөгжүүлэх төв, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг холбогдох стандартын дагуу зохион байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн халамжийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран шийдвэрлэнэ.
4/28 дугаар зүйлийн 28.8.11, 28.8.12 дахь заалт:
28.8.11.иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл өгөх;
"28.8.12.өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээнд үр дүнтэй хамруулах зорилгоор эрүүл мэнд, боловсролыг дэмжих зэрэг нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай зуучилж өгөх."
5/31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг:
"31.4.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдах иргэнээс хууль тогтоомжид заагаагүй баримт бичиг ирүүлэхийг шаардах, тухайн иргэний өргөдлийг энэ хуулийн 14.2-т заасан хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлүүлэхгүй орхигдуулсан бол гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн зүйлийн 13.5.6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"13.5.6. байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд Засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламжийг."
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх