- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.5.8-6.5.12 дахь заалт нэмсүгэй:
"6.5.8.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;
6.5.9.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээ байгуулагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;
6.5.10.концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор;
6.5.11.хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээллийг улирал бүр;
6.5.12.улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад үзүүлэлттэй уялдуулсан судалгаа, тооцоог улирал бүр."
2 дугаар зүйл.Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
