- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 281, 291дүгээр зүйл нэмсүгэй:
1/281дүгээр зүйл:
"281дүгээр зүйл.Олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, гэрээг Улсын Их Хуралтай урьдчилан зөвшилцөх, хэлэлцүүлэх
281.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар Улсын Их Хурал соёрхон батлах хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээний эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол түүний орчуулга, гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний хувьд тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөх, хэлэлцүүлэхээр ирүүлнэ.
281.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ, хуулийн төсөл, холбогдох баримт бичгийг хэлэлцэхээс гурав хоногийн өмнө гишүүдэд тараана.
281.3.Чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээний хувьд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо тус тусдаа урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгнө.
281.4.Доор дурдсан олон улсын гэрээний хувьд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгнө:
281.4.1.Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоож байгаа, эсхүл тухайн олон улсын гэрээг байгуулснаар, нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээ;
281.4.2.хүний салшгүй эрх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээ.
281.5.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төслийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлж болно.
281.6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төсөл, баримт бичиг, Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны, эсхүл бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэнэ.
281.7.Байнгын хорооны хуралдаанд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төслийг Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.
281.8.Олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
281.9.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийн талаар ил санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар дараахь санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:
281.9.1.олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, тухайн олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;
281.9.2.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний хувьд тухайн олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх,
281.9.3.олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх.
281.10.Энэ хуулийн 281.9.2-т заасан шийдвэр гаргахдаа тухайн олон улсын гэрээг соёрхон батлахдаа тайлбар хийхээр Засгийн газраас санал болгосон бол тайлбар хийх шаардлагатай эсэх талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг хамтад нь гаргана.
281.11.Энэ хуулийн 281.9.2-т заасан гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Засгийн газарт буцаахгүйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
281.12.Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 281.9.3-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан шалтгааныг арилгасан бол олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлж болно.
281.13.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны, эсхүл Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл энэ тухай санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
281.14.Энэ хуулийн 281.9.2, 281.13-т заасны дагуу хэлэлцүүлэх олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
281.14.1.олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;
281.14.2.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний хувьд тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хууль батлах;
281.14.3.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бусад хуулийн төсөл эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлэх.
281.15.Гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээнээс бусад олон талт олон улсын гэрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурахаас өмнө энэ хуульд заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөнө."
2/291дүгээр зүйл:
"291дүгээр зүйл.Олон талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх
291.1.Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дараахь санал, дүгнэлтийн аль нэгийг гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна:
291.1.1.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах;
291.1.2.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх;
291.1.3.гэрээг тайлбартайгаар соёрхон батлах;
291.1.4.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах.
291.2.Бусад Байнгын хороо, нам эвслийн бүлэг энэ хуулийн 291.1-д заасан олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн бол тус хороо тэдгээрийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзэж болно.
291.3.Нэгдсэн хуралдаан хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооноос оруулсан томьёоллоор ил санал хураалт явуулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.
291.4.Байнгын хороо гэрээг тайлбартайгаар батлах санал гаргасан бол уг тайлбар, мэдэгдлийн төслийг гэрээний хамт нэгдсэн хуралдаанд оруулж тусад нь санал хураалгаж батлуулна.
291.5.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоол батлагдсанд тооцно.
291.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
291.7.Энэ хуулийн 291.1.2-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаас хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн олон улсын гэрээ соёрхон батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бусад хуулийн төсөл эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлж, хуулийн төсөл хэлэлцэх ердийн журмаар хэлэлцэн батална."
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/28 дугаар зүйл:
"28 дугаар зүйл.Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг Улсын Их Хуралтай урьдчилан зөвшилцөх
28.1.Ерөнхийлөгч, Засгийн газар Улсын Их Хурал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах бол уг олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол орчуулгын хамт тухайн олон улсын гэрээнд гарын үсэг зурахаас өмнө Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлнэ.
28.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, холбогдох баримт бичгийг хэлэлцэхээс гурав хоногийн өмнө гишүүдэд тараана.
28.3.Доор дурдсан олон улсын гэрээний хувьд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо тус тусдаа урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгнө:
28.3.1.гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи олон улсын гэрээ;
28.3.2.чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээ.
28.4.Доор дурдсан олон улсын гэрээний хувьд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгнө:
28.4.1.Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоож байгаа, эсхүл тухайн олон улсын гэрээг байгуулснаар, нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээ;
28.4.2.хүний салшгүй эрх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээ.
28.5.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлж болно.
28.6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, холбогдох баримт бичиг, Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны, эсхүл бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэнэ.
28.7.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.
28.8.Олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэртэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
28.9.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийн талаар ил санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар дараахь санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:
28.9.1.олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг бүхэлд нь зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;
28.9.2.баталсан буюу жинхэлсэн олон талт гэрээний эх бичвэрээс бусад олон улсын гэрээний төсөлтэй холбогдуулан зарчмын шинжтэй тодорхой засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх;
28.9.3.олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх.
28.10.Ерөнхийлөгч, Засгийн газрын санал, эсхүл олон улсын гэрээний агуулга, ач холбогдлыг харгалзан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гишүүдийн олонхийн саналаар олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болно.
28.11.Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 28.9.2-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу олон улсын гэрээний төсөлд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнг олон улсын гэрээний шинэчилсэн төслийн хамт Улсын Их Хуралд зөвшилцөхөөр дахин ирүүлнэ.
28.12.Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 28.9.3-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан шалтгааныг арилгасан бол олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний шинэчилсэн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлж болно.
28.13.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл энэ тухай санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
28.14.Энэ хуулийн 28.10, 28.13-т заасны дагуу хэлэлцүүлсэн олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар энэ хуулийн 28.9.1-28.9.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана."
2/29 дүгээр зүйл:
"29 дүгээр зүйл.Хоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх
29.1.Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дараахь санал, дүгнэлтийн аль нэгийг гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна:
29.1.1.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах;
29.1.2.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах.
29.2.Бусад Байнгын хороо, нам эвслийн бүлэг энэ хуулийн 29.1-д заасан олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн бол тус хороо тэдгээрийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзэж болно.
29.3.Нэгдсэн хуралдаан хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооноос оруулсан томьёоллоор ил санал хураалт явуулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.
29.4.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоол батлагдсанд тооцно.
29.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно."
3 дугаар зүйл.Энэ хуулийг Олон улсын гэрээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
