- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Засгийн газрын" гэсний өмнө "Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 6О хоногийн дотор, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл зэрэг баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон хугацаанд түүнд өргөн мэдүүлнэ." гэснийг "Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төслийг Улсын Их Хурлаас тогтоосон хугацаанд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ." гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөний" гэснийг "Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
