- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Иргэний хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/182 дугаар зүйлийн 182.4 дэх хэсэг:
182.4.Эдийн болон эдийн бус хөдлөх хөрөнгийн барьцааны эрхийг гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөрт тооцуулан баталгаажуулах зорилгоор хуульд заасан журмын дагуу барьцааны эрхийн мэдэгдлийг бүртгүүлж болно."
2/190 дүгээр зүйлийн 190.3 дахь хэсэг:
190.3.Хувийн болон гэр бүлийн хэрэгцээний зорилгоор өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, эсхүл ирээдүйд бий болох бүх эд хөрөнгөө барьцаалуулахаар үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна."
2 дугаар зүйл.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсгийн "шаардлагыг" гэсний дараа ", эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"158.3.Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй."
4 дүгээр зүйл.Иргэний хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсгийн "Энэ" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ" гэж, 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн "Барьцааны" гэснийг "Хууль болон барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны" гэж, 156 дугаар зүйлийн 156.4 дэх хэсгийн "хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх буюу бүртгэх байгууллагад бүртгүүлж" гэснийг "барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж" гэж, 157 дугаар зүйлийн 157.1.3 дахь заалтын "энэ хуульд" гэснийг "хууль, гэрээнд" гэж, 182 дугаар зүйлийн 182.2, 182.3 дахь хэсгийн "эрхийг" гэснийг "эрх болон мэдэгдлийг" гэж, 190 дүгээр зүйлийн 190.1 дэх хэсгийн "Гэрээний" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний" гэж, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсгийн "Талууд" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол талууд" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Иргэний хуулийн 162, 163 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
