- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"13 дугаар зүйл.Галт зэвсэг худалдах, эзэмших, улсын хилээр нэвтрүүлэх, галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход
хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
13.1.Галт зэвсэг худалдах, эзэмших, улсын хилээр нэвтрүүлэх, бүртгэх, галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын зорилгоор үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
13.1.1.галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг, галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг;
13.1.2.галт зэвсэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх тусгай зөвшөөрөл олгоход 2 500 000 төгрөг;
13.1.3.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын зорилгоор үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг;
13.1.4.иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг бүртгэж, гэрчилгээ олгоход нэгж бүрээс 10 000 төгрөг;
13.1.5.галт зэвсгийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэж, гэрчилгээ олгоход 5 000 төгрөг;
13.1.6.гадаадын иргэний галт зэвсгийг бүртгэн, улсын хилээр нэвтрүүлж ан агнах зорилгоор ашиглах зөвшөөрлийн хуудас олгоход 250 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют, спорт-сургалтын /уралдаан, тэмцээнд оролцох/ зорилгоор ашиглах зөвшөөрлийн хуудас олгоход 25 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.
13.2.Хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
13.2.1.хуулийн этгээдэд хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2 500 000 төгрөг;
13.2.2.хуулийн этгээдэд хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахад 250 000 төгрөг;
13.2.3.иргэнд хувийн хамгаалалтын мэргэжлийн тусгай зөвшөөрөл олгоход 250 000 төгрөг."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
