- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Дээд боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг:
4.5.Дээд боловсролын зэрэг олгодог онолын мэдлэг, ур чадвар, дадал бүхий үйлдвэрийн инженер, технологичийг бэлтгэх технологийн коллеж байх бөгөөд технологийн коллежийн хөтөлбөрийн агуулга, багц цагийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно."
2/6 дугаар зүйлийн 6.8, 6.9 дэх хэсэг:
"6.8.Татан буугдcан дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулах хугацаандаа гаргасан тушаал шийдвэр, суралцагчдын нэрс, төгсөгчдийн дипломын хуулбар, сургалтын төлөвлөгөө зэрэг сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбогдох баримт бичгийг татан буугдах шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Үндэсний төв архивт хүлээлгэн өгнө.
6.9.Татан буугдсан дээд боловсролын сургалтын байгууллага төгсөлт хийгээгүй суралцагчийг өөр сургуульд шилжүүлэхдээ түүнийг сургуульд анх элсүүлсэн тушаал шийдвэр, судалсан хичээл, шалгалттай холбоотой материалыг шилжүүлсэн шийдвэрийн хамт шилжин очих сургуулийн захиргаанд хүлээлгэн өгнө."
3/8 дугаар зүйлийн 8.11, 8.12 дахь хэсэг:
"8.11.Дээд боловсролын сургалтын байгууллага боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын магадлан итгэмжлэлийг заавал хийлгэнэ.
8.12.Дээд боловсролын сургалтын байгууллага хөтөлбөрөө сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлнэ."
4/111, 112 дугаар зүйл:
"111дүгээр зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл
111.1.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30 хувь, төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 60 хувь нь тус тус үүсгэн байгуулагчийн төлөөлөл байх бөгөөд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд орох төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
111.2.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 40 хувь, төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын 10 хувь нь 6 жилийн хугацаатай томилогдсон хараат бус гишүүд байх бөгөөд удирдах зөвлөлийг анх байгуулахад хараат бус гишүүдийг үүсгэн байгуулагч томилж, түүнээс хойш шинээр томилох гишүүнийг удирдах зөвлөлөөс байгуулсан хороо нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу тодруулна.
111.3.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 20 хувь нь багш, оюутны төлөөлөл байх бөгөөд багшийн төлөөллийг 2 жилээр, оюутны төлөөллийг 1 жилээр хамт олны хурлаас тус тус сонгоно.
111.4.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 10 хувь нь төгсөгчдийн төлөөлөл байх бөгөөд тухайн боловсролын сургалтын байгууллагын дүрмийн дагуу байгуулагдсан төгсөгчдийн байгууллагын шийдвэрээр 3 жилийн хугацаатай томилно.
111.5.Удирдах зөвлөл нь дарга, нарийн бичгийн даргатай байх бөгөөд тэдгээрийг удирдах зөвлөлөөс 3 жилийн хугацаатай томилно.
111.6.Удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36.11-д заасан чиг үүргээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
111.6.1.дээд боловсролын сургалтын байгууллагын хотхон, барилга байгууламжийн төлөвлөлт, засвар, шинэ барилга байгууламжийн хэрэгцээг тогтоох;
111.6.2.дээд боловсролын сургалтын байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх;
111.6.3.дээд боловсролын сургалтын байгууллагын багц цагийн төлбөр болон үйлчилгээний бусад хураамжийн хэмжээг тогтоох.
112 дугаар зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллагын захирлыг сонгох
112.1.Төрийн өмчийн болон ашгийн төлөө бус дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл нь тухайн боловсролын сургалтын байгууллагын захиралд нэр дэвшигчийг тодруулах "Нэр дэвшүүлэх хороо"-г байгуулна.
112.2.Удирдах зөвлөл нь төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын захиралд тавих нэмэлт шаардлагыг тодорхойлж, батална.
112.3.Нэр дэвшүүлэх хороо нь энэ хуулийн 112.4-т заасан шаардлагад нийцсэн хүнийг тодруулах, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалт зохион байгуулах үүрэгтэй бөгөөд сонгон шалгарсан хүнийг удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
112.4.Захирлын албан тушаалд нэр дэвшигч нь төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй, дээд боловсролын тухайн сургалтын байгууллагыг удирдах мэдлэг, чадвар, туршлагатай иргэн байна."
5/11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг:
"11.7.Ашгийн төлөө дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг Компанийн тухай хуулиар зохицуулна."
6/12 дугаар зүйлийн 12.1.14, 12.1.15 дахь заалт:
"12.1.14.дээд боловсролтой хүмүүсийг дахин мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, ерөнхий боловсролын болон богино хугацааны сургалт эрхлэх;
12.1.15.хуульд заасан бусад эрх, үүрэг."
7/12 дугаар зүйлийн 12.2-12.4 дэх хэсэг:
"12.2.Оюуны болон технологийн нөөцийг ашиглах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор их сургууль, дээд сургууль нь өөрийн үндсэн бүтцэд харьяалагдах сургалт-судалгааны бизнес-инкубатор, технологи дамжуулах төвийг дангаар болон үйлдвэрлэлийн кластерийн тогтолцоогоор байгуулан ажиллуулж болно.
12.3.Дээд боловсролын сургалтын байгууллага Боловсролын тухай хуулийн 39.11-д зааснаас гадна сургалт-судалгааны зориулалт бүхий дараахь нэр төрлийн дэд санг сургууль хөгжүүлэх сангийн дотор байгуулж болно:
12.3.1.ажил олгогчдын захиалга, санхүүжилтээр оюутан сургах, сургалт судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих сан;
12.3.2.тэтгэлгийн сан;
12.3.3.эрсдэлийн сан;
12.3.4.хөрөнгө оруулалтын сан;
12.3.5.тусгай зориулалттай бусад сан.
12.4.Энэ хуулийн 12.3-т заасан санг бүрдүүлэх эх үүсвэр, сангийн зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг хянахтай холбогдсон журмыг удирдах зөвлөл батлах бөгөөд сангийн орлого, зарлагын тайлан нь тухайн сургалтын байгууллагын төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна."
8/13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэг:
"13.6.Багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачааллыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох бөгөөд багшийн ажлын ачааллыг тогтоохдоо түүний мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, суралцагчтай үр бүтээлтэй ажиллах, захиргааны ажилд оролцох нөхцөл, бололцоог харгалзан үзнэ."
9/14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт:
"14.1.4.дангаараа болон их сургууль, дээд сургууль, эрдэмтдийн баг, хуулийн этгээдтэй хамтран ажиллах болон гарааны компани байгуулах."
10/16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалт:
"16.1.8.их сургууль, дээд сургуулийн дэргэд байгуулагдсан гарааны компанид хичээлийн бус цагаар ажиллах, өөрөө гарааны компани байгуулах."
2 дугаар зүйл.Дээд боловсролын тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг:
"4.2.Их сургууль нь бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхээс гадна судалгааны ажил зонхилсон лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдэл хэлбэртэй дээд боловсролын сургалтын байгууллага байх бөгөөд их сургууль нь магистр, докторын сургалт дагнан эрхэлж болно."
2/4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг:
"4.5.Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно."
3/5 дугаар зүйлийн 5.2-5.4 дэх хэсэг:
"5.2.Их сургууль харьяалалдаа дээд сургууль, коллеж, технологийн коллеж, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компани, ахлах сургуультай байж болно.
5.3.Дээд сургууль харьяалалдаа коллеж, технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, эрдэм шинжилгээний хүрээлэн, ахлах сургуультай байж болно.
5.4.Коллеж нь харьяалалдаа политехник коллежтой байж болно."
4/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:
"7.2.Элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно."
5/8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг:
"8.1.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтыг үндсэн болон цагаар гэсэн хэлбэрээр зохион байгуулна.
8.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн үндсэн сургалтын хичээлийн жилийн эхлэх хугацааг дээд боловсролын сургалтын тухайн байгууллага тогтоох бөгөөд хичээлийн жил нь улиралд хуваагдана."
6/8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг:
"8.4.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтыг хөтөлбөрт үндэслэн зохион байгуулах бөгөөд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сургуулийн Эрдмийн зөвлөл хэлэлцэж, сургуулийн захирал батлах бөгөөд сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно."
7/11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг:
"11.1.Ашгийн төлөө бус төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг тухайн сургуулийн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ."
8/12 дугаар зүйлийн 12.1.9-12.1.11 дэх заалт:
"12.1.9.шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө боловсролын магадлан итгэмжлэх байгууллагад хандаж, урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэх;
12.1.10.үйл ажиллагаандаа нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, технологийн судалгаа хийх, шинжлэх ухааны парктай хамтарч ажиллах;
12.1.11.гадаадын болон дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллага, шинжлэх ухааны парк, бусад этгээдтэй өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах."
9/13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг:
"13.1.Их сургууль, дээд сургууль, коллежид мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заах бөгөөд магистр, докторын хөтөлбөрийн хичээлийг докторын зэрэгтэй багш заана. Инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг коллежид мэргэшсэн инженер зааж болно."
10/16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг:
"16.2.Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлнэ".
3 дугаар зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн "Төрийн бус өмчийн" гэснийг "Ашгийн төлөө бус" гэж, мөн хэсгийн "үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээд" гэснийг "удирдах зөвлөл" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын "төрийн бодлогод" гэснийг "төрийн бодлого, дээд боловсролын хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөгөөнд" гэж, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн дугаарыг "4.6" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн "дипломын болон" гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн "Эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөлийн дарга нь тухайн сургуулийн захирал байна." гэснийг, 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалтын ", оюутан, магистрантын эрдэм шинжилгээний ажил удирдах" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.4, 13.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
