A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 139

Улаанбаатар хот

ТӨСЛИЙН НЭГЖ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"-ын 3.3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл хангах үүрэг бүхий төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулсугай.

2. Асгатын мөнгөний ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулах ажлыг зохион байгуулж, төслийн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, гэрээ байгуулан биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай.

3. Асгатын ордод хийгдсэн геологи, хайгуулын ажлын үр дүн, техник-эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, тооцоолол болон холбогдох бусад судалгааны мэдээ материалаар төслийн нэгжийг хангаж ажиллахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар) болон "Монголросцветмет" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Болор-Эрдэнэд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ