- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 3 дахь заалт нэмсүгэй:
"3/энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар тогтоох."
2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "Төрийн өмчийн хороо" гэсний дараа "болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээд" гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын "албан хаагч" гэсний дараа "болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээдийн ажилтан" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1/төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын хуралд төрийг төлөөлөх этгээдийг уг хурлаар хэлэлцэх асуудал бүрээр өгөх саналын удирдамжийн хамт төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд томилох;
2/төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн тухайн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлөх гишүүний нэрийг төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд тухайн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал болгох бөгөөд нэр дэвшүүлэх хороо тэрхүү нэр дэвшигдэж байгаа этгээд нь хуульд заасны дагуу төрийг төлөөлөх этгээд мөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд оруулах үүрэгтэй;"
4 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "Төрийн өмчийн хорооноос" гэснийг "болон төлөөлөн удирдах зөвлөлийн төрийг төлөөлөх гишүүнээр томилогдсон этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс" гэж өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
