A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн."

2/3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно."

/Энэ хэсгийн "Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно" гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар дүгнэлтээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/

3/3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

"7.Цэцийн гишүүн Цэцээр хянан шийдвэрлэх маргаантай асуудал болон Цэцийн хянаж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цэцийн хуралдааны явцад ямар нэгэн хэлбэрээр урьдчилан илэрхийлэхийг хориглоно."

4/4 дүгээр зүйл:

"4 дүгээр зүйл.Цэцийн гишүүн

Хэвлэх

1.Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байх ба Цэцийн гишүүд эрх тэгш байна.

2.Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

3.Цэцийн гишүүний бүрэн эрх нь Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно.

4.Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно."

5/5 дугаар зүйлийн 3, 4, 5, 6 дахь хэсэг:

"3.Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.

4.Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно.

5.Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан болон Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, эсхүл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно.

6.Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоож болно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно."

6/6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

"6.Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ."

7/8 дугаар зүйл:

"8 дугаар зүйл.Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт

Хэвлэх

1.Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох хувьдаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхээ энэ зүйлд заасан маргаантай асуудлаар дүгнэлт гарган, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлыг дахин хянан үзэх замаар хэрэгжүүлнэ.

2.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана:

1/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

2/зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

3/Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

4/Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

5/ард нийтийн санал асуулгын талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

6/Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх.

3.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна:

1/Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх;

2/Улсын Их Хурлын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;

3/Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;

4/Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

5/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх.

4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой асуултад хариулна.

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

5.Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно.

6.Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно."

8/12 дугаар зүйл:

"12 дугаар зүйл.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим

Хэвлэх

1.Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд илээр, шууд, тасралтгүй явуулах, талуудыг эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцүүлэх, асуудлыг хамтран хэлэлцэж, олонхийн саналаар, бодитой, энэ хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд чанд нийцүүлэн шийдвэрлэх зарчмыг баримтална."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД