- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 30.1.13-30.1.17 дахь заалт нэмсүгэй:
"30.1.13.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, хэрэгжилтийг тайлагнах;
30.1.14.хөдөлмөр эрхлэлтийн мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төлөв байдлын болон ажиллах хүчний ур чадварын хэрэгцээний судалгааг тодорхой давтамжтайгаар хийх, мэргэшсэн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, хэтийн тооцооллын загвар боловсруулах, бодлого зохицуулалтын шийдвэрийн талаар санал гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах;
30.1.15.хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ажиллуулах, шинэчлэх;
30.1.16.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогыг бүрдүүлэх, хөрөнгийн хуваарилалтын төслийг боловсруулах, батлуулах, хөрөнгийг баталсан хуваарийн дагуу зарцуулах, хяналт тавих, тайлагнах;
30.1.17.аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн бирж, гадаадад ажиллах хүч илгээх болон гадаадаас ажиллах хүч авахад зуучлах байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;"
2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн "бодлого эрхэлсэн төрийн захиргааны" гэсний дараа, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.6, 11.7 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн "төрийн захиргааны" гэсний дараа, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн "хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "хөдөлмөрийн асуудал эрхэлсэн" гэснийг "хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн" гэж, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн "төрийн захиргааны байгууллагын даргатай" гэснийг "Засгийн газрын гишүүнтэй" гэж, "төрийн захиргааны байгууллагын дарга" гэснийг "Засгийн газрын гишүүн" гэж, 29.7 дахь хэсгийн "төв байгууллагын дарга" гэснийг "асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтын дугаарыг "30.1.18" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 11.7 дахь хэсгийн "энэ хуулийн 29.1-д заасан" гэснийг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага," гэснийг, 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийн "Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага," гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
