- Нүүр
- Монгол Улсын хууль
- НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нөхөрлөлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах бүлэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:
"3/хязгаарлагдмал хариуцлагатай."
2/10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:
"5/хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувьд нөхөрлөлийн гишүүдэд эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн баримт бичиг."
3/Дөрөвдүгээр бүлэг:
"ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ НӨХӨРЛӨЛ
29 дүгээр зүйл.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.
2.Хуульд хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар зааснаас бусад тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх эрх бүхий иргэн хуулийн этгээдийн бусад хэлбэрээс аль тохирохыг сонгож болно.
3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх нөхөрлөл энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэртэй байна.
4.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах замаар Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
5.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ХХН" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.
6.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь мэргэжлийн үйл ажиллагааг илэрхийлэх өөрийн бэлгэдэл, таних тэмдэгтэй байж болно.
30 дугаар зүйл.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан гэрээний үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээнд доор дурдсан зүйлийг тусгана:
1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2/эрхлэх үйл ажиллагаа;
3/нөхөрлөлийн гишүүний тоо, гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг;
4/удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, регистрийн дугаар;
5/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
6/мэргэжлийн үйл ажиллагааны чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ;
7/шийдвэр гаргах арга, журам;
8/ашиг хуваарилах зарчим;
9/их хэмжээний үнийн дүнтэй болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг тодорхойлох журам;
10/гэрээ байгуулсан он, сар, өдөр;
11/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
2.Нөхөрлөлд шинээр гишүүн орох, эсхүл нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах ба энэ тухай хуулийн этгээдийг бүртгэх эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ.
3.Нөхөрлөлийн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, түүний үнэлгээний талаар маргаан үүсвэл үнэлгээг хөндлөнгийн шинжээч зах зээлийн жишгээр тодорхойлно. Хөндлөнгийн шинжээчийг талууд харилцан тохиролцож томилно.
4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно.
31 дүгээр зүйл.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн удирдлага, хяналт
1.Нөхөрлөлийн эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
2.Бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
1/гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
2/нөхөрлөлийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх;
3/нөхөрлөлийг татан буулгах;
4/нөхөрлөлийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;
5/их хэмжээний үнийн дүнтэй болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх, гэрээ байгуулахыг зөвшөөрөх эсэх;
6/нөхөрлөл гүйцэтгэх удирдлагатай байх эсэх, хэрэв гүйцэтгэх удирдлагын бүтэцтэй бол түүний бүрэн эрх, үүрэг хариуцлагын журам, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
7/гишүүдэд хуваарилах ашгийн хэмжээг тогтоох, хуваарилах журмыг батлах;
8/нөхөрлөлд шинэ гишүүн орох, нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх;
9/гүйцэтгэх удирдлага болон гишүүний саналаар хэлэлцүүлэх бусад асуудал.
3.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлын шийдвэрийг бүх гишүүдийн олонхын саналаар гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна.
32 дугаар зүйл.Нөхөрлөлийн гишүүний эрх, үүрэг
1.Нөхөрлөлийн гишүүн нь эрх, үүргээ нөхөрлөлийн ашиг сонирхолд нийцүүлэн шударгаар хэрэгжүүлнэ.
2.Нөхөрлөлийн гишүүн нь мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэхээр хөрөнгө, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа нэгтгэн нөхөрлөлд оруулах бөгөөд нөхөрлөлийн гишүүний эрх, үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаагаа биечлэн гүйцэтгэнэ.
3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлийн гишүүн тус бүр тэнцүү тооны саналын эрхтэй байна.
4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн аль ч гишүүн нөхөрлөлийг төлөөлж болно.
5.Нөхөрлөлийн гишүүн нь багшлах, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн төрийн бус байгууллагад хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэх, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно.
6.Үйлчлүүлэгч хүсэлт гаргавал нөхөрлөл болон нөхөрлөлийн гишүүн өөрийн хариуцлага хүлээх чадварын талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
33 дугаар зүйл.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл багишүүдийн хариуцлага
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ өөрийн хөрөнгөөр хариуцна. Нөхөрлөлийн гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгөөрөө хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.
2.Доор дурдсан тохиолдолд дараах этгээд дангаараа болон хэсгээр хамтарч хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ:
1/буруутай үйл ажиллагаа явуулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол нөхөрлөлийн гишүүн;
2/буруутай үйл ажиллагаа явуулсан нөхөрлөлийн гишүүний болон бусад этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй гишүүн, эсхүл буруутай үйл ажиллагаа явуулсныг мэдсэн, мэдэх ёстой байсан боловч шаардлагатай арга хэмжээ аваагүй гишүүн.
3.Нөхөрлөлийн гишүүний бусдад учруулсан хохирлыг нөхөрлөлийн хөрөнгөөр тэргүүн ээлжинд барагдуулна. Хохирлыг барагдуулахад нөхөрлөлийн хөрөнгө хүрэлцэхгүй бол энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөх хариуцлага хүлээнэ.
34 дүгээр зүйл.Нөхөрлөлд гишүүн орох, нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх
1.Хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд нөхөрлөлд шинээр гишүүн орж болох бөгөөд нөхөрлөлийн хүлээсэн үүргийг бусад гишүүний нэгэн адил хариуцна.
2.Нөхөрлөлийн гишүүнийг бүх гишүүдийн хурлын олонхын саналаар чөлөөлж болно.
3.Нөхөрлөлийн гишүүнийг доор дурдсан үндэслэлээр чөлөөлнө:
1/гэрээгээр хүлээсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгө оруулах боломжгүй нь тогтоогдсон;
2/гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн;
3/гэрээнд заасан бусад нөхцөл.
4.Нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлөх үндэслэлийг тухайн гишүүнд урьдчилан мэдэгдэх бөгөөд чөлөөлөх асуудлыг гишүүд хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн оролцож тайлбар гаргах эрхтэй. Нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлсөн шийдвэрийг тухайн гишүүнд мэдэгдэнэ.
5.Нөхөрлөлөөс чөлөөлөгдсөн гишүүн уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6.Нөхөрлөлийн гишүүн бусад гишүүддээ 30 хоногийн өмнө мэдэгдсэнээр нөхөрлөлөөс гарч болно.
7.Нөхөрлөлийн гишүүний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсноор нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсанд тооцно.
8.Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 6, 7 дахь хэсэгт заасны дагуу нөхөрлөлөөс гарсан, чөлөөлөгдсөн нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсан тохиолдолд тухайн гишүүнд хуваарилах хөрөнгө, ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг энэ хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримталж, мөн алдагдлыг энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг баримтлан тус тус шийдвэрлэж хуваарилна.
9.Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсан, нөхөрлөлөөс гарсан, чөлөөлөгдсөн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийг гарсан өдрөөс хойш гурван сарын дотор буцаан олгоно."
2 дугаар зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчилсүгэй:
"2/нэг ч гишүүн үлдээгүй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувьд хоёроос доош гишүүн үлдсэн;"
3 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
